М.ЦЭЦЭГ

Парламентад суудалгүй есөн намын төлөөлөл өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Сонгуулийн хуулийг даруй баталж, зохих заалтыг оруулахыг шаардаж тэдэнтэй хэд хоног хамт тэмцэж явсан МАН болон тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарыг буруутгаж, хамтарсан мэдэгдэл гаргаснаа танилцууллаа.

Мэдэгдэлд “МАН дангаараа тохиролц­соноосоо ухарч, тэмц­лээсээ няцаж буйг бид зэм­лэн буруушаахын зэрэгцээ Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 22 нам Сонгуулийн тухай хуульд оруулахаар удтал хэлэлцэн зөвшилцөж, нэгэн санаагаар хүрсэн “нааштай найман өөрчлөлт”-дөө тууштай үнэнч буйгаа үүгээр баталж байна” гэжээ.

Ногоон намын дарга О.Бум-Ялагч “Хэлж ярьснаасаа МАН буцлаа, бид шударга сонгууль явуулахын төлөө тэмцэнэ” гэв. 3-4 жил ярьсан Сонгуулийн тухай хуулийн төслийг 48 цагийн дотор яаран батлахаар зөвшилцөл нэрээр луйвар хийж байгааг Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат онцлов. БНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зориг “Сар хүрэхгүйн өмнө тохирсон амлалтаасаа МАН ухарч байна. Ямар тохироон дээр  МАН-ын генсек Ж.Мөнхбат тэмцлээсээ буцав гэдгийг асуух ёстой. Энэ явуургүй үйлдлээ даруй зогсоох шаардлагатай. АН-ын нөхдөд  ч аливаа зүйлд хугацаа байдгийг сануулъя” гэв.

МАН-ын генсек Ж.Мөнхбат өмнө нь Сонгуулийн тухай хуульд оруулах найман өөрчлөлт болон, хуулийг даруй хэлэлцэхийг шаардаж тэдэнтэй хамтран хэд хэдэн удаа мэдэгдэл хийж, хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд гэр барьж хүртэл тэмцэж байсан. Гэвч тэрээр тэмцэл, өмнө нь ярьж тохирсон зүйлээсээ буцжээ. Энэ тухайд өмнө нь албан ёсоор гэрээ хэлэлцээ байгуулсан эсэхийг лавлахад О.Бум-Ялагч “МАН биднийг хошгируулчихлаа. Бид нааштай найман өөрчлөлт гэдэг зүйл дээр гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан. Ж.Мөнхбаттай хоёр хоногийн өмнө уулзахад өөр санаа байхгүй гэж байсан” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин