
Д.БОЛОРМАА
Налайсан шар намар дуусахгүй юм шиг, найрын дууны түрлэг татрахгүй юм шиг найгаж суугаа бидний дэргэд тариаланчид ёстой нэг бужигнаж байна.
Зунжин борви бохисхийх завгүй тарьж ургуулсан ногооныхоо үр шимийг хүртэх санаатай хөдөөнөөс байдгаа ачаалаад ирчихэж. Нийслэлийн худалдааны төв бараадан зогсож буй тэдний нэгэн төлөөлөл болох Д.Даваанамжил гуайг “Амьдралын тойрог” буландаа урилаа.
Тэрээр Сэлэнгэ аймгийн ногоочин. Хэдэн нөхдийн хамт та бидний ярьж сурснаар “Урт цагаан”-ы талбайд тарьсан ногоогоо дэлгээд сууж байна. Таримал ургамалд дурласан энэ эзэгтэй ногоочин хүний ур ухааны талаар ийн ярилаа.
Өдгөө 56 нас шүргэж яваа Д.Даваанамжилын нэг өдөр нийслэлийн завгүй амьдралын дэргэд хамаагүй хурдан өнгөрдөг гэнэ. Наснаасаа залуу харагдах тэрээр тэтгэвэрт гарснаасаа хойш буюу 2004 оноос эхлэн ногоотой амьдралаа холбожээ. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд нэг га газартай. Жилийн жилд тэндээ ногоо тарьдаг ч, энэ жил газраа амраах санаатай Сэлэнгэ аймгийн төв дэх гэрийнхээ задгай талбайд 16 төрлийн хүнсий ногоо тариалжээ. Анх өөрийн болоод үр хүүхдийнхээ хүнсний хэрэгцээг хангах санаатай ногоо тарьж эхэлсэн ч ургац арвин байсан учраас бусдад зарахаар шийдсэн гэнэ. Д.Даваанамжил өөрт ногдсон лангуун дээрээ ногоог ёстой нэг төрөл бүрээр нь багсайлган өржээ. Төмс кг нь 700, манжин 1300, сонгино 1500, тарвас 2500 төгрөг хэмээн үнэ бүрийг нь бичээд өмнө нь нааж. Худалдан авагчид “Хаанахын ногоо вэ” гэж асуухаас биш үнэ хөлсийг нь лавлаж асуухгүй бололтой юм. Түүнээс ургац хэр арвин байгааг асуухад,
-Өө, сайхан сайхан. Ер нь ногоо тарьсан хүн хоосон хононо гэж байдаггүй юм шүү дээ. Эх дэлхий, газар шороо чинь өөрт нь хандсан бүхэнд үр өгөөжөө өгдөг юм. Уг нь манайх жил бүр Зүүнбүрэн суманд 1.5 га газарт ногоо тарьдаг. Энэ жил газраа амраах санаатай бууцаар бордоод өнжлөө. Тэглээ гээд яаж зүгээр суух вэ хашаандаа хэдэн ногоо тарилаа. Голдуу нарийн ногоо хэмээн гурван кг төмс худалдан авахыг хүсэгчид төмс уутлах. Үүний дараа нас тогтсон нэгэн эзэгтэй ирснээ “Танай лууван чинь яасан том юм бэ. Сэлэнгийн ногоо гэсэн үү. Эгчдээ таван кг төмс, хоёр кг лууван, тэр хамгийн том тарвасыг нь жинлээд өгчих” хэмээн худалдан авагчид ээлж дараалан эгнээд ногоочин эгчтэй ярилцах зав олгосонгүй. Ажил тарах үеэр түүнтэй ярилцаж байгаа учраас гэрийн эзэгтэй нар ногоо, цагаа гээд хөл ихтэй байгаа нь тэр. Ингэж хагас цаг орчим худалдаа дуусахыг нь хүлээгээд сая нэг юм яриагаа үргэлжлүүллээ.
-Танайх худалдан авагчид сайн юм аа?
-Хүмүүс Сэлэнгийн ногоо гэхээр багширч өгнө. Газар тариалангийн бүс нутгийн ногоо гэдэг утгаараа тэгдэг биз. Магадгүй хятадын үр, сортгүй ургац гэж итгэдэг ч байж мэдэх юм.
-Хамгийн их гүйлгээ ихтэй ногоо аль вэ?
-Ялгаагүй ээ, бүгд л борлуулалт сайтай. Ерөнхийдөө төмс голдуу зарагдана. Гэхдээ энэ жил нарийн ногоо их тарьсан учраас хүмүүс сонирхоод авах юм. Ялангуяа, улаан манжин, улаан лооль, өргөст хэмх, тарвас, дарсан ногоонууд борлуулалт ихтай байна даа.
-Ногоочин хүн байна даа, хятад төмсийг яаж ялгах тухай уншигчдад маань хэлж өгөөч. Худалдагч нар хятад төмсийг шороонд булаад “Монгол төмс” гээд зардаг шүү дээ?
-Өө, тэгж зардгийг ёстой мэдэхгүй юм байна. Одоо чинь хятад ногоо гэж байхгүй болсон юм биш үү. Манай Сэлэнгэд лав хятад ногоо байтугай хятад ногооны үр ч гэж байхгүй болсон юмдаг. Бид ногооныхоо үрийг Алтанбулаг сумаар дамжуулан Оросоос авдаг шүү дээ. Орос болохоороо ч тэрүү их сайхан ургадаг юм. Жил бүр орос ногооны үр ашиглан тарьдаг.
-Ер нь хятад үрийн төмсийг яаж таних вэ?
- Одоо ч төмс танихад хэцүү болчихоод байна. Хятад нь гөлийсөн цагаан төмс байдаг юм. Андашгүй дээ, цав цагаан л төмс байна. Харин Монгол төмс болохоор шар, зөөлөн, гар хүрэхэд л хууларна даа.
-Хотод ирж ногоогоо борлуулахад хэр их бэрхшээл тулгарах юм. Зөвшөөрөл авахад явдал ихтэй юу?
- Ямар юмных нь бэрхшээл байх вэ дээ. Орон нутгийнхаа удирдлагад энэ тухайгаа хэлэхэд л болно. Бичиг цаас гээд зовоох юмгүй. Яах вэ, өөрөөс ачаа, тээвэрлэлтийн зардал гэж гарна уу гэхээс өөр явдалгүй. Өмнө нь борлуулах газар олдохгүй. Олдсон ч бүх ногоочинд нэг л талбай өгдөг байсан болохоор өрсөлдөөн ихтэй байлаа. Одоо бол олон газарт ногоо зарах боломж олгож аймаг бүрээр төрөлжүүлсэнд баяртай сууна. Н.Алтанхуяг сайд, Э.Бат-Үүл дарга нарын буян юм даа” хэмээн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажилд сэтгэл тэнүүн явдаг тухайгаа нэгд нэгэнгүй ярьж өгөв. Бүр сүүлдээ тойргоос нь сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүн тариаланч, ногоочдыг дэмждэг сайн залуу хэмээн ярианы сэдэв маань жаахан хазайх.
Д.Даваанамжил эзэгтэйн энэ жил интернетээр авсан мэдээллээ бодит байдал болгон хэрэгжүүлсэн гэнэ. Энэ нь пивоны шилээр хүлэмж барих тухай юм байна. Хаврын туршид нутгийнхаа шөнийн клуб, уушийн газраар явж 1000 гаруй “Боргио” шил цуглуулжээ. Шилийнхээ амсрыг зөрүүлэн элс, цемент ашиглан дөрвөн метрийн өргөн, 20 метрийн урттай хүлэмж барьсан нь эзэндээ үр өгөөжээ өгсөн юм байх. Тодруулбал, сэрүүн уур амьсгалтай манай оронд хэрэгтэй эд юм хэмээгээд эрт ургацаа өгч мөнгөтэй залгуулсан тухай тэрээр давтан, давтан ярилаа.
-Ногоо тарих нь хүүхэд арчлахдаа адилхан гэдэг байх аа?
-Арчилгаа ихтэй байж ногоо сайхан ургана. Зарим хүмүүс хэдэн үр шороонд булчихаад намар нь ургац авах мэт юм боддог. Тийм зүйл ердөө байхгүй. Арчилгаа маш ихтэй. Би өөрөө нойр муутай хүн болоод ч тэр үү ногоон талбай дээрээ өнжинө шүү дээ. Бүрий болж, нүдээ харахаа болихоор л гэртээ орно. Хүүхдүүд “Ээж та ядарлаа. Одоо болиоч” гэж зэмлэдэг ч надад бол ногооны талбайдаа харин ч амарч чадна.
-Ногоо тарихаас илүү зарах нь хүнд гэдэг шүү дээ?
-Харин энэ жилээс ийм зовлон учрахаа болилоо шүү дээ. Хэд, хэдэн цэгт ногоо борлуулах эрх олголоо. Түүнээс биш ногоочид бид хэд чинь хэдэн ченж нарын аманд багтчихдаг байсан юм. Тээр жил “Барс” худалдааны төвийн ченж “Таны шуудай лууван тутмыг 10 мянган төгрөгөөр авъя” гэж хүнээр хэлүүлдэг юм байна. Хөгшин, хүү хоёроо дайчлан байж бүх луувангаа ачаад ирсэн чинь “Луувангийн ханш унасан. 5000 төгрөгөөр л өгвөл өг. Үгүй бол авахгүй” гэж билээ. Нэгэнт газраас нь сугалаад аваад ирсэн юм болохоор голоо харлуулан байж шуудай тутмыг нь 5000 төгрөгөөр өгсөн дөө. Энэ мэтчилэн захын хэдэн ченж нар чинь биднийг хөөрхөн чаддаг юм. Харин энэ жилээс эхлэн өөрсдөө борлуулж байгаа нь аштай юу даа.
-Нууц биш бол өдөрт хэдий хэмжээний ашиг олдог юм бэ?
-Хэр зэрэг хөдөлмөрлөнө, тэр хэмжээгээрээ ашиг авна. Өдөрт дунджаар 100-200 мянган төгрөг олж байна.
-Жилдээ бусад зардлаа хасахад ашиг нь хэр байдаг юм бол?
-Ажлын хөлс, бусад зардлаа хасахад 5-6 сая төгрөг болдог юм. Оюутан хүүхэд байхад ч хэцүү л байсан. Одоо хүүхдүүд сургуулиа төгссөн болохоор энэ ашиг чинь бидний халаасанд шууд орж ирж байна шүү дээ. Хэдэн арван төгрөг цаашаа хийсэн болохоор энэ жил ачааны машин авна даа гэж бодох юм. Боломж гарвал ногоо даршлах жижигхэн үйлдвэр ч гэсэн байгуулах санаатай. Санаж явбал бүтнэ гэдэг дээ. Хөгширлөө гэж өөрийгөө гололгүй хэд, хэдэн ажил хийнэ гэж бодоод л явна даа. Бүтэх байх аа” хэмээн тэрээр яриагаа өндөрлөсөн.
Д .Даваанамжил эзэгтэйн төрсөн нутаг нь Говь-Алтай аймаг гэнэ. Нутгаасаа гараад удаж байгаа ч нас хэвийхийн хэрээр өдөр бүр сэтгэлд нь уятай явдаг болсон гэсэн. Сэлэнгэ аймагт 1985 онд ирэн суурьшин ногоочин болсон нь энэ. Тэрээр насны залууд тогооч байж. Энэ бүхнийгээ тэрээр “Эгч нь хүний алга дээш нь харуулсан сайхан ажил хийж явна” хэмээн бахархангуй ярих нь ажил, мэргэжилдээ дурласан эзэгтэйг илтгэх биз ээ.