УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хуралдаж амжсангүй. Учир нь Сонгуулийн хуулийн ажлын хэсэг өчигдөржин хуралдав. Ажлын хэсэгт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд болон бие даагч гишүүдээс бүрдсэн 10 гишүүн ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг тодорхой зөвшилцөлд хүрсний дараа нам, эвслийн бүлгүүд дахин хуралдах юм байна. Ажлын хэсгийн явцын талаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос тодрууллаа.
-МАН-ынхан Сонгуулийн хуулийн асуудлаар өчигдөр Төрийн ордонд үүр цайтал хуралдсан гэсэн. Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт ямар саналууд оруулахаа шийдэж чадсан уу?
-Өчигдрөөс эхлээд энэ асуудлаар шөнө орой болтол хуралдаж байна. Хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлд олон талын санал гарч байгаа. Манай намын бүлгээс хар машинаар тоолохдоо зарим хэсэгт хяналтын тооллого хийх ёстой гэдгийг хэлж ирсэн. Одоо ч энэ үүднээс хандаж байна. Асуудлыг олон талаас нь ярьж заримд нь буулт хийж байгаа. Эцсийн байдлаар шийд гараагүй учир тэр болгоныг дэлгэрэнгүй ярих боломжгүй.
-Ажлын хэсгийн хурал дээр танай нам орон нутаг болоод УИХ-ын сонгуулийг хамтад нь хийх санал гаргасан гэсэн?
-Энэ удаа ярьж буй зүйл нь орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамтад нь явуулах талаар юм. Гэхдээ одоогоор энэ асуудлыг эцэслээгүй байна. Энэ тохиолдолд ард нийтийн санал асуулгыг цуг явуулна гэвэл ярвигтай. Хэн тэгж ярьж байгааг мэдэхгүй байна. Ер нь аль аль нь тусдаа хуулиар зохицуулагддаг ажил. Тэр ч утгаараа хоёулаа чухал ач холбогдолтой. Бидний ярьж буй Сонгуулийн хуулийн өөрчлөлтүүд ороод явбал өмнөх сонгуультай харьцуулахад санал хураах хуудас олон хүний нэртэй болж, техник ажлын хувьд нэлээд төвөгтэй цаг авсан сонгууль болох магадлалтай байгаа. Тэр тохиолдолд ард нийтийн санал асуулгыг оруулаад явна гэвэл бүтэл муутай зүйл болох байх. Би үүний эсрэг байна.
-Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг батлах ёстой. Ажлын хэсэг зөвшилцөөд, баталж амжих уу?
-Хуулийн хугацаанд батлагдана гэж найдаж байна гэв.
Бүтэн өдөр хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар нам, эвслийн бүлгүүд зарим нэг асуудал дээр зөвшилцөлд хүрч, АН, МАН харилцан буулт хийж байгаа гэх албан бус мэдээллийг өгч байлаа. Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Автоматжуулсан системийг машинаар болон гараар тоолно гэдэг саналыг манай намын бүлгээс гаргасан. Үүнийг ярилцаад тойрог, хэсгийн хорооны саналын 50 хувийг гараар тоолж, баталгаажуулъя гэдгийг ажлын хэсгийн төвшинд ерөнхийдөө ойлголцсон” гэдгийг хэлсэн юм. Гэвч гараар тоолсон дүн, машинаар тоолсон дүн хоёрын алийг нь эцсийнх болгохыг хараахан шийдээгүй байна.
Түүнчлэн Сонгууль явуулах тогтолцоог 28 нь бүсчилсэн, 48-аа томсгосон буюу одоогийн тогтолцоогоор явуулах тал дээр ажлын хэсгийнхэн тохирч байгаа аж. Мөн ажлын хэсгийнхэн аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах боломжтой гэж үзэж байгаа бол сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг тусад нь явуулах нь зүйтэй гэсэн санал гарсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин