Б.ЗАЯА
Ирвэс хамгаалах сангийн ажилтан Л Хөвсгөл нууранд осолдож амиа алдсан хэрэг өнгөрсөн онд гарсан. Талийгаач өмнө нь хэдэнтээ халдлагад өртөж байсныг ар гэрийнхэн нь мэдэгдэж буй юм. Уг хэргийг цагдаагийн байгууллага “амиа хорлолт” хэмээн үзэж хэрэгсэхгүй болгох нь гэсэн ойлголт нийгэмд түгсээр байна. Монголд төдийгүй олон улсад мэргэжил нэгт нөхдийнхөө дунд хүндлэгдсэн 27-хон настай залуу учир битүүлгээр амиа алдсан хэргийн талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Уг хэрэгт цагдаагийн байгууллага онцгой анхаарч байгаа. ЦЕГ-ын даргын тушаалаар Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тэд Өмнөговь, Хөвсгөл аймагт газар дээр нь очиж шалгалт хийсэн. Мөн талийгаач өмнө нь цагдаад хандаж байсан асуудлыг нэгтгэн шалгаж байна. Энэ мэтээр мөрдөн байцаах ажиллагааг өргөн хүрээнд явуулж байна” гэлээ. Ажлын хэсгийнхэн ирвэс хамгаалагч залуу Хөвсгөл нууранд осолдсон нь хэн нэгний дарамт байсан уу, бусдад хорлогдсон уу гэсэн олон таамгаар мухарласаар шалгаж байгаа аж. Түүнчлэн өмнөх халдлагад өртөх үеийн бичлэгийг шинжээчид шинжилж байгаа юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин