
Х.ХУЛАН
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга Н.Амгалантай ярилцлаа.
-Уул уурхайг түшиглэсэн гэдэг утгаараа маш богино хугацаанд хөгжиж байгаа сум гэж Цогтцэцийг ярьдаг. Гэхдээ хөгжил дагасан бэрхшээл бас нэлээд гардаг байх?
-Уул уурхай хөгжиж байгаа. Энэ бол зөвхөн сумын төдийгүй манай улсын эдийн засгийн гол салбар учраас цаашаа хөгжих ёстой. Нөгөө талаар нутгийн уугуул иргэд болох малчин ардаа бас зэрэгцүүлэн хөгжүүлж авч явах шаардлага гарч байгаа юм. Нэг талдаа уул уурхай нь хөгжөөд, нөгөө талдаа хөдөө аж ахуйн чиглэлээр малчдын аж амьдралыг тогтвортой, орлоготой, ирээдүйтэй төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх бодлого барьж байгаа. Иймээс 240 мянга орчим га газрыг тусгай хамгаалалтад авсан. Ингэснээр малчдад бид ирээдүйд уул уурхайд шахагдаад хөөгдөөд явчихгүй юм байна гэсэн итгэл үнэмшил бий болж байгаа юм. Гэхдээ сүүлийн үед нэг асуудал үүсээд байгаа нь энэ хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр тусгай хамгаалалтад авчихсан газар дундуур Даланзадгад,Тавантолгой Сайншандын чиглэлийн төмөр замын трансыг төлөвлөөд байгаа. Тусгай хамгаалалтад авсан энэ газар нутаг сумын малчин айл өрхийн бараг 90 хувь нь байгаа. Ийм төвлөрсөн газар болох учраас энэ жаахан эрүүл газрыг бидэнд үлдээж өгөөч, төмөр замыг тусгай хамгаалалттай газрын гадна талаар нь явуулж өгөөч гэсэн хүсэлтийг иргэд тавьж байна. Бид энэ саналыг шийдвэр гаргах хүмүүст нь тавиад байгаа.
Мэдээж, уул уурхай хөгжих боломжийг орон нутаг дэмжинэ. Гэхдээ сумын уугуул иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах эрх нь зөрчигдвөл иргэдийнхээ байр суурийг баримтлах шаардлага зайлшгүй гарна.
-Хүн амын шилжилт хөдөлгөөн их байгаа байх. Тэр болгоныг хүлээж авах хүчин чадал бий юү?
-Оны эхний хоёр улирал хүрэхгүй хугацаанд 525 хүн албан ёсоор шилжиж ирж байна. 300 гаруй нь насанд хүрсэн хүн, 160 гаруй нь хүүхэд. Ингээд ирэхээр цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээнд хүндрэл үүсээд байна. Өнгөрсөн хавар бэлтгэл анги, цэцэрлэгт хүүхдүүдээ бүртгэсэн, цаана нь 400 орчим хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй илүү гарчихаад байна.
-Ямар гарц байна вэ?
-Дөрвөн яамны ажлын хэсэг ирэхдээ сургууль, цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байгааг ойлгоод явсан. Ирэх 2014 оны төсөвт суулгаад, 2015 он гээд шийдэгдэх байх. Гэтэл ирэх есдүгээр сард яах вэ гэдэг асуудал бий. Тэгэхээр энэ есдүгээр сард төсвийн тодотголуудыг хэлэлцээд багш, хүүхдийн хоол ундны асуудлыг ядаж 400 хүүхдийнхээ тоог 50 хувиар бууруулахаар шийдээд өгвөл бид өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаад гэр цэцэрлэгийн төсөл хэрэгжүүлмээр байна. Гэхдээ зөвхөн дулааны цагт, ээлжээр. Эхлээд 20 хүүхэд, дараагийн 20 хүүхэд гэх мэт. Аж ахуйн аргаар байшин сав бариад, дээрээс нь компаниудаас гэр авч боломжоороо ажиллая л гэж бодож байна.
-Одоо хэдэн хүүхдийн цэцэрлэг байгаа юм. Ер нь сүүлийн үед шинээр цэцэрлэг барьсан юм уу?
-Шинээр иж бүрэн цэцэрлэг, сургууль дотуур байрны барилга барьж энэ жил ашиглалтад оруулсан. Ингэснээр 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байрны асуудал шийдэгдсэн. Ухаахудагийн уурхайн ажилчдын хүүхдийн 50 хувь байгаа гэдэг утгаараа энэ уурхайгаас, 50 хувийг Өмнөговь аймаг өөрийнхөө хөрөнгөөр үүнийг барьсан юм. Нийтдээ долоон тэрбум төгрөг зарцуулсан. Гэхдээ л энэ нь эрэлтийг хангаж чадахгүй байна. Сумын сургуулийг мэргэжлийн хяналтынхны дүгнэлтээр ашиглаж болохгүй гээд гарчихсан, 440 хүүхдийн сургууль бий. Гэтэл одоо энд 832 хүүхэд сурч байгаа. Зарим анги нь гурван ээлжээр хичээллэж байна.
Манай суманд албан ёсны бүртгэлтэй 6000 хүн байна. Гэтэл бүртгэлгүй хэрнээ байнга ирж очдог, суурин амьдардаг иргэдтэйгээ нийлээд 15000 хүрчихсэн. Мэдээж, үндсэн 6000 иргэндээ л зориулсан төсөвтэй. Гэтэл манай сумын эмнэлэг наймхан ортой. Хуучин 2500 хүнд үйлчлэх зориулалтаар барьж байсан юм.
Яахав, өнгөц харахад суманд хөгжил харагдаад байдаг. Мэдээж, хувийн хэвшлийнхэн хурдтай ажилладаг юм байна. Харин төрийн хийх ажлууд маш удаашралтай байна. Төсвийн хөрөнгөөр хийчихсэн ажил яг энэ гээд хэлчих юм алга. Тухайлбал, энд амьсгалын замын өвчлөл маш их байна. Яагаад гэхээр хүн, машины хөл хөдөлгөөнөөс болоод сумын төвд тоосжилт их байна. Гэтэл хот биш сум учраас манайд зам тавьж өгдөггүй юм.
-Энэ жилийн сумын төсөв хэд байгаа вэ?
-323 сая төгрөгийн төсөвтэй. Одоогийн байдлаар түгээмэл тархацтай ашигт малтмалтай холбогдуулаад бүтээн байгуулалтын ажлууд жигдрээгүй байгаа учраас төсвийн орлого муу байгаа. Төсвийн шинэ хуулиар гол төсвүүд нь улсад орчихож байгаа юм. Орон нутгийн төсөвт хуваарилсан нь маш бага. Ерөөсөө л, аль мөнгө ордоггүй хэдэн заалтыг нь суманд үлдээчихэж байна шүү дээ.
-Хүн амын төвлөрөл, дээрээс нь уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор танай суманд үнийн хөөрөгдөл их байдаг гэж сонссон?
- Өртөг өндөр байгаа. Тухайлбал, манай сумаас нэг хүн 360 мянган төгрөг төлж байж нийслэл рүү нисч байна. Ийм үнээр Улаанбаатар руу нисдэг сум Монгол Улсад өөр байхгүй. Яг адилхан зайтай Даланзадгадаас авиа компаниудын нислэг 180 мянга гаруй төгрөгийн үнэтэй байгаа. Тэгэхээр манай суманд тогтоосон энэ үнэ хийсвэр. Яахав, уул уурхайн компаниуд нүдээ аниад 360 мянгаар нисдэг л юм байгаа биз. Тэд нүүрсээ зарж байна. Гэтэл жирийн иргэд, малчид, төрийн албан хаагчид нүүрс зардаггүй шүү дээ. Ханбогд руу гэхэд 100 мянга гаруй төгрөгөөр л нисдэг юм байна лээ.
Уг нь анх нисэх онгоцны буудлын зориулалтаар газар авахдаа сумын иргэдэд үйлчилнэ, тэдэнд зориулсан суудлыг байнга байлгана гэж хэлж авсан. Одоо тийм суудал байдаггүй. Яаралтай нисэх шаардлагатай хүн явах болдог. Гэтэл өөдөөс нь өндөр үнэ тулгаад сууж байгаа юм. Цогтцэцийгийн 6000 иргэн бүгдээрээ нүүрс зардаггүй гэдгийг л нисэхийн компани ойлгохгүй байна л даа.
Дээр нь бусад бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Уул уурхайн компаниудад ажиллаж байгаа хүн олон бий гэдэг утгаараа. Гэтэл жирийн малчин хүн тэр уул уурхайн ашиг шингэсэн, дээрээс нь нэмээд хөөрөгдсөн үнээр бүтээгдэхүүнийг худалдаж авна гэдэг хэцүү.
-Агаарын бохирдол, тоосжилтын асуудлыг та цухас дуурьдсан. Уурхайд тоос босдоггүй технологи ашиглахад дэвшилт гаргаж чадсан уу?
-Чадахгүй байна. Манай сумын хажууд, 6-7 км-т Ухаа худагийн уурхай ажиллаж байна. Өглөө, оройдоо тоос нь суманд тогтчихоод байна. Яахав, гол үйлдвэрлэл явуулж байгаа хэсэгтээ тоос бага гардаг шаварлаг хөрсөөр хучих зэргээр юм хийгээд л байгаа юм. Гэхдээ дийлэхгүй байна. Тоосжилтыг бууруулах нэрээр улс уурхайнуудаас агаар бохирдуулж байгаагийн төлбөрт тонн тутмаас 1000 төгрөг авч байгаа. Гэтэл тэр мөнгө нь Улаанбаатарт зуух, яндан болчихож байна. 1000 төгрөгийн ядаж 300-400-г нь үлдээчихэж байвал болж байна шүү дээ. Ядаж л сумынхаа төв дээр хар замтай болоод эхэлнэ.
-Цогтцэцийг маш богино хугацаанд хөгжиж байна гээд л яриад байдаг. Гэтэл таны хэлж байгаагаас үзэхэд тэрхүү хөгжил гэдгийг хувийн хэвшлийнхний барьж байгуулсан хэдэн барилгаар л хэмжээд байгаа юм байна. Яг нөгөө хөгжлийг илэрхийлэгч хүчин зүйлүүд нь алдагчихаад байгаа юм байна шүү дээ?
-Энэ бол хуваарилалтын буруу. Эндээс татвараар эдийн засагт орж байгаа хөрөнгө асар их бий. Тэрний ердөө арван хувийг жилдээ зарцуулаад байхад л жинхэнэ хөгжил харагдах ёстой байхгүй юу. Гэтэл тэгэхгүй, 100 хувь улсад орчихоод байна. Энэ мэтээр өнөөдөртөө асуудал нэлээд байна. Мэдээж, бид ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар “Сум” төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд нэг хүнд нэг сая төгрөгөөр бодож хөрөнгө оруулалт хийе гэж байгаа. Ингэвэл манай сум зургаан тэрбум төгрөгийг тэрхүү төслөөр авна гэсэн үг. Ийм мөнгөөр багагүй асуудал шийднэ. Дэд бүтэц сайжирч байна, төмөр зам тавих гэж байна. Одоо цахилгаан станц тавих гэж байна гээд Монгол Улсын томоохон хэмжээний бүтээн байгуулалтууд энэ суманд төвлөрч байгаа учир ирээдүй бий гэж харж байгаа.
-Газрын эрэлт хэрэгцээ ямар байна вэ?
-Маш их. Одоогийн байдлаар 1800 хүний өргөдөл над дээр хүлээгдээд байна. Шийдье гэхээр суманд газрын нөөц дуусчихсан. Зайлшгүй өөр газар өгөх болддог. Өөр газар өгөхөөр цахилгаан, дэд бүтцийн асуудал яригдаад эхэлдэг. Дэд бүтцийн ерөнхий төлөвлөгөөг Азийн хөгжлийн банкны шугамаар хийж байгаа урчаас газар олголтыг түр зогсоох шийдвэр ирчихсэн байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд үндсэндээ газар олголт хийсэнгүй.
-Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг яаж шийдэж байна. Аймгийн төвд барилгын компаниудад газрыг үнэгүй өгөөд хямд орон сууцаар хангах боломжууд байгаад байна. Энд тэгэх боломж байгаа юу?
- Аймагт “Шинэ Даланзадгад” төсөл хэрэгжиж эхэлж байгаа. Энэ хүрээндээ сумдад 50 айлын орон сууц барихаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Манай суманд зөвхөн төрийн албан хаагчид гэхэд 110 гаруй хүн орон сууц шаардлагатай гээд захилгаа өгчихөж байгаа юм. Мэдээж, барилгын компаниуд юмаа барья гэж байна л даа. Тэдэнд газар олгоход бэлэн. Ганцхан ороод ирэх хөрөнгө оруулалт яг одоогоор алга. Ерөнхий төлөвлөгөө одоогоор батлаагүй байна. Засгийн газар ерөнхий төлөвлөгөө баталчихаар хөрөнгийг нь хэн хариуцах юм гэдэг нь тодорхой болох байх.
Үнэндээ төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа хэцүү байна. Багш нар дотуур байрны нэг өрөөнд, эсвэл нэг түрээсийн хашаанд байх жишээтэй. Манай суманд нийгмийн даатгал, цагдаа, татварын хэлтэс шинээр байгуулсан. Цагдаа маань машиндаа пүүгээгээ чирсэн улс явж байна шүү дээ. ЦЕГ-аас орон тоогоо батлаад хүнээ явуулчихдаг, нөгөөх нь тушаал нь гарчихсан болохоор ажлаа хийхээс аргагүй. Ийм л байдалтай байна.