Сонгуулийн шинэ хуулийн талаар Ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхжаргалмаа нарын байр суурийг сонирхлоо.
О.Бум-Ялагч: МАНАН ҮНЭН ТӨРХӨӨ ХАРУУЛЛАА
Ч.ЗОТОЛ
-Хоёр том нам өөрсдийгөө дархалсан хууль баталсан. Парламентад суудалгүй намуудыг шахаж байна. Тэр нь хооронд нь нэгтгэх, нийлүүлэх талыг барьж байх шиг. Бие даагчдын эрхийг ч боомилсон. Ажлын хэсгийг ахалсан А.Бакей гишүүн олон улсын жишиг гэж онцлоод байгаа 48 гишүүн жижиг тойргоос гараагүй тохиолдолд намд оноо өгөхийг больсноор ИЗНН зэрэг намд боломж байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ нам АН-д нэгдэхээс өөр зам үгүй. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд парламент дахь олон ургальч үзлийг боомилж байна. Манай улстөрчид хэлдэг дээ, эдийн засгийг солонгоруулна гэж. Гэтэл өнөөдөр улс төрийг солонгоруулмаар байна шүү дээ. Тэгэхгүйгээр эдийн засаг солонгорохгүй. Хоёрхон нам тоглодог тогтолцоо эдийн засаг гэхээр уул уурхайгаа л ярина биз дээ. Өөр солонгорох юм тэнд байхгүй. Тэгэхээр олон улсын жишгээр сонгуулийн хууль хийчихсэн гэдэг нь “но”-той. Манайх шиг цөөн хүн амтай улсад олон намын тогтолцоо чухал. Тухайлбал, Израиль гэхэд л аль болох олон намын тогтолцоог чухалчилдаг.
Сонгуулийн шинэ хуулиар хөдөө 34, хотод 14 тойрог байхаар хуульчилсан. Энд ч бас эргэж харах юм байна. СЕХ-ны даргын нутаг Завхан аймаг 44 мянган сонгогчтой, тэнд хоёр мандат явж байна. Гэтэл Баянзүрх, Налайх зэрэг 220 мянган сонгогчтой тойрог ганц мандаттай байх жишээтэй. Тиймээс Сонгуулийн хууль шударга бус болсон гэж бид үзэж байгаа. Энэ үндэслэлээр парламентад суудалгүй намууд Үндсэн хуулийн цэцэд хандана. Цаашилбал, нийгэмд маш том маргаан дэгдэхээр байна. Бүхэлд нь дүгнэж хэлбэл, Сонгуулийн хуулиар МАНАН бүтэц үнэн дүр төрхөө харууллаа.
Ж.Сүхжаргалмаа: БИДНИЙГ УЛС ТӨРӨӨС ШАХАЖ БАЙНА
Л.ХЭРЛЭН
-Эрх баригчид Сонгуулийн хуулийг хуйвалдаж баталлаа. Ажлын хэсэгт оролцох саналаа бид амаар, бичгээр удаа дараа өгч, сүүлд нь шаардлага хүртэл хүргүүлсэн. Гэтэл биднийг оролцуулаагүй. Бид хуулийн төсөлд тусгуулахаар найман санал өгсөн. Ер нь бол улс төрийн 22 нам нэгдсэнээс 20 нь Сонгуулийн тухай хуулийн төсөлд идэвхтэй оролцсон. Гэтэл хууль батлагчид парламентад суудалгүй намуудыг шахсан, эрхийг нь хязгаарласан заалтуудыг оруулж, зөвхөн өөрсдийгөө сонгуулах хууль хийчихлээ.
Бид 48:28 гэсэн хувилбарын 48-ыг нь жижиг тойргоор хийе гэсэн саналыг дэмжсэн. Сонгуулийн сурталчилгааг төрөөс санхүүжүүлье, намуудыг нэг гараанаас гаргая, эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 хувь болгоё, автомат машинаар саналын хуудсыг тоолсныг гар тооллогоор баталгаажуулъя гэсэн.
Төрөөс нэгдсэн журмаар бүх нэр дэвшигчийн материалыг сонины нэг дугаарт багтаан айл өрх бүрт хүргэвэл сонгогчдод тустай гэж үзсэн. Ингэвэл далд хэлбэрээр сурталчилгаа явуулах замыг хаах сайн талтай гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэтэл хууль эсрэгээрээ том намуудын эрх ашигт үйлчлэх, зөвхөн тэднийг сонгох нэг талыг барьсан байдлаар батлагдсан нь харамсалтай. Тиймээс парламентад суудалгүй намууд энэ асуудлаар зөвлөлдөж байна. Нэгдсэн шийдэлд хүрнэ. Өөрөөр хэлбэл, ямар үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандах вэ гэдгээ ярьж байгаа. Бас Ерөнхийлөгчийн байр суурийг харж байна. Ер нь бол манай нам анхнаасаа энэ УИХ ёс суртахууны эрхгүй гэдгийг, Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд гар хүрэх чадамжгүйг хэлж ирсэн. Үүнийг Сонгуулийн шинэ хуулийг хэрхэн баталсан нь харуулж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин