Б.САНСАР

Сербийн иргэн болоод удаагүй байгаа Холливудын тулаантай киноны мастер Стивен Сигал тус улсын нийслэл Белград хотноо 1928 онд хаалгаа нээсэн Европ дахь анхны буддын сүмийг сэргээн босох хүсэлтэй байгаагаа “Sputnik” цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Оросын иргэний дайнаас дайжин дүрвэж ирсэн халимагууд тус сүмийг байгуулан ажиллуулж байсан түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1944 оны Белградын төлөө тулалдаанд маш их гэмтсэн буддын сүмийн барилгыг хожим бүрэн нураасан аж.

Буддын шашинтай, монгол эхнэртэй алдарт жүжигчин, “Би Европ дахь анхны буддын сүмийг сэргээн босгох ажилд дуртайяа гар бие оролцоно. Одоо би халимагийн ард түмний эмгэнэлт түүхийг судалж байгаа, үүнтэй холбоотой зарим нэг баримтыг үзсэн. Сербийн Ерөнхий сайд дэмжвэл буддын сүмийг сэргээн босгох үйлсэд зүтгэмээр байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: www.polit.mn