Б.НОМИН

Дэлгэр зуны налгар цагт хүн болгон л чийгтэй байшингаасаа зугатаж байна. Хаа очиж, хаяандаа гараад салхи амьсгалж, ус туулах хувьтай хүмүүс, Улаанбаатарын бид. Машинаа унаад, майханаа чирээд Туул гол руугаа зүглэх дуртай “албан бус” амрагчид хаа сайгүй байна. Үүнийг буруутгах аргагүй юм. Хүмүүс бид байгальдаа аялж, алжаалаа тайлах эрхтэй. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Туул голын маань эргэн тойрон нэг л биш болоод байна. Хаа сайгүй хөглөрсөн хог хаягдал үзэсгэлэнт байгальд алжаалаа тайлах гэсэн хүслийг тэр дор нь унтрааж орхино. Хэн дуртай нь голын хайрган дээр зогсож байгаад машин угаалгын газар ажиллуулах нь холгүй юм болно. Хаа таарсан газартаа буудаллаж явдаг сэтгэлгээнээс маань улбаатай байж болох ч үлдээсэн буурин дээрээ хамаг муу муухайгаа орхиод явдаг уламжлал өвөг дээдэст минь байгаагүй л болов уу.

Суурьшил, хүн амын хэт төвлөрөлд дарлуулсан их хотыг дайран урсаж буй Туул голынхоо эргээр сэтгэл дүүрэн амарч суух боломж ийнхүү өдөр ирэх бүрт хумигдсаар байна. Уг нь дэлхийн хотуудад төвөөр нь гол урсч байна гэдэг том давуу тал болдог. Тодорхой цэгүүдэд наран шарлагын газартай, завиар зугаалж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлсэн тийм орчинг бид гадны хотуудаас харж болно. Харин манайд эсрэгээрээ голын эрэг нь архидан согтууралт, хог хаягдлын газар болчихлоо.

Би л хувьдаа энд агаа­раар нь цээж дүүрэн амьс­галж, үзэсгэлэнт бай­галиар нь нүд хужир­лан­гаа алжаалаа тайлж, ам­­раад буцдаг, цэвэр то­­хилог орчин бий бо­лоосой гэж хүсч байна.

Туул голыг архидалт, хог хаягдлын газар биш, жинхэнэ утгаар нь ам­ралт, чөлөөт цагийн бүс болгоосой.