Л.ЭНХТУЯА

Засгийн газрын тэргүүн аймгуудын удирдлагатай хийдэг сар бүрийн цахим хурал өчигдөр боллоо. Хуралд Сангийн яам, Эрчим хүчний яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл ирсэн байв. Өмнөх сарын цахим хурлын үеэр Засгийн газрын тэргүүн аймаг бүртэй цахим хурал хийхээр төлөвлөж байгаагаа хэлж байсан Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өмнөговь зэрэг долоон аймгуудаас бусад нь хурлаа хийж, асуудлуудаа тавьж, шийдвэрлүүлсэн байна. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Цахим хурлаар намайг өөрөө ярьдаг гэж шүүмжилсэн. Тиймээс та бүхэн асуух зүйл байвал хариулъя. Та нар өмнө нь ер уулзаагүй, яриагүй юм шиг зүйл ярьдаг шүү” гэж сануулснаар аймгуудын саналыг сонсож, тодорхой асуудлуудыг тавьж хариулт авлаа юм. Хамгийн эхний асуултыг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь тавьлаа.

Ж.Батсуурь (Сүхбаа­тар аймгийн Засаг дарга):

-Орон нутгийн сангийн санхүүжилт хугацаа хоцорч байна. Манай аймагт 4.7 тэрбум төгрөг ирсэн байна. Үүнээс болоод ажил зогсонги байдалтай болчихлоо. Хэзээ бүрэн шилжиж орж ирэх вэ?

Ж.Ганбат (Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга): Сүхбаатар аймагт энэ жил нийт 9.9 тэрбум төгрөг олгох ёстойгоос долдугаар сард багтаан 5.9 тэрбумыг өгөх хуваарьтай байсан. Үүнээс одоогийн байдлаар 4.7 тэрбумыг шилжүүлсэн. Төсвийн орлого бүрдэхгүй байгаа болохоор хугацаа хоцорч байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг бусад аймгуудын сангийн хөрөнгийн зарцуулалт хэр байгааг тодруулахад Ж.Ганбат “Аймгуудын дансанд зарцуулаагүй 42.2 тэрбум төгрөг байршиж байгаа” гэсэн. Үүнийг сонссон Ерөнхий сайд “Та нар битгий ийм махан толгой шиг хөдөлгөөнгүй, социализмын аргаар асуудалд хандаад бай. Сүхбаатар аймаг шиг ажлаа хийчихсэн, мөнгө хэрэгтэй байгаа аймгуудад хэрэглэхгүй байгаа аймгийн данснаас нь шилжүүлээд өгчихөж болдогггүй юм уу. Ийм энгийн асуудлыг зохицуулахгүй юу хийгээд байгаа юм” гэж хатуухан санууллаа. Увс аймгийн удирдлагууд мөн ийм асуудал тавьсан боловч Сангийн яамныхан тэднийг дансандаа 500 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдэг хариулт өгсөн. Аймгийнхан нь дансанд үлдэгдэлгүй, яамныхан үлдэгдэлтэй байгаа гэж хэлэхэд Засгийн газрын тэргүүн тэдний өөд өөдөөсөө харж суугаад тэс өөр зүйл ярьдаг байдлаа болих хэрэгтэй гэлээ.

Баян-өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен байгалийн халдварт өвчний голомтод ажлын санхүүжилт, өвчилсөн 1258 тоо мал устгасны нөхөн төлбөрийг хэзээ олгох тухай асуусан. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шаардлагатай хөрөнгийг гаргасан, одоо орон нутгийн төвшинд асуудлаа шийд, устгасан малын нөхөн төлбөрийн санхүүжилтыг шийднэ гэсэн хариултыг сонслоо.

Т.Болдбаатар (Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга):

-Улаан-Уул, Цагааннуур сумдын сургуулийн байрны тендерийг яам өнөөг хүртэл зарлаагүй байна. 2013 оны төсвийн хөрөнгөөр шийдэхээр жагсаалтад орсон ажлууд байгаа. Хэзээ шийдэх вэ?

Ц.Баярхүү (Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга):

-Улаан-Уул сумын сургуулийн барилгын ажлын тендерийг энэ долоо хоногт зарлана. Зураг төслийг улсын магадлангаар орох ажил удаашралтай байсан. Цагааннуур сумын барилгын тухайд Хөрөнгө оруулалтын газрын шийдэх асуудал байна.

Н.Алтанхуяг: Наад асуудал чинь худал болж байгаа юм байна. Одоо зарлаж байгаа тендер нэг сарын дараа шалгаруулна. Хүйтний улиралд барьдаг барилга гэж байхгүй. Энэ жил эхлүүлсэн ажил юм бол өөр эзэн хайхгүй, та нарын хариуцлагагүйн үр дүн.

Хөвсгөл аймаг дулааны цахилгаан станцын ажил удааширалтай, энэ жилдээ багтаж ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй байгаа, санхүүжилтыг нь шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан. Энэ тухайд Ерөнхий сайд “98 хувийг авсан компанийн ажил ийм байж болохгүй. Энэ асуудал бас л өмнөх дөрвөн жилийн хариуцлагагүй ажлын үлдэгдлийг цэвэрлэсэн ажил болж байгаа юм. Компанийхантай Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ нутгийн удирдлагуудыг дагуулаад очиж уулзсан. Тэр үеэр энэ сард ашиглалтад оруулна гэж амлаж байсан. Тэр үгэндээ хүрэх ёстой” гэлээ.

Аймгуудын хувьд санхүүжилтын асуудал удааширч байгаа, өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан зарим санхүүжилтыг хуваариас өмнө авах зэрэг асуудлуудыг ихэвчлэн тавьж байлаа.

Засгийн газрын тэргүүн уулзалтын төгсгөлд өвөлжилтийн бэлтгэлийг сайн базаах, орон нутгийн “АЗЗА” компаниудыг хариуцлагажуулах, орон нутгийн хот төлөвлөлтийн саналаа ирүүлэхийг сануулсан. Орон нутгийн салаа замыг тэмдэгжүүлэх, энэ намартаа багтаан аймаг бүрт 3-4 ширхэг төрийн үйлчилгээний цахим машиныг байршуулна гэдгийг мөн хэллээ.