УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд зарим байнгын хороодын дарга нарыг томилов. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг томилов. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нарыг улируулан сонгох саналыг дийлэнх гишүүд дэмжиж, байнгын хороодын даргаар үргэлжлүүлэн ажиллахаар болов. Түүнчлэн Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. УИХ-аас 2016 оны төсвийн хуулийг батлахдаа Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэх шийдвэр гаргасан. Энэ дагуу С.Мэндсайханыг чөлөөлж байгаа юм.
Хэлэлцэх асуудлын дарааллаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг авч ярилцлаа. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь заалтыг үндэслэн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна. Хуралдаанаар Б.Жавхланг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн 50 хувь буюу 27 нь чөлөөлөхийг дэмжээгүй. Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг дахин хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын даргаас хүссэн юм.
Ингээд санал хурааж, үдээс өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэрээ хүчингүй болголоо. Үүний дараа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг 90 хувийн саналаар дэмжин, албан тушаалаас нь чөлөөлөв.
Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжив. Уг нь хууль энэ сарын 31 хүртэл үйлчлэхээр байсан. Хууль үйлчилж эхэлснээс хойш зургаан их наядын хөрөнгө ил болсон гэдгийг мэргэжлийн байгууллагаас өгч байгаа. Тиймээс цаашид улсын төсөвт төвлөрүүлэх шимтгэл, хураамж болон ил болгож байгаа хөрөнгө, орлогын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар хуульд тодорхой шалтгаанаар хамрагдаж чадаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулах зорилгоор хуулийг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжлүүлэн сунгахаар төсөлд тусгажээ.
Хэлэлцүүлгийн үед гишүүд хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим асуудлыг холбогдох албан тушаалтнаас тодруулав.
О.Баасанхүү:
-6.1 их наяд төгрөгөөс ирэх жил татвар орж ирэх үү?
Ч.Сайханбилэг:
-2007 онд батлагдсан хуулиар татвар, нийгмийн даатгалаар хамрагдаж байсан. Энэ удаагийн хуулиар 5-6 салбарыг хамарч байна. 2007 оны хуулийн хүрээнд 2008 онд төсөвт их хэмжээний орлого орж ирсэн байгаа. 2016 онд татварт орлого төвлөрнө.
Я.Содбаатар:
-6.1 их наяд төгрөгийн орлого ил болсон гэж байна. Шинэ хөрөнгийн асуудал яаж гарч байгаа вэ. Төрийн албан хаагчдын зүгээс хуульд хамрагдах боломжийн талаар асуудал их тавьж байна. Үүнийг яаж зохицуулах вэ?
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:
-38 мянган төрийн албан хаагчийн асуудал яригдаж байгаа. Хуулийн зөрчилтэй байгаа учраас тэд хамрагдах боломжгүй байна гэсэн тайлбарыг өгөв.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийг 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл хэрэгжүүлэхийг дэмжсэнээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хорооны байнгын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэв.Мөн хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэв.
Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуулийн төслийг бүлгийн төвшинд хэлэлцэж, саналаа нэгтгэх шаардлага байна гэснээр ажлын тав хоногийн завсарлага аваад байсан юм.
Энэ удаад “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 68.9 хувь дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин