Б.ЭНХТУУЛ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн сэтгүүлч Гомбын Золжаргал бол уншигч таны хэзээний танил. Тиймээс элдэв маяг, ихэмсэг зангүй, энэ эрхмийг танилцуулах гэж гоё үгийн цуглуулга хийх хэрэггүй байх. Тэрээр Монголын сэтгүүлзүй, телевизийн хөгжилд шинийг сэдэж, шинэчлэл хийж яваа чадварлаг уран бүтээлч гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Түүний олон сайхан уран бүтээлээс хүмүүс амьдрал, хайр, ухаарлын үнэ цэнийг олж авдаг болохоор үзэгчид түүнийг “Үдшийн хэмнэл”-ийн Золоо хэмээн дотночилдог. Тиймээс энэ удаагийнхаа “Амьдралын тойрог”-ийн зочноор эрхэм сэтгүүлчийг урьж, амьдрал уран бүтээлийн тухай яриа өрнүүлэв.
ТҮҮНИЙГ ИЛЭРХИЙЛЭХ ЗҮЙЛ УРАН БҮТЭЭЛҮҮД НЬ
Хурал цуглаан, хүндэтгэлийн арга хэмжээ, баяр наадам гээд ямар ч үед саравчтай малгай духдуулсхийгээд, энгийн чөлөөтэй хувцасладаг энэ эрхэм энэ л дүр төрхөөрөө олны сэтгэлд хоногшчихсон. Зарим хүн түүнийг стиль, имиждээ дэндүү үнэн ч хүн гэж хошигнодог ч, түүний энэ байдал хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг, хэлэхээ хэлж, хийхээ хийдэг, ямар нэгэн хэв загварт баригдаж амьдрах дургүй, өөрийнхөөрөө бодож сэтгэдэг нэгэн гэдгийг нь илэрхийлдэг гэж хэлж болно. Тэрээр хэнтэй ч уулзсан хүнийг хүн чанараар нь хүлээж авдаг, албан тушаал, зэрэг дэв ялгаж салгаж харьцдаггүй, амьдралын гүнд нь орж, асуудлыг шийдэх гэдэг орчин цагт тун ховордсон өвөрмөц сэтгэлгээтэй хүн. Түүний энэ занд залуу уран бүтээлчид тун таатай ханддаг гэсэн. Тиймээс олны танил, эрхэм сэтгүүлчтэй тухтай уулзаж, таван үг солих санаатай нэлээд олон хоногийн өмнө цаг товлож, “ZOLJARGAL and SON “ кино студид нь зочилсон юм. Тэрээр бусад сэтгүүлч, уран бүтээлчийн нэгэн адилаар унтах нойр, идэх хоолоо умартан ажил, мэргэжилдээ дэндүү үнэн ч зүтгэдэг нэгэн. Тийм болохоор ажлынх нь цаг завыг харж, амралтын өдөр ганц цагийн чөлөө хүссэн минь энэ. Муу нуухаар, сайн илчил гэдэг. Товлосон цагаасаа яльгүй хоцорч очиход тэрээр Чингэлтэй дүүргийн V дугаар сургуулийн үүдэнд аль хэдийнэ ирчихсэн хүлээж байв. Тэрээр цагийг тун нарийн баримталдаг бололтой юм. Энд уулзсан учир нь түүний уран бүтээлийн студи холгүйхэн байдаг болоод тэр. Биднийг очиход кино студи нь хүн цөөнтэй угтав.
Сэтгүүлч Г.Золжаргалыг хүмүүс ажил, мэргэжилдээ дэндүү үнэнч, мөнгөний төлөө ажиллаж үзээгүй нэгэн гэлцдэг юм билээ. Нэгэн үе хүмүүс түүнийг эцгийнх нь нэрээр, Монголын кино урлагт амьдралаа зориулсан манай алтан үеийн төлөөлөгч, Соёлын гавъяат зүтгэлтэн Ч.Гомбын хүү гэдгээр нь сайн таньдаг байв. Харин одоо тэрээр “Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах алдрыг өөрөө олдог” гэдэг шиг өөрийн бодол, санаагаа онгичин байж, хийж бүтээсэн олон сайхан уран бүтээлүүдээрээ олны танил болж чаджээ. Өөрөөр хэлбэл, түүнийг илэрхийлэх ганц зүйл нь түүний уран бүтээлүүд. Ялангуяа, студийнхээ уран бүтээлч залуустай хамтран хийсэн “Амарбатын нэг өдөр”, “Гарын таван хуруу”, “Тайгын дууч” зэрэг нийгэмд асуудал дэвшүүлсэн, хүнд бодол, эргэцүүлэл хайрласан олон арван чансаатай бүтээл, туурвил түүнд цөөнгүй бий. Тэрээр 2005 оноос хойш хүү З.Батбилэгтэйгээ хамтран “Zoljargal and Son film” нэртэй студи байгуулан ажиллаж байгаа. Телевизийн нийтлэл нэвтрүүлэг, тэр дундаа баримтат киноны төрлөөр түлхүү уран бүтээл туурвиж байгаа учраас сүүлийн үед нийгмийн асуудал хөндсөн, түүх соёл, улс үндэстний соёлын үнэт өв, аж амьдралыг харуулсан олон сайхан бүтээлүүд түүний гараас төрөн гарч байгаа. Тийм болохоор бидний ярилцлага уран бүтээлийн сонин хачнаар эхэлсэн юм.
МҮОНРТ-ИЙН 45 ЖИЛИЙН ОЙ БОЛОХ ГЭЭД ЗАВ МУУТАЙХАН ЯВНА
“Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиж байна даа. МҮОНРТ-ийн 45 жилийн ой болох гээд зав муутай байгаа байх” гэвэл “Харин тийм. Энэ жил МҮОНРТ үүсч байгуулагдсаны 45 жилийн ой энэ сарын 27-нд болно. Энэ ойн өмнө бид олон ажил хийхээр төлөвлөөд байна. Монголын үндэсний телевиз бол Монголын телевизүүдийн анхдагч учраас Монгол Улсад телевизийн урлаг үүсч бий болоход хувь нэмрээ оруулсан, үе үеийн бүх уран бүтээлчдийн тухай дөрвөн боть ном гаргаж байгаа. Энэ ном анх 40 жилийн ойгоор гарах гэж байгаад амжаагүй юм. Энэ ажилд нэлээд том групп ажилласан. Тэгээд техникийн шалтгаанаар, зарим материалыг нь МҮОНРТ-ийн хууль батлагдсантай холбогдуулан засварлах шаардлагатай болсон учраас тухайн үед гаргаж амжаагүй. Эхний гурван боть нь Монголын үндэсний телевизийн хүрээнд, 1967 оноос хойш эхэлж ажилласан бүх ахмад уран бүтээлчийн тухай, дараа нь 2005 онд хууль батлагдсанаас хойшхи телевизийн өөрчлөлт, хийсэн ажлуудын тухай гээд дөрвөн боть номыг саяхан хэвлэлтээс гаргаж өгсөн. Энэ ажилд хоёр жил хагас редактораар ажиллаа. Мөн IV ботийг нь шинээр бичиж дуусгалаа. Дээр нь энэ жил найруулагч Б.Бадар-Ууган агсны 60 насны ойн жил өнгөрч байгаа юм. Гэхдээ энэ тэмдэглэлт ой биш боловч телевиз, кино урлагийн салбарт манай Б.Бадар-Ууган агсны хийж бүтээсэн зүйл маш их байгаа. Би түүнтэй хамт 1983 оноос хойш 2001он хүртэл хамт ажилласан. Нэг өрөөнд олон жил хамт суусан. Бид хоёр нэг нэвтрүүлэг дээр редакцийн найруулагч, уран бүтээлч болж, олон жил хамт ажилласан. Мөн гэр бүлээрээ найзууд байсан учраас хамгийн сайн найзынхаа тухай бас нэг ном бичье гэж бодоод сууж байна. Гэхдээ тэр том ном биш, Б.Бадар-Ууганы амьдралын тухай хамгийн сонирхолтой дурсамжийг сийрүүлэх, нөгөөтэйгүүр уран бүтээлд ханддаг хандлагыг нь залуу уран бүтээлчдэд, найруулагчдад хэрэг болох болов уу гээд бичиж байна. Энэ сард дуусна. Дээр нь баримтат кино нэлээд олныг хийж байна” гэсэн юм.

ГАР НИЙЛСЭН УРАН БҮТЭЭЛЧИД БУЮУ ААВ, ХҮҮ ХОЁР
Сэтгүүлч Г.Золжаргал удам дамжсан уран бүтээлч. Түүний аав Ч.Гомбо гуай кино урлагт бүхнээ зориулж, баримтат киноны найруулагчаар олон жил ажилласан нэгэн. Түүний уран бүтээлд эгэл жирийн ард түмний ариун цагаан сэтгэл, монгол ухаан, монгол хүний ахуй, амьдрал нэвт шингэсэн байдаг. Түүний “Анхны алхам”, “Моторын дуу”, “Хань”, “Давааны цаана даваа”, “Итгэл гомдол”, “Их замын тоос”, “Үүрийн цолмон”, “Хааны сүүлчийн хатан” зэрэг кино нь өнөө хэр нь олон түмний сэтгэлд хоногшин үлдэж, зохиогчийн уран чадвар, зохиол бүтээлийн чанар чансааг гайхуулсаар байдаг. Баримтат кино гэдэг асар их бодож, болсон явдлыг шүүж хийдэг амаргүй төрөл зүйл. Тийм учраас эрхэм сэтгүүлч аавынхаа энэ авьяас чадварыг өвлөн авч, уран бүтээлдээ тусган, өөрөөсөө илүү өрөөлийг таниулах өвчинд автаж яваа нэгэн. Харин түүний энэ занг хүү З.Батбилэг нь үргэлжлүүлж, өдгөө зураглаач, кино найруулагчийн мэргэжил эзэмшин уран бүтээлээ туурвиж явна. Тийм учраас аав, хүү хоёрын урын сан руу бас өнгийв.
2006 ОНООС ХОЙШ 230 ГАРУЙ БАРИМТАТ КИНО ХИЙЖЭЭ, БИД
Өнгөрсөн жил Г.Золжаргал хүү З.Батбилэгтэйгээ хамтран “Тайгын дууч” баримтат киног АНУ-ын Лос Анжелос хотноо болсон олон улсын кино наадамд өрсөлдүүлж, эл бүтээл нь “Өв соёлын шилдэг бүтээл”-ээр шалгарсан. Уг наадамд 36 орны кино урлагт багагүй туршлага хуримтлуулсан уран бүтээлчид оролцож, шилдээ шалгаруулсан гэдгийг кино урлаг сонирхдог хүмүүс андахгүй сайн мэднэ. Энэ үеэр аав, хүү хоёрын бүтээл шалгарсан нь, тэднийг гар нийлсэн уран бүтээлчид гэдгийг нь олонд харуулсан юм. Тус кинонд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын клубын ардын дууны багш Н.Цогбадрах мартагдаж байгаа хуучны дархад, уйгар дуунуудыг нутгийн хөгшчүүлээс сурч хойч үеийн залуустаа сургаж байгааг өгүүлдэг. Мөн хөвч тайгын хүйтэн жаварт хүн ам цөөтэй бага ястнууд хэдэн зуун жилийн турш өвөг дээдсээс бий болгож өвлүүлсэн ёс заншлаа марталгүй авч явах гэж, хичээж зүтгэж байгааг дархад ястны өдөр тутмын амьдралаар зураглан харуулдаг. Энэ мэтчилэн аав, хүү хоёрын урын санд монгол ахуй үнэртсэн, ёс заншлаа дээдэлсэн, нийгэмд олон янзын асуудал дэвшүүлсэн уран бүтээл цөөнгүй байдаг. Энэ тухай асуувал “Баримтат киногоо телевиз дээрээ гэхээсээ илүү “ZOLJARGAL and SON” кино продакшн дээрээ хийж байна даа. Би хүүтэйгээ болон хамт нэг сургууль дүүргэсэн оюутнуудтай нь хамтарч ийм студи байгуулсан юм. Тийм болохоор гол төлөв эндээ л ажилладаг даа. Бид 2006 оноос хойш 230 гаруй баримтат кино хийжээ. Энэ хугацаанд уран бүтээлийн баримтат кино 40 орчим байгаа байх. Бусад нь захиалгатай баримтат кино байдаг юм. Уран бүтээлийн баримтат кино бол цэвэр киноны төрөл жанртаа багтахаар кинонууд байдаг. Энэ жилийн хувьд, би өнгөрсөн жил хөдөө явж авсан зурагнуудаа эргэж хараад, тэндээсээ дүгнэлт хийгээд “Хөхийн голын хүүхдүүд” гэсэн баримтат кино хийсэн. Хамгийн том бүтээл бол жил хагасын өмнө өсвөрийн шатрын дэлхийн аварга Оюун-Эрдэнийн тухай бүрэн хэмжээний баримтат кино хийсэн. Арван настай хүүхэд яаж дэлхийн аварга болдог юм бэ. Шатрын хөлгөн дээр бодол нүүдэл хийж байгаа хүүхдийн тархинд хэчнээн хувилбар, хэдэн нүүдэл байна вэ. Энэ бүхэн ямар үнээр тэр жаахан хүүхдэд ачаалал ирж, түүнийг даван туулж аврагын болзолыг хангадаг юм бэ гэдгийг харуулсан. Энэ кино саяхан үзэгчдийн хүртээл болсон. Хүмүүс үзсэн байх.
Мөн амьдралдаа 100 гаруй мянган хүнд мэс засал хийсэн, хүний гавьяат эмч, одоо нас сүүдэр 76 хүрч байгаа Санжаа докторын тухай, түүний охин бас нүдний тэргүүлэх зэргийн мэс засалч, зээ нь бас мэс засалч. Ингээд гурван мэс засалчийн тухай”Мэлмий бурхад” гэж баримтат кино хийсэн. Мөн одоо Монгол Улсад балетын урлаг үүссэний анхны мэргэжилтэй боловсон хүчин төгсч ирээд 50 жил болж байна. Тиймээс балетын урлагийн 50 жилд зориулаад уран бүтээлийн бас нэгэн баримтат кино хийж байна. Энэ киногоо арваннэгдүгээр сард дуусгана. Дээр нь 1945-1958 он хүртэл үргэлжилсэн Улаан тарианы экспедизийн анги гэж бий. Тэр үед Зөвлөлтийн эмч нарыг дагаж явсан 19 настай сувилагч охины тухай, одоо 80 гарсан, өндөр настай хүний тухай, энэ хүний амьдрал дээр суурилж, судалгаа хийгээд кино хийж байна. Үүнийгээ бас энэ намар дуусгана. Баримтат киноны тухай гэвэл иймэрхүү л сонин хачинтай сууна даа” гэв. Бидний уран бүтээлийн яриа энэ хүрээд түр завсарлав.
ААВ, ЭЭЖ ХОЁР МИНЬ КИНО ҮЙЛДВЭРТ АНХ ТАНИЛЦАЖ, АЙЛ БОЛЖ БАЙСАН
Харахад нэг л зөөлөн зан ааштай болов уу гэмээр энэ хүн цаанаа ажил хэрэгч, шулуун шударга байхыг эрхэмлэдэг нэгэн аж. Сэтгүүлч хүн үргэлж шинийг сэтгэж, байх ёстой гэдэг шиг эрхэм сэтгүүлч ах цаг үргэлж л оюуны ордоо онгичин байж, сэтгэлдээ ямар нэгэн зүйлийг эрэлхийлж, шинэ санаа хайж явдаг бололтой юм. Магадгүй энэ зан нь уран бүтээлч гэр бүлд төрж, өссөнтэй ч холбоотой байж болох. Ингээд бидний ярилцлага аав, ээжийн ажил мэргэжил, анх сэтгүүлзүйн салбарт хөл тавьсан тэр үеийн сонин хачныг дурсав.
Түүний аав, Чимэдийн Гомбо гуай Дорнод аймгийн Цагаан-Овоо сумынх. Харин ээж Цэцгээ нь Сэлэнгийнх аж. Гэхдээ Улаанбаатар хотод төрж өссөн байдаг юм. “Аав, ижий хоёр маань хоёулаа кино үйлдвэрт ажиллаж байхдаа анх танилцаж, айл болж байсан. Ээж маань 19 настайдаа Кино үйлдвэрт монтажчин хийдэг байсан. Харин аав маань Кино үйлдвэрт тохиолдлоор ажилд орж байсан гэдэг юм. Би энэ тухай намтрыг нь бичээд, нэг дурсамжийн ном эмхэтгэж байгаа. Аав маань Германд суралцаж байхдаа бие нь гэнэт муудаад, эмчилгээгүй гээд ирэхэд нь найз нөхөд нь Бээжин явж, эмчлүүлээд, бие нь сайжраад цоо эрүүл болсон гэдэг юм. Энэ эмчилгээний учрыг одоо ч олоход хэцүү санагддаг юм. Тэгээд 1960 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулж “Монголын сайхан орон” гэдэг киног Германы уран бүтээлчидтэй хамтран хийхээр болж, энэ ажилд аав маань орчуулагчаар томилогдож, кино урлагийн салбарт анх хөл тавьж байсан түүхтэй. Төлөвлөсөн ажил нь дуусахад найруулагч Дашдорж гуай аавыг минь Кино үйлдвэрт ажилд орохыг санал болгосон гэдэг юм” хэмээн тэрээр ярив. Тэгээд Ч.Гомбо гуай 1960 оноос кино мэдээнд туслах найруулагчаар ажилд орж, кино урлагтай амьдралаа холбожээ. Тэр үед бичгийн эрдэмд чамгүй сайн суралцсан, бичих, найруулах авьяас чадвар нь бусдаас илүү байсан учраас түүний ажлын үр дүнг ахмад уран бүтээлчид үнэлж, амьдралын нарийн ширийн зүйлд суралцаж, энэ салбарт илүү их зүйл хийхийг санал болгожээ. Энэ нь Ч.Гомбо гуайд их л урам зориг өгч, хөдөө явж, хүмүүстэй уулзаж, хүний амьдралын зовлон жаргал, эрээн бараан бүхнийг ялгаж салгаж ойлгож, хүлээж авдаг болгожээ. Нөгөөтэйгүүр, “Аав минь багадаа хүнд хэцүү амьдрал туулж өссөн болохоор хүний дотоод сэтгэлийн нарийн ширийн зүйлийг их сайн ойлгодог тийм хүн байсан” гэх хүүгийн дүгнэлт нь Монголын кино урлагт нэрээ мөнхөлж, хүний амьдралын бүхий л утга учир, үнэ цэнэ, бодрол, ухаарлыг дэлгэцийн хальснаа мөнхөлж үлдээх, баримтат киноны хөгжлийг зөв голдирлоор хөгжүүлж, уран чадвар хийгээд сэтгэлгээний шинэ төвшинд хүргэхийн тулд бүхнээ зориулахад хүргэсэн ч байж болох юм.
Ч.Гомбо гуай 1966 онд уран бүтээлийн ажлыг эхэлж, “Анхны алхам”, “Моторын дуу”, “Хань”, “Давааны цаана даваа”, “Итгэл гомдол”, “Их замын тоос”, “Үүрийн цолмон”, “Хааны сүүлчийн хатан”, “Хүний төлөө”, “Хэцүү ван Тогтохтөр”, “Эцгийн голомт” зэрэг бүрэн хэмжээний кино зохиол бичжээ. Сэтгүүлч Г.Золжаргал “Аавын минь хийсэн кинонууд өдөр болгон шахуу телевизээр гарч байгааг нь хараад цаг үеийн биш мөнхийн сэдвээр хийж дээ гэж бахархаж суудаг юм. “Гэрлэж амжаагүй явна”, “Хань”, “Давааны цаана даваа” гээд сүүлд гарсан телевизийн олон ангит “Эзэнгүй айл” гэх зэрэг кинонд бидний өдөр тутмын мөнхийн асуудлыг гаргаж тавьснаараа хэзээ ч хоцрогддоггүй. Аав маань баримтат киноны найруулагч хүн мөртлөө уран сайхны киног маш сайн бичдэг байсан” хэмээн аавынхаа тухай олон сайхан дурсамжийг дэлгэв.
БИ АНХ КИНО НАЙРУУЛАГЧИЙН АНГИД ОРОХ ГЭЭД ЧАДААГҮЙ ЮМ
Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал эцэг, эхээс дөрвүүлээ аж. Тэрээр доороо гурван эмэгтэй дүүтэй гэнэ. Дүү нар нь гурвуулаа өөр өөр чиглэлээр ажилладаг бөгөөд багш, химич, эмч мэргэжилтэй гэнэ. Одоо гурвуулаа Америкт амьдардаг гэж байсан. Эрхэм сэтгүүлч маань “Би бага насаа кино үйлдвэрийн хашаанд өнгөрөөсөн. Намайг наймдугаар ангид сурч байхад манайх анх байшинд орж байсан. Мэдээ орох үедээ л би кино үйлдвэрийн хашаанд, кино аппратаар яаж кино авдаг гээд бүгдийг нь багаасаа мэдэж өссөн. Жолооч аавтай хүүхэд машин дотор нь суусаар байгаад, машин барьж сурдагтай адил би тийм л орчинд өссөн” гэж байв.
Тэрээр аравдугаар ангиа төгсөөд, аавынхаа мэргэжлийг өвлөж, кино найруулагч болохоор шийджээ. Гэтэл Москвагийн их сургууль кино найруулагчийн ангид элсэх шинэхэн оюутанд өөрийнхөө хийсэн уран бүтээлтэйгээ ирэх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байна. Тийм болохоор найруулагчийн ангиасаа татгалзаж, сэтгүүлч мэргэжлээр суралцжээ. Тэрээр эндээс явахдаа телевизийн нэр дээр сургуульд явсан учраас 1983 онд сэтгүүлчийн диплом өвөртөлж ирээд, үндэсний телевизид орж ажиллажээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл камер барьж, сурвалжлаганд явж, нэлээд олон баримтат кино, нийтлэл нэвтрүүлэг хийжээ. Үүнийхээ хажуугаар нэлээд олон ном бичсэн гэж байв. Одоо түүнд сэтгүүлчийн уран бүтээлээс бүрдсэн сурвалжлага, ярилцлага, тэмдэглэлээс бүрдсэн нэг ном, хоёр орчуулгын ном, уран бүтээлчийн ном бий гэсэн.
БУРХАН НАДАД САЙН ААВ БАЙХ ХУВЬ ТАВИЛАН, САЙХАН ХҮҮ, ОХИН ХОЁР, СЭТГЭЛ ТАТСАН МЭРГЭЖИЛ ЗАЯАСАН
Үзэгчдийн сайн мэдэх “Үдшийн хэмнэл”-ийн Золоо буюу үндэсний телевизийн сэтгүүлч Г.Золжаргалын амьдрал, уран бүтээл олны өмнө нээлттэй байдаг гэхэд бараг хэлсдэхгүй байх. Тэрээр уран бүтээлийн тал дээр одтой, хийморьтой явдаг ч хувийн амьдралдаа жаахан бүтэл муутай явдаг гэж ярих хүмүүс бас байдаг. Учир нь тэрээр одоо хүү, охин хоёртойгоо амьдардаг аж. Түүний амьдралд хань болох бүсгүйчүүд таарч байсан ч, яагаад ч юм бэ, сэтгэл зүрх нь торгоны хээ шиг эвлэж таараагүй гэх юм билээ. Тийм болохоор энэ удаа элдвийг асууж зүрхэлсэнгүй. Учир нь, тэрээр өмнө нь хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Өмнө нь би 2-3 хүнтэй амьдрах гэж үзсэн, болоогүй. Гэхдээ хүүгийнхээ биеийг тэнхрүүлэхийг л хичээхээс хүнтэй суух тухай бодох ч завгүй явсаар 10 гаруй жил өнгөрч. Би өөрийгөө хүнтэй таарахааргүй тийм муухай ааш, авиртай амьтан гэж боддоггүй. Надтай ханилж, зовлон жаргалаа хуваалцаж явсан бүсгүйчүүд ч тийм гэж хэлж байгаагүй. Би ажил амьдрал эмхлэх, хар, бор юм хөөцөлдөхдөө их муу. Уран бүтээлээс өөр хийж чадах юмгүйдээ л хүүхнүүдэд гологдоо биз. Надад сайн хань заяагаагүй шиг байгаа юм. Бурхан надад гурван юм заяагаагүй юм байна даа гэж заримдаа боддог юм. Нэгд сайн хань, хоёрт сайн машин, гуравт хангалттай мөнгө. Бурхан надад гурван юм заяагаагүйнхээ хариуд сайн аав байхын төлөө хичээх арга, чармайлт, сайхан хүү, охин, тэгээд хэзээ ч ханаж дуусашгүй мэргэжил гэсэн гурван сайн юм заяасан. Энэ бүгдийнхээ хүчээр жаргалтай сайхан амьдарч байна” хэмээн хариулсан байдаг юм билээ. Тиймээс хүү, охин хоёрынх нь ээж, анхных нь эхнэрийн тухай асууж сонирхлоо.
ЭХНЭР МААНЬ МАНАЙ КИНО ҮЙЛДВЭРИЙН ХҮҮХЭД БАЙСАН. БИД БАГАДАА ТАНИЛЦАЖ БАЙВ
“Би эхнэртэйгээ анх бүр жаахан байхдаа танилцаж байсан. Эхнэр маань манай кино үйлдвэрийн хүүхэд байсан. Зусланд гардаг байхдаа бид их найзалдаг байлаа. Тэгээд том болоод суусан. Манай хүүгийн өвөө нь, кино зургийн дарга Жамбал гэж хүн байсан. Жигжид гуайн бүх кинонд зургийн даргаар ажилласан хүн. Мөн манай эхнэрийн төрсөн ах нь Ж.Асалбай гэж 16-17 кино зурганд явсан, кино оператор хүн байсан. Одоо өөд болсон. Манай киноныхон биднийг сайн мэднэ.
Манай хүү 2001 онд кино урлагийн их сургуульд орсон. Охин маань ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан гимнастикч. Спортын мастер болоод зодог тайлсан. Угаасаа гимнастик гэдэг их богинохон настай. Эмч болно гээд анагаахад шалгалт өгсөн оноо нь жаахан дутсан. Тэгээд их сургуулийн хүнсний технологийн ангийг төгсөөд түүгээрээ Солонгост магистр хамгаалсан юм. Хүнсний технологич мэргэжилтэй. Эхнэр маань биеийн тамир спортын улсын хорооны нарийн бичгийн даргаар ажилладаг. Бид хоёр 1994 онд хоёр тийш болсон. Түүнээс хойш 17 жил болж байна. Бид ажил төрлийн шугамаар байнга харилцаатай байдаг. Ээж нь хүүхдүүддээ анхаарал тавьдаг” гэсэн юм.

Г.Золжаргал: Надад амралт байдаггүй. Би огт амраагүй яваа
Ярилцлагынхаа төгсөлд түүний уран бүтээл, ажил мэргэжилтэй холбоотой хэдэн асуултад хариулт авав.
-Өнгөрсөн жил та Монгол улсад эрүүлийг хамгаалахын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулж эмч нарын тухай олон ангит уран сайхны кино хийгээд зав муутай явсан. Энэ жил танай телевизийн уран бүтээлчдийг бас дахиад эмч нарын тухай кино хийж байгаа гэж байсан болохоор таныг бас л завгүй яваа болов уу гэж бодож байлаа?
-Манай телевиз дээр хэд хэдэн том төсөл хэрэгждэг юм. Түүний нэгийг нь бид өнгөрсөн жил хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд эмч нарын тухай “Өдөр, өдрийн нар” гэдэг уран сайхны кино зохиолыг МЗЭ-ийн шагналт зохиолч М.Эрдэнэбаттай хамтарч бичсэн. Энэ кино маань 60 ангитай. Тийм болохоор киноныхоо зураг авалтыг хийх гэж эмнэлэг дээр л өнжсөн дөө. Түүнээс гадна Хавдар судлалын алба байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж бид нар бас нэг том хэмжээний кино хийсэн. Тэрийг студи дээрээ хийсэн. Ер нь бол би эрүүл мэндийн сэдвээр жилд 4-5 баримтат кино хийдэг юм. Одоо бодоход, гуч гаруй баримтат кино хийсэн байна шүү.
-Монгол эмч нарын ур чадвар дэлхийн хаана ч гологдохооргүй болсон. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, элэг цөсний дурангийн хагалгааг Монгол эмч нар өөрсдөө гардаж хийдэг болоод удаж байна. Харин үүнийг кино хальсанд буулгаж, мөнхжүүлж байгаа нь тун нүдээ олсон ажил юм шиг санагддаг. Энэ жил ямар кино байна вэ. Ер нь та хэзээнээс энэ чиглэлээр баримтат кино хийх болсон юм бэ?
-Би их олон жил америк эмч нартай хөдөө явж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах ажилд оролцсон. Бараг 11 жил явсан. Тэдэнтэй явж байхад Монгол эмч нарын ур чадварыг маш их гайхаж, биширдэг байсан. Хэдийгээр танай эмч нар ажиллах нөхцөл бололцоо тааруухан ч гэсэн чадвартай юм. Үүнийгээ хүмүүст, дэлхий нийтэд харуулах ёстой. Хоёрдугаарт, өнөөдөр хийж чадаж байгаа зүйлээ хойч үедээ түүх болгож, судлагдахуун болгож үлдээх ёстой. Энэ нь танай эрүүл мэндийн салбарын хөгжлийн бас нэгэн түүх болж үлдэнэ гэсэн юм. Тийм болохоор эмч нарт суурилсан, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын тухай болон дурангийн хагалгааны тухай гэх мэтчилэн их олон баримтат кино хийсэн. Энэ жил “Улаан тарианыхан” киног хийж байна. Одоо зүрхний Баасанжав гуайн тухай сайхан кино хийх юмсан гэж бодож явдаг. Бид хоёр яриад л яваад байгаа юм. Үнэндээ, Монголын бүх мэс засалчид Баасанжав эмчийн шавь байдаг юм билээ.
-Та энэ их ажлыг хэдийд нь яаж амжуулдаг байна аа. Амрах зав ер нь гардаг юм уу. Энэ жил та амарсан уу?
-Надад амралт байдаггүй шүү дээ. Би огт амраагүй л яваа. Телевиз дээр 13 сар ажиллаад амрах ёстой байдаг. Гэтэл би амраагүй л яваа. Амралтаа авсан ч би студи дээрээ ажилладаг учраас надад амралт бараг байдаггүй юм. Миний амьдрал өглөөний 7 цагт телевиз дээрээс эхэлдэг. Тэндэх ажлаа амжуулчихаад өдрийн 15 цагт студи дээрээ ирдэг. Тэгээд л оройны 23 цаг хүртэл үргэлжилнэ дээ.
-Ийм их зүйлийг төлөвлөж ажилладаг хүн цаг их нарийн баримталдаг байх даа?
-Гэр, ажил, студи гурав ойрхон л байх ёстой гэж боддог доо. Тийм биш бол замын түгжрэлд ихэнх цагаа өнгөрөөх байсан байх. Бас төлөвлөгөөгөө сайн гаргаад ажиллах юм бол энэ бүхнийг зохицуулж болно гэж боддог юм.
-Аав хүү хоёр хамтарч уран бүтээл хийх сайхан байдаг байх. Гол төлөв ямар уран бүтээл дээр хамтарч ажилладаг вэ?
- Бид хоёр бүх л кинон дээрээ хамтарч ажилладаг даа. Өнгөрсөн жил Лос Анжелос болон Нью Йорк хотноо болсон олон улсын кино наадамд тэргүүн байр эзэлсэн “Тайгын дууч” кино байна. Мөн Ази, Номхон далайн телевизүүдийн холбооны баримтат киноны үзлэгт бас гуравдугаар байранд орсон байсан. Тэгэхээр бид өөрсдийн хийж байгаа уран бүтээлээ болж байна гэж бодохоос гадна гадны уран бүтээлчдээс суралцах, гадаад улс орны хөгжилтэй харьцуулахад бид ямар төвшинд явж байн а гэдгээ мэдье гэсэн зорилгоор кино фестивальд оролцсон юм. Олон улсын кино наадамд бид 2006 оноос оролцож эхэлсэн. 2006 онд Их Британий Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “Хүүхдийн эрхийн төлөө” хэвлэл мэдээллийн аянд оролцож “Амарбатын нэг өдөр” бүтээлээрээ амжилттай оролцож байсан. Дараа нь Киргизд зохиогдсон Хүний эрхийн сэдэвт олон улсын кино наадамд “Гэртээ л нэг сайхан харихсан”, “Гарын таван хуруу”-гаар бас тэргүүн шагнал авч байсан. Гэхдээ шагнал авах нь гол биш юм. Бид амьдралыг ойлгож, үзэж харж, шаналж байгаа энэ бүх сэтгэлийн их эрэл хайгуул маань бусад улс орны хэмжээнд хаахна явна вэ гэдгийг олж харах нь чухал юм. Тэгж байж уран бүтээлийнхээ үнэлэмж, шалгуурыг үзэх хэрэгтэй болж байгаа юм. Энд бие биенээ магтах, муулах нь нэг янз, бид нарын санаа зовж байгаа зүйл өнөөдөр дэлхий нийтийн асуудал мөн үү биш үү гэдгийг баримтат кино л хэлнэ. Тэгэхдээ баримтат кино гэдэг дотроо олон янз. Байгалийн, шинжлэх ухааны, түүхийн гээд маш олон сэдэвтэй байна. Уран бүтээлийн сэдэвтэй байна. Миний уран бүтээл бол хүний амьдрал, өчигдөр, өнөөдөр, маргаашийн цаг хугацааг харуулсан, хүний дотоод сэтгэлийг уудалсан, болж байгаа үйл явдлын бодит мөн чанарыг эрч хайхыг эрмэлзсэн кинонуудыг хийдэг. Яагаад гэвэл, миний аав үргэлж тийм кино хийдэг байсан. “Эр хүн зорьсондоо”, “Морьтой дарга”, “Ая ээж”, “Цаст алтайн адуучид” гээд дандаа хүний тухай кино хийдэг байсан. Тэр кинонуудыг үзэхэд хүний сэтгэлд үргэлж нэгийг бодогдуулж байдаг, иш мухардчихсан хүнд нэгийг санаж, сэдэх ухаан хайрлаж байдаг юм. Ерөнхийд нь зохиогчийн кино л гэж нэрлэдэг дээ.
-Одоо та хүүтэйгээ хамтраад ажиллаж байна. Харин аавтайгаа хамтарч уран бүтээл туурвих боломж хэр байсан юм бол?
-Аавтайгаа хамтарч уран бүтээл хийж байгаагүй. Намайг баримтат кино хийж эхлэх үед 2004 онд аав маань тэтгэвэртээ гарчихсан гэртээ сууж байсан. Ардчилал гараад кино үйлдвэр улсын төсөвгүй болохоор уран бүтээлчдийг нь чөлөөт уран бүтээлч гээд бүгдийг нь гаргасан. Гэртээ сууж байх хугацаандаа аав “Эзэнгүй айл”, “Алтан хөршүүд” гэж хоёр цуврал кино хийсэний нэгийг нь “Улаанбаатар” телевиз их зоригтой өлгөж аваад, кино болгосон. Эзэнгүй айл кино бол Монголын анхны олон ангит кино. Түүний дараа 2001 онд “Алтан хөрш” гээд кино нь гарсан.
-Ер нь “Үдшийн хэмнэл”-ийн Г.Золжаргал хэзээнээс баримтат кино хийж эхэлсэн юм бэ?
-Би 1989 оноос хойш телевизийн сурвалжлаганд явсан гэж бодохоор бараг 20 жил сурвалжлаганд явж. Энэ бүхэн маань намайг баримтат кино хийхэд нөлөөлсөн байх. Энэ хугацаанд би маш олон хүнтэй уулзсан. Хүний сэтгэлийн гүнд хүрч ажиллахсан гэж хичээж явсан. Хүний амьдралын гүнд хүрч ажиллахад, тэнд гуниг зовлон, айдас хүйдэс, харуусал, эмгэнэл их байдаг. Ингэж янз бүрийн зүйлтэй учирч явсан минь, “Үдшийн хэмнэл”-д хийж байсан сурвалжлагнууд маань баримтат кино хийх бэлтгэл болсон. Телевизийн нэвтрүүлэг бол ганц өдрийн настай, тэр оройдоо л гараад өнгөрчихдөг. Гэтэл баримтат кино бол бидний хажуугаар урсан өнгөрч буй цаг хугацааг хальсан дээр буулгаж, тэрэн дээр хүн өөрийгөө болон болж байгаа үйл явдлыг бодох хэрэгтэй болдог учраас нэвтрүүлгээс арай өөр байдаг. Та бид хоёр өчигдрийн өнгөрсөн цаг хугацааг дурсана уу гэхээс ухаарч ойлгохгүй явдаг. Баримтат кино бол цаг хугацааны ээдрээтэй агшин бүр дээр зогсч очоод, эргэж бодуулдаг, ухааруулдаг, ойлгуулдаг. Би ийм чиглэлийн л уран бүтээл хийдэг. Ер нь баримтат кино хийнэ гэдэг бол маш их тэвчээр бас их хугацаа шаардагддаг. Зураг авалтыг өвөл, хавар, зун, намар авах хэрэгтэй болдог. Тэр хүний амьдралд тохиолдож байгаа үйл явдлыг хүлээж байгаад авах хэрэгтэй болдог. Тийм учраас нэгэн зэрэг их олон кино эхлүүлчихдэг юм. Зураг авалтыг нь зун авчихдаг бол өвлийнхөө зураг авалтаыг хүлээх гэх мэтээр амжуулдаг даа.