М.ГАН

Завханы нэгэн иргэн хотын III хороололд хувьчилж авсан орон сууцтай гэнэ. Тэрээр хувийн байраа банкны барьцаанд тавьж зээл авах гэтэл болохгүй байгааг УИХ-ын дарга З.Энхболд руу мессежээр илгээжээ. Мөн гишүүн Ё.Отгонбаяр руу ч хандсан гэнэ. Энэ тухай чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр ярилцав. Булганы иргэн хотод байдаг хувийн байраа барьцаалж болох уу гэж спикер албаны хүмүүсээс тодрууллаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа барьцаалах хөрөнгө болон, ипотек ямар ялгаатайг хуулийн хүрээнд тайлбарласан нь хангалтгүй байв. Харин Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Бололгүй яах вэ” гэсэн товч хариулт өглөө.

Энэ нь УИХ-аар хэлэлцэж байгаа Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөлтэй холбоотой учраас ийм жишээг хэлэлцэв. Яагаад гэвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй хол­боотойгоор арилжааны банкуудад барьцаалсан эд хөрөнгийг өмчлөгч нь хоёр, гурав дахь этгээдэд дамжуулан барьцаалж болох учраас нэлээд эрсдэл үүссэн. Тиймээс банкууд эд хөрөнгө барьцаалж зээл өгөхгүй, найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоо зогсоосон юм. Иймд дээр дурдсан хоёр хуулийн төслийг нэр бүхий 27 гишүүн санаачилж УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм. Орон сууцны зээлийн зохицуулалт, банкуудтай холбоотой зүйл эдгээр хуулийн төсөлд байхгүй ч гэлээ хууль эрх зүйн орчин эрсдэлгүй болчихвол банкууд зээлээ үргэлжлүүлэн өгөх юм байна. Одоогоор зах зээл дээр хүлээгдэж байгаа 18 мянган орон сууц эзэндээ очно, мөн залуу гэр бүлүүд урт хугацаатай, бага хүүтэй зээлээр байртай болох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг УИХ дахь АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс”эвсэл, ИЗНН-ын гишүүд хамтран санаачилсан. Харин МАН-ын бүлгийн гишүүд нэлээд дурамжхан байлаа. Хэлэлцүүлгийн үеэр анх найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг аль нам санаачилсан тухайд ч маргаан болов. 2009 онд Сү.Батболдын Засгийн газар анх “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг санаачилж зах зээл дээр борлогдохгүй байсан орон сууцыг 10 хувийн урьдчилгаа төлөөд орох боломж олгож байлаа. Тэр нь найман хувийн хүүтэй зээл. Дараа нь 2012 онд АН Засгийн эрхийг авч, мөн найман хувийн хүүтэй зээлийг санаачилсан нь гурван жилийн хугацаанд үр дүнгээ өгч 76 мянган айл байртай болжээ.  Харин Цэцийн шийдвэрээс болоод өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд зогссон юм. Иймд зээлийн олголтыг сэргээх хууль эрх зүйн орчныг УИХ хэлэлцэж буй нь энэ юм.

Гэвч Монгол Улсын сайд М.Энхсайхан ипотекийн зээл гаргах мөнгө Засгийн газарт байхгүй гэж саяхан хэвлэлд ярьжээ. Сайд нь ингэж ярьж байгаа бол халах хэрэгтэй гэж УИХ-ын дарга З.Энхболд хатуу сануулав. Монголбанк арилжааны банкуудтай тохирч, боломжтой гэсэн болохоор эх үүсвэрт санаа тавих хэрэггүй гэж байлаа. Хэрэв эдгээр хууль батлагдчихвал орон сууцны зээлийн хүүг зургаа эсвэл тав болгохоор ярьж байгаа юм.

Олон саяын зээлээр байр авна гэдэг  “Нарантуул” зах дээрээс бээлий худалдаж авахтай адил биш, зах зээлийн онцгой харилцаа учраас тал бүртээ ойлголцож асуудлаа шийдэх хэрэгтэйг гишүүн Х.Тэмүүжин онцолж байлаа. Энэ төсөл дээр УИХ-ын олон гишүүн, мөн ажлын хэсгийн гишүүд ажилласан юм. Мөн Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ ч нэлээд хувь нэмэртэй оролцож байна. Тэрээр удирдаж буй салбарынхаа талаарх хуулийн төслийг улстөржүүлэхгүйгээр, иргэдэд ашигтай байдлаар яаралтай шийдэх хэрэгтэй гэж үзэж байлаа.

Ингээд урт хугацаатай, бага хүүтэй орон сууцны зээлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх хууль эрх зүйн орчныг шийдэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хоёр гишүүн эсрэг санал өглөө.

Энэ тухай Хууль зүйн байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийв.Ху­рал­даанд оролцсон ги­шүүдийн олонх нь хуу­лийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин