М.ГАН

Олон хүний эрх ашгийг хөндөөд байсан зүйл УИХ-ын төвшинд хүрлээ. Энэ талаар хоёр хоногийн өмнө УИХ-ын дарга анхааралдаа авсан тухайгаа зарлаж, байртай болох хүсэлтэй хүмүүст таатай мэдээ дуулгасан юм. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж олон хүн урт хугацаатай, бага хүүтэй зээлээр байртай болж чадахгүйд хүрээд байсан. Тэгвэл УИХ хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, орон сууцны зээлийг үргэлжлүүлэх боломжтой болох гэж байна.

Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболдод Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар өргөн мэдүүлэв.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн, найдвартай үргэлжилж, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй байх юм. Мөн банкны зээл олгогдож, зээлийн санхүүжилтээр явагдаж буй бага хүү /8%/-тэй,  урт хугацаа бүхий Засгийн газрын “Орон сууцны зээлийн хөтөлбөр” хэвийн явагдах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавартай хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Эх сурвалж: www.polit.mn