Д.МЯГМАР
Нийслэлийн иргэд өвөлдөө амны хаалт зүүж, дулааны улиралд барилгын каск өмсч явахгүй бол болохгүй нь. Зөвшөөрөлгүй барилгын ажлын балгаар 2007 оноос өнөөдрийг хүртэл 108 хүн барьж буй барилгын орчимд амиа алджээ. Хамгийн сүүлд гэхэд “Тэнгис”-т кино үзэх гэж явсан оюутан Ч-гийн толгой дээр барилгын төмөр шон унаж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Зөвшөөрөлгүй барилгын эргэн тойронд нас барсан хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангахын тулд хотын даргын хувьд ямар арга хэмжээ авав?
-Нийслэлд гарсан ослын талаар Засаг даргын зөвлөлийн хурлыг зарлаж сая асуудлыг хэлэлцлээ. Санаатайгаар барилгын осол гаргаж хүний амийг хөнөөсөн хэргийн талаар нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал та бүхэнд мэдээлэл өгсөн байх. Түүнийг эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллахыг даалгасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга хэлэх үггүй сууна. Энэ сарын 17-ны өдрийн 15.20 цагт “Тэнгис” кино театрын дэргэд барьж буй барилга дээрээс төмөр унаж хашааны дэргэдүүр явж байсан хүний толгойг цохиж амь насыг нь хөнөөсөн харуусам хэрэг гарлаа. “Эко констракшн” компанийн барьж буй барилгын найман давхраас бэхэлгээний төмөр унасан байна лээ. Чингэлтэй дүүргийн прокуророос энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн.
-Зөвшөөрөлгүй барилгуудын ажлыг зогсоох талаар захирамж гаргасан санагдана. Хэрэгжээгүй юу?
-Энэ сарын 7-нд зөвшөөрөлгүйгээр эхэлсэн барилгуудын ажлыг зогсоох тухай 557 дугаар захирамж гаргасан, би. Дөрвөн заалттай. Нэгдүгээрт, нийслэлд дур зоргоороо, зөвшөөрөлгүй барьж байгаа барилгуудын ажлыг зогсоох үүрэг, даалгаврыг НМХГ-ын даргад өгсөн. Хоёрдугаарт, зөвшөөрөлгүй барьж байгаа барилгын ус, дулаан, цахилгааныг таслаж, тоног, төхөөрөмж нь ажиллах боломжгүй болго гэсэн. Нөхцөл байдал ямар байгааг та харж байгаа байх. Гуравдугаарт, барилгын компаниудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг шалгаж ирэх сарын 10-нд Засаг даргад мэдээлэх үүрэг өгсөн. Саяхан болсон “Аюулгүй Улаанбаатар” зөвлөгөөний үеэр би зориуд анхааруулж хэлсэн.
-Яагаад өнөөдрийг хүртэл хотын даргын гаргасан захирамжийг тэд биелүүлсэнгүй вэ?
-Харамсалтай нь тэд үүргээ биелүүлсэнгүй. Дарга нар нь ажилласангүй. Захирамж гарсан өдрөөс хойш дээрх хоёр шийдвэрийг хэрэгжүүлэх бүрэн боломж байсан.
-Хотын даргын өгсөн үүргийг тэд зориуд биелүүлсэнгүй юу. Тэд хариуцлаггүй ажилласнаар ийм осол, хэрэг гарлаа гэж хэлж болох уу?
-Үнэхээр хариуцлаггүй ажилласан, тэд. Жишээ нь, зөвшөөрөлгүй барьж буй 79 барилгын 53 нь акт хүлээж авч, гарын үсгээ зурсан байхад ажиллуулаад л байж. Хачин байгаа биз.
-Цахилгааныг нь тасласан хэдэн барилга байгаа вэ?
-77 барилгын компаниас ердөө 14 барилгын цахилгааныг тасалсан байна.
-Ямар учраас ийм цөөхөн байгаа юм бол?
-”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн нөхдөөс ямар учраас зөвшөөрөлгүй барилгуудын цахилгааныг таслаагүйг асуухад хариу хэлэх хүн алга.
НМХГ-ынхан шалтаг, шалтгаан тоочиж, хэрэг явдлаас булзаж байна. Зөвлөлийн хурал дээр НМХГ-ын дарга нар ажлаа хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ осол хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдсан, хайхрамжгүйгээс болсон хэрэг биш шүү. Удаа дараа давтагдаж байгаа хэрэг. Ингэхдээ зөвшөөрөлгүй барилга дээр осол давтан гарч байна. Зөвшөөрөлгүй барилга барьж буй нөхөд энэ үйлдэл болон эс үйлдлээ өөхшүүлсэн, зохион байгуулалттай хэрэг болох нь харагдлаа. Энэ ослыг зориуд, зохион байгуулалттай хийсэн гэмт хэрэг гэж хэлж болно. НЦГ-ын даргад үүрэг өгч хууль бус барилгын ажилтай холбоотой нөхдөд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар болсон. Ингэхгүй бол сүүлийн үед нийслэлд хүний амь нас хохирчихоод байхад барилга дээр зүгээр л нэг осол гарсан юм шиг асуудалд энгийн хандаж байна. Ингэхгүй. Дахин хэлэхэд, нийслэлд албан тушаалтнуудын зохион байгуулалттай, бизнесийн зарим хүний оролцоотой, гэмт хэргийн шинжтэй осол гарсаар байна. Дээрх ажлын биелэлтийг хянаж чадаагүй, хариуцлага алдсан Засаг даргын дэд бүтэц, барилгын асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт сануулах арга хэмжээ авна.
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн яагаад зөвлөлийн хуралд ирээгүй вэ. Ажлаа хийж байгаа юм уу?
-Тэр хүнийг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг Засаг даргын хувьд би гаргасан. Гэтэл илт хууль зөрчсөн бузар, булай үйлдэл хийгээд энүүгээр, тэрүүгээр аргалаад яваад байх юм, тэр. Та биш, би өөрөө хүсэлтээрээ ажлаа өгч байгаа гэж яриад явж буй хүнд би юу хэлэх вэ. Энд ажлын хариуцлага, хүний амь насны асуудал яригдаж байна. Алдар хүнд, албан тушаал хамаа алга.
Энэ ажилд Д.Тэрбишдагва сайд хөндлөнгөөс оролцоод байх юм. АТГ-ын Хяналт, дүн шинжилгээний газрын хэлтсийн дарга Эрдэнэбатыг түүний оронд тавих хүсэлтийг би МХЕГ-ын дарга Р.Содхүүд хүргүүлсэн. Долоо хонож байхад хариу алга. Гэтэл Шадар сайд тэр хүний танилцуулгыг аваад явсан гэнэ. Д.Тэрбишдагвад энэ томилгоо ер хамаагүй. Би МХЕГ-ын даргатай зөвшилцөөд НМХГ-ын даргыг томилох ёстой байдаг.
Барилга барих зөвшөөрлийг мэргэжлийн хяналт өгдөг юм. Зөвшөөрөлгүй 79 дотор энэ барилгын компанийн нэр ямар учраас багтаагүйг асуулаа. НМХГ нэрийг нь гаргаж жагсаалтад оруулаагүй л байна.
-”Тэнгис” кино театрын урд талд тэд анх усан оргилуур барина гэж зөвшөөрөл авсан байх аа?
-Дуу хөгжимтэй, мундаг усан оргилуур барина гэж газрын зөвшөөрөл авсан байдаг. “Тэнгис” кинотеатрын урд барилгын эзэд нь анх 16х24 хэмжээтэй газар авсан. Сүүлд зөвшөөрлөө өөрчлөөд 30х24 хэмжээтэй болгосон. Өнөөх усан оргилуурыг хаа байсан Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутагт зөөгөөд орон нутгийн хөрөнгөөр бариулсан байдаг юм. Өмчийн харилцааны газартай гэрээ хийгээд л хувийн хөрөнгөөр хийх ажлыг ингэж л аргалж улаан цайм хуйвалдаад байна. Ийм даварсан нөхдийг НМХГ нэг удаа 250 мянган төгрөгөөр торгосон гэнэ. Энэ одоо юу вэ. Хуульд мэдэгдэл өгнө, дүгнэлт гаргана, акт үйлдэнэ гэж заасан байгаа. Барилгын ажлыг зогсоох арга хэмжээ авах ёстой. Гэмт хэргийн шинжтэй бол хууль бус барилгыг буулгах ёстой. Тэднийг ямар ч туршилт, судалгаа хий гэж хэлээгүй.