Б.ЗАЯА

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог тооцох журам ирэх сарын 1-нээс хэрэгжихээр болжээ. Жолооч нарын зөрчлийн оноог тооцох, эрхээ хэрхэн сэргээлгэх талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

 

-Хууль өнгөрсөн оны есдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн болохоор зөрчлийн оноог нөхөж тооцно гэсэн мэдээлэл байгаа. Энэ юу болох вэ?

-Хэдийгээр хууль батлагдсан ч онооны систем одоог хүртэл мөр­дөг­дөж эхлээгүй байна. Ирэх сарын 1-нээс эхлүү­лэхээр төлөвлөж байгаа. Тиймээс зөрчлийн оноог нөхөж тооцохгүй. Энэ хууль, журмын гол зорил­го нь зам тээврийн ос­лыг бууруулах шүү дээ. Зоргоороо дүрэм зөр­чиж, бусдынх болон өөрийнхөө амь насыг золионд гаргадаг жолооч нарт зориулсан. Харин замын хөдөлгөөнд соёлтой оролцож байгаа жолооч нарт онооны систем ха­маа­рахгүй. Замын хө­дөл­гөөний аюулгүй байд­лын тухай хууль хэрэг­жиж эхэлснээр өнгөр­сөн оны хэмжээнд зам тээврийн ослоор нас барагс­дын тоо 17 хувиар буурсан.

-Онооны системийг хэрхэн тооцох вэ?

-Жолооч бүр 10 оноотой байна. Зөрчлөөс шалтгаалж 1-5 оноог хасна. Урамшууллын систем ч давхар бий. Сүүлд хасуулаад нэг жилийн дотор зөрчил гаргаагүй бол таван оноог нь нэмж өгнө. Нэг оноотой үлдчихээд хоёр жил дүрэм зөрчихгүй бол автоматаар 10 оноо болж сэргээгдэнэ.

-Ямар төрлийн зөрчилд оноо хасах вэ. Оноо дууссан тохиолдолд яаж сэргээх вэ?

-Зайлшгүй зам тээврийн осолд хүргэдэг 17 төрлийн зөрчилд үйлчилнэ. Оноо дуусч эрхээ хасуулсан жолооч нар Лицензийн төвд хандаж шалгалт өгнө. Согтууруулах ундаа хэ­рэг­­лэсэн үед эрхээ ха­суул­­сан бол зургаан цагийн сургалтад хамрагдана. Согтууруулахаас бусад төр­лийн зөрчлөөр үнэмлэхээ хураалгасан бол хоёр ца­гийн сургалтад суух ёстой. Үүний дараа шалгалт өгч тэнцвэл эрхээ сэргээлгэж, оноотой болно гэсэн үг. Шалгалтыг цахимаар ч өгч болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин