Б.ЭНХ
Найз бүсгүйгээ зодож амийг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан Г.Алтанхүү Өршөөлийн хуульд хамрагдаж эрх чөлөөтэй болсон билээ. Хоёр жилийн өмнө 21 настай бүсгүй биедээ олон тооны зодуурын шархтайгаар ГССҮТ-д хүргэгдэж нас барсан. Цагдаа нар хэрэгт талийгаачийн найз залууг сэжиглэн шалгах явцад хохирогчийн аминд хүрсэн байж болзошгүй ноцтой баримтууд олдсоор байсан билээ. Гэр бүлийн хүчирхийлэл байж болзошгүй уг хэрэгт Төрийн тэргүүн хүртэл анхаарал хандуулж, хэргийг шударгаар шийдэхийг холбогдох албаныханд сануулж байлаа. Гэвч хэрэг гарснаас хоёр жилийн дараа Г.Алтанхүү эрх чөлөөтэй болсонд хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байна. Талийгаач бүсгүйн нагац эгч Д.Сүрэнхорлоогоос дараах мэдээллийг тодрууллаа.
-Таны дүү амиа алдсанаас хойш хоёр жил өнгөрлөө. Хэргийн шийдвэрлэлт багагүй хугацаа авлаа?
-Юугаар ч нөхөж баршгүй сайхан үрээ алдчихаад ямар сайхан байх вэ. Хэргийн үнэн мөнийг шийдвэрлэх гэж багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн бидний бодсоноор болсонгүй.
-Хэрэгт сэжиглэгдсэн Г.Алтанхүү Өршөөлийн хуульд хамрагдаад эрх чөлөөтэй болсныг хэлж байна уу?
-Бид хуулийг сайн мэдэх биш дээ. Өршөөлийн хууль батлагдсан, хуульд хамрагдсан л гэх юм билээ. Уг нь арай ч ингээд эрх чөлөөтэй болчихно гэж бодсонгүй.
-Одоо хэргийн шийдвэрлэлт ингээд өнгөрч байна уу даа?
-Одоо яах ч билээ. Талийгаачийн хөгшин аав ээж хоёр нь хотод ирчихсэн эмнэлгээр явж байна. Нас өндөр гарсан хүмүүс болохоор байнга эмнэлэг эргүүлж байна.
Төр иргэнээ хамгаалдаггүй юм байна. Тааруу амьдралтай хүмүүст гарц байдаггүй юм байна гэдгийг ойлголоо. Үхсэний хохь болж, амьд үлдсэн нь ял завшаад өнгөрдөг болж дээ. Манай улсын хууль тийм зөөлөн юм уу, эсвэл арын хаалгаар эрх чөлөөтэй болчихдог юм уу, ойлгох юм алга даа эгчид нь. Ганц манайх ингэж элэг эмтэрч байгаа биш. Ийм зовлон олон хүнд тохиолдох болжээ.
-Та бүхэн нэхэмжилсэн хохирлын мөнгөө авсан уу?
-Хэрэг гарсны дараахан Г.Алтанхүү таван сая төгрөг өгсөн. Түүнээс өөр ямар нэгэн хохирлын мөнгө өгөөгүй ээ. Харин хэвлэл мэдээллээр охиныхоо амийг 20 гаруй сая төгрөгөөр солилоо гэсэн мэдээлэл гарсан байсан. Тэр мэдээлэлд маш их эмзэглэсэн.
Эх сурвалж: www.polit.mn