Д.ОЮУНЧИМЭГ
“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас хууль бус лиценз олгосон Уул уурхайн сайд Р.Жигжид огцрох учиртай хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлсэн. Учир нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Онон голын сав газарт 779.32 га талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг энэ оны наймдугаар сарын 13-нд олгосныг эсэргүүцэж буй. Энэ талаар УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, “ДМНН” ТББ-ын тэргүүн Х.Бээжин нарын байр суурийг сонирхлоо.
Б.Батхүү: Бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд
-“Гутайн даваа” компани 2003 онд тусгай зөвшөөрөл авсан байдаг. Ингээд Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт хайгуул хийж алтны үндсэн орд олж, 2012 онд нөөцөө батлуулсан байгаа юм. Тухайн компани олборлолт явуулах гэтэл ойн сантай давхцалтай учраас хүлээлт үүссэн байсан. Энэ оны эхэнд “урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, журам батлагдсан. Үүний дагуу тус компани БОНХАЖЯ-ны дүгнэлтийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэний дагуу шийдвэрлэсэн. Бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд. Одоо тус компани байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн компаниар хийлгэж байгаа юм билээ. Орон нутагт олборлолт явуулахын тулд орон нутгийн иргэдээс дэмжлэг авсан байх учиртай. Тэд арваннэгдүгээр сарын 4, арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд нутгийнхантай уулзан дийлэнх олонх буюу 56.3 хувийн саналаар дэмжлэг авсан байгаа юм. Тэгэхээр хуулийн дагуу ажиллаж байгаа компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй. Ер нь “Гутайн даваа” компанийн 51 хувийг Монгол, 49 хувийг Канад хөрөнгө оруулагч эзэмшдэг.
Х.Бээжин: Баримтаар баталгаажуулсан
-Ерөнхий сайдад шаардлага тавьсан. Бурхан халдун уулаас эх аван урсдаг Онон голын хөвөөнд 779 га газарт хууль бусаар алт олборлох тусгай зөвшөөрлийг гадаадын компанид олгосон байгаа юм. Үүнийг цуцлахыг шаардаж байна. Бид энэ төрлийн хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийн талаарх баримтыг дэлгэсэн. Тэгэхээр хариуцлагагүй уул уурхайг хөгжих нөхцөл бүрдүүлж хулгайн лиценз олгодог салбарын сайдыг огцруулахыг шаардсан. Мэдээж баримттай байх ёстой. Тиймээс өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон газруудыг шалгаж баримтжуулсан. Бидний хувьд өнөөдөр 15.00 цагийн дотор шаардлагын хариугаа авахаар хүлээж байна. Хэрэв шаардлага хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Магадгүй салбарын сайдтай нь уулзах хэрэгтэй гэх байх. Гэхдээ бидэнд уулзаад шийдэлд хүрдэггүй туршлага, жишээнүүд бий шүү дээ. Тэгэхээр хурц хэлбэрээр тэмцэх нь зүйтэй гэж үзсэн. Харамсалтай нь өчигдөр орой /2015.12.21/ миний гар утсанд хоёр өөр дугаараас дарамталсан мессэж ирсэн. Гэсэн хэдий ч бид шантрахгүй ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин