С.САРУУЛ

Л.Гансүх нарын шүүх хурал олны анхаарлын төвд байв. Олон нийт шүүхийн шийдвэр шударга гараасай хэмээн цахим хуудсандаа бичиж, санал бодлоо илэрхийлж байлаа. Учир нь Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдээд байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарыг шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард болохдоо таван өдөр үргэлжилж байсан юм. Олон нийтэд нээлттэй явагдсан шүүх хурлын дараа  Л.Гансүхийн төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасч, 4.6 жилийн хорих ял оноосон. Харин “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгож, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл Л.Гансүх нарын давж заалдах шатны шүүх хурал ºíººдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд болсон юм. Шүүх хуралд ажиглагчаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг суусан бол  дарханчуудыг төлөөлж УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцсон юм.  Л.Гансүх урьдчилан хорих 461-дүгээр ангиас онлайнаар оролцсон юм. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Шүүхийг шударга байгаасай. Хэтэрхий нэг талыг барих вий” гэдгийг сэтгүүлчдэд удаа дараа  хэлж байв. Харин хорих ангиас онлайнаар оролцсон Л.Гансүх анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа шүүх бүрэлдэхүүнд дуулгаж, 4.6 жилийн ял оноохдоо прокурорын дүгнэлтийг үг үсэггүй хуулж яллах дүгнэлт үйлдсэн  хэмээн буруутгаж, шүүмжлэлтэй хандаж байв.

Өглөө 09:00 цагт эхэлсэн шүүх хурал бүтэн өдөр үргэлжилсний эцэст орой 19:55 цагт шийдвэрээ гаргав. Шүүхээс Л.Гансүх нарын анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Харин шүүх хуралдааныг удирдан явуулсан .Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ, Мягмарсүрэн нарын гурван шүүгчийн нэг нь тусгай санал гаргажээ. Тодруулбал, шүүгч Мягмарсүрэн  тусгай санал буюу Л.Гансүх нарыг гэм буруугүй гэж үзсэн байна. Энэ талаар өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодруулахад “Шүүгч Мягмарсүрэн энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, өнөөдрийн шүүхийн шийдвэрийн эсрэг санал гаргасан ч бусад хоёр шүүгчийн саналаар буюу олонхын шийдвэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тусгай санал хэр баргийн хэрэг дээр гараад байдаггүй. Дараа нь хүнийг хууль бусаар ялласан гэх асуудал яригдах юм бол тусгай санал гаргасан шүүгч хариуцлагаас чөлөөлөгдөнө. Миний хувьд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээд шүүхэд гомдол гаргана. Гэмт хэрэг биш учраас цагаатгана” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn