БУРУУ
Б.УРАН
Ядуусын хүүхдэд зориулсан дээд боловсрол ямар үнэтэй вэ гэж хэн нэгнээс асууя. Хэн нэгэн гэсний учир нь хариулах эзэнгүйд байгаа юм. Хичээлийн шинэ жил дөхсөн энэ үед их, дээд сургуулийн сургалтын төлбөр хамаг хүний анхаарлын төвд байна. Ихэнх сургууль төлбөрөө 10-15 хувиар нэмжээ. Сургуулийн удирдлагуудын гаргасан энэ шийдвэрийг салбарын яам нь хянаад болиулах байлгүй дээ гэсэн эцэг эхчүүд, оюутнуудын горьдлогыг Л.Гантөмөр сайд үгүй хийж орхилоо. Эргэлзээ төрүүлж, найдвар дагуулсан энэ хэдэн өдрийн дараа сургалтын төлбөрийн асуудалд төрийн байгууллагаас оролцох эрхзүйн үндэс байхгүй гэж сайд нь өөрөө мэдэгджээ. Тэгэхээр одоо яая гэхэв нэмэгдсэн төлбөрийг төлөөд сургуульдаа явахаас аргагүй. Асуусан асуултын минь хариулт ч олдохоос өнгөрсөн бололтой. Дээд боловсрол өндөр үнэтэй байх ёстой л гэнэ, үнэ дагаж чанар гэх. Олон улсын жишигт нийцсэн өндөр үнэтэй боловсролыг ирээдүй хойчдоо өгөх ёстой, түүний тулд сургалтын төлбөрийг нэмэхээс аргагүй гэцгээж байна. Өндөр боловсролтой, юм үзэж нүд тайлсан хүмүүсийн хэлээд байгаа гадны жишиг ханхалсан энэ яриа тэр хүмүүстээ зөв л байдаг байх. Харин хашаандаа барьсан гэрээ байшин болгочих чадалгүй, өсгөсөн ганц хүүдээ дээд боловсрол эзэмшүүлээд төрүүлсэн ачийг нь хариулна гэж найдаж суугаа Дулмаа эмээ энэ тайлбарыг яагаад ч ойлгохгүй. Хэдийнэ хоёр саяас давсан төгрөгийг хичээл эхлэхээс өмнө яаж олж өгнө дөө гэж толгойгоо маажиж суугаа. Гадаадад боловсрол өндөр үнэтэй байдаг. Хэн ч мэднэ. Тэгвэл тэр орны иргэдийн авдаг цалин сардаа хоёр мянган доллараас дээш байдаг юм. 200 мянган төгрөг буюу 150 ам.долларын цалинтай эр охиндоо дээд боловсрол эзэмшүүлэхийн төлөө Монголд яаж үйлээ үзэж, үсээ үгтээдэг билээ. Харамсалтай нь ийм амьдралтай хэрнээ, үр хүүхдээ сургуульд сургачих хүсэлтэй хүн бидний дийлэнх нь юм. Ажилд орох анкет бөглөхөд дээд боловсрол эзэмшээгүй гэж бичихийг хориглочихсон өнөө үед хэн ч гэсэн ямар ч хамаагүй сургуульд хүүхдээ оруулахыг зүтгэх нь зөв шүү дээ. Тэгэхгүй бол тэр хүүхдийн ирээдүйн амьдрал тун бүрхэг болох гээд байхад. Тэр яриад байгаа гадны жишгээр 20, 30 саяын төлбөр байг, 2-3 сая төгрөгийн төлбөртэй болоход л үр хүүхдээ сургуулиас нь гаргаж, эсвэл жилийн чөлөө авахуулж байгаа эцэг, эх ямар олон байгаа бол. Сургалтын төлбөрийг яаж нэмэх тухайгаа ярихаас илүү сургалтын чанарыг хэрхэн сайжруулах тухай бодмоор. За бас тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй л гэх байх даа. Тэгвэл баячуудад зориулсан дээд боловсрол, ядууст зориулсан дээд боловсрол гээд ялгаад салгачихвал яасан юм. Тэгээд ядууст зориулсан дээд боловсрол ямар үнэтэй байж болох талаар хэлээд өгөөч хүмүүс ээ.
ЗӨВ
Д.ОЮУН
Оюутны сургалтын төлбөр гэж айхтар зүйл эцэг, эхчүүдийг хямраах боллоо. Тэдэнд үр хүүхэд нь чанартай боловсрол эзэмших эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь хямд төлбөр төлөхийг тэд хүсч байгаа. Монголын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг гадаадын улсынхтай харьцуулахын аргагүй. Тэнгэр, газар шиг ялгаатай. Тэр хэрээрээ аливаа асуудлыг цэглэдэг нь үнэн. Мөнгөтэй, чадалтай хүний үр сад тэр хэрээр оюуны их уурхайгаас уудалдаг жамтай. Нэг ёсондоо сургалтын төлбөрийг нэмснээр чанаргүй дипломын эзэд, ажилгүй дээд мэргэжилтнүүдийг нийгэмд дахин нийлүүлэхгүй гэсэн санаа юм.
“GALAXY S4” ухаалаг гар утсыг 1.4 сая төгрөгөөр хотойлгүй аваад барьчихдаг залуус хотод зөндөө. Ийм дайны мөнгөөр улсын чанартай их сургуулийн нэг жилийн төлбөрийг дөмөгхөн хаачихна. Ингээд бодохоор дээд боловсролыг монголчууд дэндүү хямдаар үнэлээд байгаа юм биш үү. Тиймээс чанар, стандартаа сайтар бариад дээд боловсрол эзэмших зардлыг чөлөөлчих. Сургалтын төлбөрийг төрөөс хамаараад байхааргүй суга нэмэхэд л асуудал аяндаа шийдэгдэнэ. Жишээлбэл, хувийн боломжийн дунд сургуульд хүүхдээ оруулахаар зарим эцэг, эх жилийн найман сая төгрөг төлдөг нийгэмд бид аж төрж буйг мартах хэрэггүй. Гэтэл бяцхан охины ах улсын их сургуульд жилдээ 1.6 сая төгрөг төлөөд дээд мэргэжилтэй болно гэхээр сонин санагдаж байгаа биз. Өнөөх боловсролын чанар, эрэлт гэдгийг энэ эгзэг дээр барьж авах цаг болчихжээ. Алийн болгон “ардач санаа” хэмээн шаагилдаж чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гарыг бид гавлах юм бэ. Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг ертөнцийн жамаар сургалтын төлбөрийг суга нэмээд өгөөсэй билээ. Тэр цагт дээд боловсролын илүүдэл, дипломын голууд, чанаргүй мэргэжилтэн гэх мэт дэмий зүйлийг бид нэг зэрэг шийдчих байх шүү.