Б.СОЛОНГО

 

“Миний эцсийн зорилго Монгол гэдгийг ухаарсан” хэмээн даруухан ярих энэ залууг Л.Мөнх-Алдар гэдэг. Тэр бол хийж бүтээхийн төлөө амьдарч байгаа мянга мянган монгол залуусын нэг. Тэрээр нийслэлийн нэгэн байрны доод давхарт өөрийн жижиг үйлдвэрлэлийг эрхэлдэг. Гэхдээ тэр ажлын байраа подваль гэж нэрлүүлэх дургүй гэсэн. Энэ бол түүний урлан. Хэнд ч юунд ч захирагдахгүйгээр, өөрийн мэдрэмж, ур дүйгээрээ бүтээл хийдэг ажлын байр нь. Л.Мөнх-Алдар зэс, гууль ашиглан үндэсний уламжлалт гэр ахуйн хэрэглэл болох домбо, хусуур, шанага зэргийг хийж худалддаг. Одоо монгол тулга хийж үзэж байгаа гэлээ. Түүний баримталдаг зарчим бол байхгүй юмыг л хийх гэнэ. Дарханы ажил жирийн бидэнд мэдээж хэцүү санагддаг. Гэхдээ тэр энэ ажлыг амьдралын шаардлагаар биш дур сонирхлоороо хийж байгаагаа онцолсон юм. Түүний ажлын байранд шаардлагатай түүхий эд, тоног төхөөрөмжөөс гадна Төрийн далбаа, Чингис хааны зураг, хамгаас хайртай хүмүүс нь болох эхнэр, гурван хүүхдийнх нь зураг өлгөөтэй байсан юм. Түүнтэй ярилцах үеэр урлан бүтээх авьяас нь удам дамжсан төдийгүй Төрийн соёрхолт, Ардын зураач агсан Г.Одонгийн том ач гэдгийг нь мэдэж авсан юм. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг элдэв чимэг хачиргүйгээр хүргэе. Энэ залуугийн ярианаас амьдралд  өөрийнхөөрөө хандахын үнэ цэнийг мэдэрснээ хэлэх нь зүйтэй биз ээ.

-Яагаад ийм бизнес эрхлэх болсон талаар яриагаа эхлэх үү?

-Бизнес гэхээс илүү дуртай ажил минь юм даа. Миний ах, дүү зураач, дархан хүмүүс бий. Удам дамжсан авьяас гэх үү дээ. Би хүний газар удаан амьдарсан. Тэгж дэмий тэнэж явахдаа Монголдоо харьж өөрийн орон зайг эзлэх хэрэгтэйг ойлгосон юм. Баруун гараа ч гэмтээсэн. Байгалиас заяасан авьяасаа хөгжүүлж суугаа нь энэ гэх үү дээ.

-Гадаадад ажиллахаар анх явсан уу?

-Тийм. Ажил хийгээд нэлээд олон жил дэмий тэнэсэн. Хүний нутагт сэргэлэн балайгийн дүрээр амьдарсан юм. Нэг л өдөр за болъё, төрөлх нутагтаа очиж юм хийе гэж шийдсэн хэрэг. Энд ирэнгүүтээ гурав дөрвөн сар юу хийхээ бодсон. Манай хамгийн бага дүү энэ ажлыг санал болгосон юм. Ажлаа хийж эхлээд анх хийж байсан домбо энд байна. Ер нь  байхгүй юм хийх нь миний сонирхол.

-Гараа гэмтээгээгүй байсан бол зургаа зурах байсан уу. Зураач мэргэжилтэй гэсэн байх аа?

-Дүү нараа дээд боловсролтой болгохын тулд сургуулиа орхиж байсан юм. Мэдээж зураачийн авьяас надад бий. 2004 онд гараа гэмтээсэн юм. Баруун гар болохоор хэцүү л дээ. Гэхдээ гараа гэмтээсэн гэмтээгээгүй урлан бүтээх энэ амьдралаас холдохгүй л байсан. Амьдралд бүх юмыг сурч байгаад л эцэст нь үхээд дуусна шүү дээ.

-Олон жил гадаадад амьдарчээ. Монголд ч гэсэн хөдөлмөрлөөд сайхан амьдрах боломж их байгаа биз дээ?

-Хамаагүй илүү. Гэр бүлийнхээ хамт бараг 13 орноор явсан. Анх Чех рүү гараад сүүлд нь Шведэд ажиллаж байгаад ноднингийн цагаан сараас өмнөхөн Орост байж байгаад Монголд ирлээ. Олон жил гадаадад байчихсан болохоор нутгийнхаа уур амьсгалд дасан зохицох гэж хойно хэсэг байсан. Охинд минь жаахан хэцүү байсан л даа. Гэхдээ л монгол хүн юм чинь байх ёстой газраа дасан зохицох нь ойлгомжтой. Одоо бол дажгүй шүү. Анх хийж байснаа бодвол тодорхой худалдан авагчтай болчихсон.

-Одоогийн залуус гадаад руу дурлаад байдаг нь нэг үеэ бодвол багасчихсан юм шиг санагддаг?

-Эх орондоо юм хийх нь хамаагүй дээр шүү дээ. Гадаадад гарсан хүн буудлын цэвэрлэгч хийнэ, аяга таваг угаана. Эсвэл юм оёно. Тэгж хүний газар явахаар Монголдоо амьдарсан нь сайхан байна.

-Дэлхийн өнцөг булан дахь монголчууд маань хэр амьдарч байна?

-Янз бүр дээ. Гэр бүлээрээ сайхан амьдарч байгаа нь байна. Архи дарс уудаг нь ч байна. Хар бараантай гэхээс илүү гэр бүлээрээ гэгээлэг амьдарч байгаа нь олон байна. Гэхдээ би миний эцсийн зорилго эх орон минь гэдгийг ойлгосон.

-Иймэрхүү бизнес эрхлээд хэр амьдарч байна. Нууц биш бол сард хэдийг олох вэ?

-Гайгүй ээ. Яахав дэгсдүүлэхгүй татаад хэлчихэд сард дөрвөн сая төгрөг олчихно шүү.

-Энэ мөнгөний төлөө хэр хөдөлмөрлөх вэ. Ням гариг хүртэл ажиллаж байх юм?

-Миний дурын л асуудал шүү дээ. Би энэ ажлыг дурандаа хийж байгаа. Хэзээ ч хамаагүй хаашаа ч явчихна. Намайг хэн ч хорихгүй. Дуртайдаа л ингээд сууж байна. Гол нь мөнгөндөө биш бүтээж байгаадаа байгаа юм.

-Та эндээ ганцаараа ажилладаг юм уу?

-Ганц хоёр хүн байсан. Өөрийнхөө чадахыг зааж өгдөг юм. Даанч үйлдэл нь таалагдахгүй болохоор явуулчихсан байгаа. Монголчуудад архи дарсны хүнд асуудал байна шүү дээ. Одоо ч ганц нэг хүн сураглаад байж байгаа. Уг нь юм заалгаад байвал өөрсдөд нь хэрэгтэй баймаар.

-Захиалсан зүйлсийг нь хийж өгөхөд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Эхэндээ жаахан санаа зовдог байсан. Ямар ч юмыг хийгээд ирэхээр төгс болно. Тэр төгс зүйлийг минь хүмүүс ахуй амьдралдаа хэрэглэж байгаа гэж бодохоор сайхан байдаг юм. Энэ жил хэдэн уяач надаас домбо авсан. Их л сайхан хүлээж авсан.

-Гараар хийсэн гэхээр өөр байх. Энэ домбо ямар үнэтэй вэ ?

-Бөөнийх нь үнэ 250 мянга. Том нь 350 мянга.

-Нэг домбо хэр хугацаанд гарах вэ?

-Улайраад суучихвал өдөрт 2-3-ыг гаргачихна. Хэтэрхий улайрвал халтуур болчихоод байдаг юм. Хайнга хандчихгүйн тулд хоёр өдөрт нэгийг гаргаад байхад асуудал байхгүй.

-Хийгээд байхаар улам л сайжрах байлгүй. Өмнөх хийснээ голно биз?

-Тэгнэ ээ. Энэ  анхны домбо байна. Бариулыг нь хар л даа. Эмэгтэй хүн атгахад хэцүү байгаа биз дээ. Эр хүний гарт тааруулчихсан юм уу хаашаа юм. Өө нь мэдэгдээд байгаа байхгүй юу. Алдаагаа зассаар байгаад одоо миний хувьд домбо маань төгс болчихсон. Тийм болохоор тулга хийж эхэлж байна.

-Бизнесээ яаж өргөжүүлье гэж бодож байна. Нэг ёсны урлан юм даа, таны?

-Энэ чинь миний урлан байхгүй юу. Хүмүүс подваль гэдэг юм. Би тэгж хэлүүлэх дургүй. Хэдий тоос шороотой ч энд миний бүх зүйл байна. Хаана юу байгаагаа би л мэднэ. Миний ажлын байр. Гэр л гэсэн үг. Цаашид өргөжүүлэх тал дээр их юм бодолгүй яах вэ. Айргийн сав, хувин, архины гүц гээд хийж үзэх бодолтой олон зүйл байгаа. “Монгол натурь” гээд зураг байдаг даа. Тэр зураг л миний санаа шүү дээ. Аягыг нь бол хийхгүй ээ. Тэртэй тэргүй өчнөөн хүн хийж байна.

-Алт мөнгөөр яагаад эдлэл хийдэггүй юм бэ?

-Элдсэн мөнгөтэй аяганууд байна аа. Арай л биш юм аа. Харахад мөнгөн аяга боловч бариад үзэхэд нүнжиг даах эд биш болчихсон. Үйлдвэрлэл маягаар хийж байгаа мөнгөн аягануудыг таалдаггүй болохоор алт мөнгөөр юм хийх сонирхолгүй. Зэс, гуулиар хийнэ гэдэг сайхан шүү дээ. Хүний эрүүл мэндэд ч хэрэгтэй

-Түүхий эд нь хэр олдоцтой вэ?

-Зуун айлаас авна. Заримдаа урагшаа захиж авна. Хятадын зэс л гэдэг юм. Монголчууд зэсээ урагш нь гаргаад урдаас боловсруулсан зэс авч байгаа биз дээ. Тэгэхээр монгол зэс л гэсэн үг.

-Гэрт тань хийсэн эдлэлүүд дүүрэн биз?

-Яагаад ч юм манайд байдаггүй юм. Мэдэхгүй, эдлэлүүдийнхээ анхдагчуудаас гэртээ тавихад яадаг байна гэж өөрөө боддог шүү. Хамаатнууддаа бол бэлэглэнэ ээ. Ээждээ саяхан хийж өгсөн.

-Хийж байгаа эдлэл нь үндэснийх. Урландаа бас Төрийн далбаа, Чингис хааны зураг өлгөчихөж. Та нэлээд үндсэрхэг үзэлтэй байх аа?

-Ер нь цөстэй шүү. Үндсэрхэг үзэлтэй. Хойно байхад манай нэг найз намайг орондоо ажил хийгээд өгөөч гэсэн юм. Би зөвшөөрөөд очтол эзэн нь аяга таваг угаа гэнэ. Таван өдөр угаалаа. Тэгсэн чинь жорлон цэвэрлэ гэж байна. Чадахгүй гэсэн. Монгол эр хүн жорлон цэвэрлэх ёсгүй гэсэн. Харин шал угаа гэхээр нь угаасан. Энэ далбаа бол Чехийн хоёр жилийн наадам, Голланд, Шведийн наадам дээр надтай хамт мандаж байсан далбаа. Манай гэрийн хойморт байнга байдаг байсан.

-Гэр бүлийн хүн тань таны ажлыг хэр ойлгодог вэ?

-Дэмжилгүй яахав. Намайг үнэлж, юу бодож байгааг минь мэдэж байгаа болохоор бүгдийг сайн ойлгодог. Эхнэр хүний дэмжлэггүйгээр эр хүн урагшаа яаж алхах вэ дээ.

-Хүүхдүүд тань бас гарын дүйтэй юу?

-Манай хоёр хүү тийм биш. Гэхдээ тодорхой хэмжээний зурж бичих авьяас бий. Миний охин зураач болно л гэдэг. Цаас, бийр, харандаанаас салдаггүй. Би зураач болоод хэрэггүй гэж хэлдэг.

-Яагаад?

-Эрүүл ахуйн талаас гэх үү дээ. Эмэгтэй хүүхэд тосон будаг, усан будаг гээд элдэв зүйлтэй зууралдана. Арьсны харшил гэж нэг юм бий. Гэхдээ яахав өөрөө болно, өөрийнхөө авьяасаар хоолоо олж иднэ гэвэл би хорихгүй. Гэхдээ ямар ч байсан хорих гээд л үзээд байгаа. Дийлдэхгүй бол дийлдэхгүй шүү дээ.

-Та одоо хэдэн настай?

-42. Сайхан залуу нас биз дээ/инээв/.

-Та гадаадад гэр бүлтэйгээ явсан юм байна. Ер нь гэр бүлийн нэг нь ганцаараа явах дэмий юм шиг?

-Бие холдвол сэтгэл холдоно гэдэг тэр л дээ. Ээж маань зарчимч хүн. Намайг түрүүлээд явья гэсэн чинь эхнэртэйгээ хамт яв гэсэн. Тэгээд хамтдаа яваад жилийн дараагаар нэг хүүгээ аваад охинтой болсон. Азийн цыганы амьдрал гэдэг шиг дэмий тэнэсэн дээ. Гэхдээ утгагүй юм билээ. 10 жил ямар ч зорилгогүй. Яахав нутаг үзэж нүд тайлсан. Охинтой болсон. Хамгийн гол нь ямар нэг зорилго тавчихаад тэрнийхээ төлөө гадаадад ажиллана гэдэг бэрх. Нэг л эргээд харахад цаг  хугацаа явчихсан. Нас дээр гарчихсан байсан даа.

-Монголдоо ирэхэд манай ардчилал ямар байна?

-Би Монголыг ардчилсан улс гэж хэлэхэд дургүй. Ардчилал анх гарч байхад би хүүхэд байж л дээ. Тэр үед залууст ардчилал ийм байдаг гэж хэн ч хэлээгүй. Ардчиллыг наймаа гэж ойлгочихсон. Хувьчлал, хувьцаа гэж юу байдгийг хэлж өгөөгүй. Ард түмэндээ эхлээд таниулах ёстой байсан. ч Европод хувьчилсан орон сууц гэж байдаггүй. Гэтэл манайд хувьчилсан. Тэгээд юу болсон хүмүүс өмчөө зарсан. Мөнгөөр нь наймаанд явсан. Хоёр шатлаа гурав шатлаа. Байшингаа хашаа болгоод, хашаагаа гэр болгоод сүүлдээ траншейнд орсон. Тэгж бодохоор ардчилсан гэж хэлж болохгүй. Хараад байхад сайхан хөгжөөд байх шиг. Гэхдээ угаадаг, иддэг, хождог хүмүүс байсаар байна. Би энэ ажилдаа патентын эрх авья гэсэн чинь хэдийг өгөх вэ гэнэ. Юу гэсэн үг вэ. Миний хийсэн домбыг аваад хятадад аваачаад задлаад хэдэн зуугаар нь үйлдвэрлээд аваад ирэхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Тийм болохоор патент авья гэсэн юм. Тэгсэн өөдөөс тийм юм ярихаар яана аа. 

Илэн далангүй, зарчимч энэ залуу өөрийнхөө бодож явдагаа бидэнд ийн ярьсан юм. Биднийг явахад нэг жилийн дараа дахиад ирэхийг урилаа. Тэр үед өөрийнхөө энэхүү жижиг үйлдвэрлэлийг өргөжүүлчихсан байхаа амалсан юм.