Б.ЭНХЗАЯА

Хотын дарга сая­хан хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд зо­риулсан барилга бай­гууламж, зам талбай тохижуулах шийдвэр гаргав. Түүний энэ шийд­вэр хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн нэгээхэн хэсэгт үл наалдах хийсвэр болсныг юуны түрүүнд онцолъё. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлт манай улсад туйлын хангалтгүй байгааг хүн бүр ярьдаг. Тэд өөрсдөө ч энэ талаар үргэлжийн сэтгэл дундуур явдаг.

Манай улсад албан бус судалгаагаар тул­гуур эрхтний бэрх­шээлтэй 15 мянган иргэн байдгаас найман мянга орчим нь тэр­гэнцэрээр хөлөө ор­лодог. Тэдний 3-4 мянга нь нийслэлд амь­дарч байна. Бу­сад хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийг бод­вол биеийн хүчний бус оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс. Тиймээс нийгмийн амьдралд оролцох бүрэн боломжтой.

Нийслэлийг дахин төлөвлөлтөд хамруулж, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхэлсэн. Харамсалтай нь тэр орон сууцанд нь тэргэнцэртэй иргэд амьдрах хувьгүй төрсөн. Хөдөлмөрийн чадвараа алдсан ч аав, ээж, ах дүүгийнхээ хүчинд байранд амьдарч болох ч наранд гарах боломжгүй. Гарлаа гэхэд орох боломжгүй. Ийм нэгэн зовлон тэдэнд өдөр бүр тулгардаг нь орон сууцны налуу шат юм. Жил бүр хэдэн зуугаар сүндэрлэдэг орон сууцнууд нийслэлийг тор мэт сүлжиж байгаа. Гэвч тэргэнцэртэй иргэдэд зориулсан байгууламжтай орон сууц нийслэлд нэн ховор. Хуучны орон сууцнуудад угаас үгүй. Харин сүүлийн үеийн хотхон, орон сууцны хорооллуудад мэр сэр байдаг ч олонх нь  сургууль цэцэрлэг, үйлчилгээний төвөө шийдсэн хэмээн сурталчилдаг ч яг үнэндээ тэргэнцэртэй иргэдийг орхигдуулсан байдаг.

 

БАРИЛГЫН ДОТОР ШАТАНД Ч НАЛУУ ЗАМ БАЙГУУЛАХ ЁСТОЙ

Эд эрхтэн эрүүл саруул бид ажлаа хийж, амьдралаа зохицуулж өдөр бүр энд тэндгүй явдаг. Өглөө бүр байрнаасаа гарна, байрнуудын дэргэдүүр өнгөрнө. Үүдэндээ налуу замтай, түүгээр нь тэргэнцэртэй иргэд зорчиж явсныг харсан уу. Жижигхэн мэт боловч тэргэнцэртэй иргэдийн хувьд энэ бол хамгийн том бэрхшээл болжээ. Одоогоор нийслэлд “Их Монгол”, “Баянмонгол”, “Цэлмэг” зэрэг хуруу дарам цөөн хотхонд налуу шат бий. Налуу шаттай орон сууцны хорооллын үнэ тэнгэрт хадсан. Дэд бүтцээ цогцоор нь шийдэж өгсөн гэж тэр. Гэтэл тэдгээр нь стандартын бус байдгийг Монголын тэргэнцэртэй иргэдийн нэгдсэн холбооныхон хэлж байна. Угтаа налуу зам нь олон улсын стандартаар шатны өндөрийн хэмжээ 0.12 м байх тохиолдолд уртын хэмжээ нэг метр байхаар тооцдог аж. Налуу замын эхлэл, төгсгөлд тэгш талбай байгуулж, түүний урт нь налуу замын өргөнөөс багагүй байна. Харин налуу замын өргөн 1.2 м байх ёстой. Хэрэв замыг хэт урт хийх тохиолдолд замын чиглэлийг өөрчлөн дугуйрсан байдлаар хийдэг гэнэ. Налуу замын хоёр хажуугаар 0.9 м-ээс багагүй өндөрт бариул бүхий хашлагыг хийнэ. Ингэхдээ бариулаа хоёр эгнээгээр байрлуулж, тэдгээрийн өндөр нь 0.7 м ба 0.9 м байдаг. Налуу замын бариулын хийц шатны бариулын хийцтэй адилхан байх шаардлагатай аж. Гэтэл ийм стандарт мөрдөх битгий хэл эгц өндөр налуу зам байгуулж, дүр эсгэсэн газар ч харагдах болж. Орон сууцанд амьдрахыг хүссэн тэдний бэрхшээл налуу замаар хязгаарлагддаггүй. Хэн нэгнээр өргүүлж, тэврүүлж хаалгаар орвол цахилгаан шатгүй барилгууд ч бий. Бас л том бэрхшээл. Олон улсад барилга доторх шатны дэргэд налуу зам байгуулах стандарт байдаг аж. Шатны өндөр 60 см байгаа тохиолдолд стандартын дагуу дөрвөн метрийн урттай шат хийнэ. Шатны өргөн 90 см-ээс багагүй, бариулын өндөр 70 болон 90 см-ийн өндөртэй хоёр бариулаас бүрдэнэ. Ийм зам бас л байдаггүй. Тэгэхээр тэргэнцэртэй иргэд яалт ч үгүй орон сууцнаас орхигдсон өрөвдөлтэй хүмүүс юм. Энэ асуудлыг нийслэлийн удирдлагууд хэрхэн шийдэх юм бол.Тэдний нэн түрүүнд анхааралдаа авч шийдэх асуудлын нэг энэ байх учиртай. Иргэд рүүгээ хандсан зөв бодлого үгүйлэгдэж буйн нэг жишээг энд дурдлаа.