Б.ЭНХТУУЛ

Мал аж ахуйн орон гэгддэг монголчууд бид  өнөөдөр гэдэс, дотор цайлгах сүүгээ гадаадаас худалдаж авдаг гэвэл гадныхан лав  нүд нь бүлтийж, чих нь дэлдийх байх. Гэсэн ч энэ монголчууд бидний залхууг гэрчлэх,  нэрэлхэж, нуугаад байх шаардлагагүй цорын ганц үнэн юм. Магадгүй, зарим хүн үүнд эргэлзэж байгаа байх.  Тэгвэл “Засгийн газар нь хүнсний бодлогоо зохицуулж чаддаггүй юм байна” гэсэн тааруухан үнэлгээг гадныханд өгч буй ганц нэг судалгааг дурдъя.

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хийсэн зарим судалгааг сөхөж үзлээ. Манай улс өнгөрсөн онд  24,9 сая ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүнийг  импортоор оруулж иржээ. Тэр дундаа, импортоор авч байгаа хуурай сүүнийхээ  92 хувийг ОХУ, БНСУ, Шинэ Зеландаас оруулж ирдэг юм байна. Шингэн сүүг бараг 100 хувь ОХУ-аас авдаг гэсэн судалгаа байна. Сүүн бүтээгдэхүүнийг дотор нь ангилж үзвэл, жилд ойролцоогоор 4-6 мянган тн шингэн сүү, 200-400 тн тараг, 80-100 тн цөцгийн тос, 1800-2200 тн хуурай сүүг  импортоор авч хэрэглэдэг гэсэн  байна. Учир мэдэх хүмүүст өрөвдөлтэй сонсогдож буй энэ судалгаанд одоо та итгэж байгаа байх.

2008 онд Хятадын “Саяньлу” компанид  үйлдвэрлэсэн хүүхдийн сүүнээс меламин нэртэй химийн хорт бодис илэрсэн талаар дэлхий нийт шуугиж байсан. Харин манайх энэ үеэр газар зүйн байршлаар ойролцоо Өвөр Монгол, Хэбэй зэрэг мужаас  хортой бодис илэрсэн сүү  Монголд орж ирсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг хийж байсан. Гэтэл саяхан хуурай сүүнийхээ 90 орчим хувийг импортолдог Шинэ Зеланд улсад үйлдвэрлэсэн  сүүнээс хортой бодис илэрсэн талаар ҮХААЯ-наас мэдээллээ.  Энэ  мэдээлэл хоёр хүртэлх насны хөхүүл хүүхэдтэй эцэг, эхчүүдийн сэтгэлд аюулын харанга дэлдээд байна. Зарим эцэг, эх  энэ мэдээллээс болж, хүүхэддээ хуурай сүүнийх нь бэлдмэлийг өгч чадахгүй, борог хоолоор торгоож, ойролцоох аймаг, сумд руу  утас цохиж, үнээний цэвэр сүү захиж байгаа сурагтай. 

Одоо тэгээд яах вэ? Хүүхэд болон хүн амын эрүүл мэндэд заналхийлсэн энэ мэт ноцтой мэдээллийг монголчууд бид зүгээр сонсоод суух хэрэг үү. Мал аж ахуйн салбартаа 50 сая шахам мал тоолуулчихаад, мах сүүнийхээ үнийг тэнгэрт тултал хөөрөгдчихөөд, шим тэжээл муутай хуурай сүүгээр ходоод гэдсээ дүүргэчихээд явж байгаадаа  дүгнэлт хийх цаг нь  болсон юм шиг. 

“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг. Тэгэхээр сүүг заавал гаднаас, импортоор авах хэрэг байна уу гэдгийг бодолцож үзье.  Манай улс саалинд хамрагдах  7,4 сая малтай гэдэг. Бүр тодруулбал, хөдөө аж ахуйн салбараас нийлүүлэх боломжит сүүний нөөц 600,0 сая литр.  Хүн амын уух сүүнийх нь хэрэгцээ  жилд 403.0 сая литрээр хэмжигдэж байна.  Энэ хоёр тоог харьцуулаад үзэхэд л, манайх дотоодынхоо сүүний  хэрэгцээг  өөрсдөө  хангаж болохоор байна.  Гэтэл яагаад, та бидний өдөр тутмын хэрэглээ болсон савтай сүүний 10 хувь нь жинхэнэ сүү, 90 хувь нь хуурай сүү байна вэ?  

Эндээс дотоодод үйлдвэрлэсэн сүүг үйлдвэрт бэлтгэн нийлүүлэх  тогтолцоо  алдагдсан гэсэн гаргалгааг хийж болох юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн жилийн өдийд  сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  компаниудад шалгалт хийснийг та мэдэж байгаа байх. Уг  шалгалтаар хэрэглэгчдийн  хэдийнэ танил болсон хэд хэдэн компани Шинэ Зеландаас импортолсон үнээний хатаамал сүүг “Монгол үнээний цэвэр сүү”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэх мэтээр сурталчилж, иргэдийг  хульхидаж  байсан нь илэрсэн. Тэр дунд  та бидний сайн мэдэх “АПУ”-гийн  “Цэвэр сүү”,  “Монфрэш”-ийн  “Биеэ бодоорой” “Сүү” ХК-ийн  “Жимстэй иогурт” зэрэг бүтээгдэхүүн  толгой цохиж явсан.  Эдгээр  байгууллагыг 10 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн. Харин ходоод цээжээ хорсгон байж хуурай сүү хэрэглэж байсан иргэдийн хохирлыг хэн ч барагдуулаагүй.

Монголын зах зээлд монополь хэлбэрээр ноёрхож буй эдгээр аж ахуй нэгжүүдийг  өнөөдөр мөн  хаанахын ямар сүүгээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, тэр нь  иргэдийн эрүүл мэнд болоод хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж байгааг  үнэндээ бид    мэдэхгүй гүйж явна.  Тийм болохоор сүүний үйлдвэрүүдэд  хяналт тавьж, үйл ажиллагааг нь сайжруулах, өргөжүүлэх, өөр хооронд нь өрсөлдүүлэх, иргэдэд нээлттэй болгох чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь анхаармаар байна.  Хоёрдугаарт, улсаас дотоодод үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнд  ногдох НӨАТ-ыг нь чөлөөлж,  зөвхөн сүүнээс олсон орлогод ногдох татварыг 50 хувь хөнгөлж өгөөд байхад сүү үйлдвэрлэгч компаниуд энэ мэт хэрэглэгчдийг хуурсан, төөрөгдүүлсэн үйлдлээ зогсоож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаармаар юм.

АНУ, Европын холбооны улсууд, ОХУ-д сүүний үйлдвэрлэлийг дэмжиж, улсаас тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Манайх ч бас саяхан “Хүнсний тухай” хуульдаа энэ тухай тодорхой тусгаж өгсөн.  Тиймээс энэ мэт дүрэм журам амьдрал дээр хэрэгжээд эхэлчихвэл хуурай сүүний импорт багасч, хот, хөдөөд бүртгэлтэй 120 орчим байгууллага, үгүй яадахдаа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуй нэгж  монгол үнээний цэвэр сүүг үйлдвэрийнхээ аргаар боловсруулдаг болох байх.

Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжөөр бол  хүн хоногт 430 грамм, жилд 157 кг сүү уух ёстой гэсэн байдаг.  Гэтэл хүн амын 60 гаруй хувь нь амьдардаг хот, суурин газрынханд  энэ тоо үлгэр мэт сонсогдож байна. 2010 онд хийсэн судалгаагаар, хотын нэг хүнд ногдож байгаа сүүний хэмжээ 75.6 кг байсан нь зөвлөмж хэрэгцээний дөнгөж 48 хувьтай  тэнцэж байна гэх. Үүнээс үзэхэд, нийслэлчүүд бидний дийлэнх нь хуурай сүү уудаг гэсэн үг. Хүрэхгүй, хүртэлцэхгүй байхад томчууд бидний хэрэглээ ч бүр дүүрч. Ядахдаа бээлийн чинээ үр хүүхдээ үнээний сүүгээр хооллодог болъё. Эхийн сүү битгий хэл  үнээний сүүгээр ч ундаалж чадахгүй үр хүүхэд олон байна цаана чинь. 

Зургаан сар хүртэлх насны хүүхдийн 60 хүрэхгүй хувь нь эхийн сүүгээр хооллодог.  Харин бусад нь нэмэгдэл тэжээл буюу бидний мэдэх хуурай сүүгээр 6-9 сар хүртлээ бор ходоодоо тордог гэсэн судалгаа бий.  Энэ хүүхдүүдийг ядаж, эх орондоо үйлдвэрлэсэн “жинхэнэ” үнээний сүүгээр хооллох юмсан. Тэгвэл тав хүртэлх насандаа эндээд байгаа хүүхдүүдийн суурь өвчлөл, тураал, өсөлтийн хоцрогдол  ядаж багасахсан. Малтай, мах, сүүтэй орны хүүхдүүдийг хаа байсан Номхон далайн бүсийн орнуудтай харьцуулахад тураал, туранхайн үзүүлэлтээрээ өндөр гарч ирж байна гэхээр үр хүүхэдтэй хүн бүрийн өр эмтэрч байгаа байх. Энэ үнэхээр ичмээр хэрэг шүү. Тав хүртэлх насны хүүхдүүдийн нас баралтад нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлаад үзэхээр хоол хүнсний хүрэлцээ хангамж, нярайн үеийн хоололт хамгийн түрүүнд жагсдаг юм билээ.  Тийм болохоор Монгол Улсад чанарын шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ үнэхээр их байна. Үр хүүхэд, ирээдүйгээ бодож, үнээнийхээ сүүг үйлдвэртээ нийлүүлдэг больё оо та минь.  

Өдгөө сүү, цагаан идээний  уламжлалт хэрэглээгүй байсан Хятад, Япон, Солонгос, Тайван зэрэг улстай  эх орноо харьцуулаад үзье. Эдгээр улс оронд сүүн бүтээгдэхүүний хэрэглээ өсч, Засгийн газар нь энэ чиглэлийнхээ бодлогыг боловсруулж, хүн амын  эрүүл мэнд рүү чиглэсэн бодлого нь сүү, цагаан идээнд чиглэх болсон гэдгийг судлаачид хэлж байна. Гэтэл манайд  үнээний сүүгээр үйлдвэрлэл явуулдаг цөөхөн хэдэн  компани нь улсын хэмжээнд хэрэгцээтэй байгаа сүүн бүтээгдэхүүнийхээ ердөө 40 орчим хувийг хангадаг. Үлдсэн хувийг нь импортын хуурай сүүгээр аргацаадаг гэвэл бас л нүүр улайхаар сонсогдож байгаа юм. Тиймээс хуурай сүүнийхээ импортыг багасгаж, хульхи үйлдвэрүүдээ сайжруулъя гэж бодож байгаа бол  жинхэнэ монгол бренд болсон үнээний цэвэр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа цөс ихтэй аавын хүүг, чадал тэнхээтэй үйлдвэртэй нь хамт улсаас дэмжээд өгье. Хэн чадалтай нь хэрэглэгчдээ татаад, цоожтой хаалганы цаана нуугдчихаад, худлаа хэлж, хуурамч бүтээгдэхүүн зарж байгаа нь зах зээлээс  хасагдаад явна биз.