Н.МӨНХЖИН
Гүржийн парламентын спикер асан, “Ардчилсан хөдөлгөөн” намын лидер Нино Буржаназе 2003, 2007 онд хоёр ч удаа улс орны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв. Эдүгээ тэрээр аравдугаар сарын 27-нд болох Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байна. Хатагтай Буржаназе энэ шийдвэрийнхээ талаар “Известия”-д ярьж байна.
-Гүржийн эрх баригч эвслийн Оросын талаар баримталж буй ямар бодлого танд таалагдахгүй байна вэ?
-Өрсөлдөөн, мэдлэг гэж алга. Гүрж-Оросын харилцааг ярилцаж, зохицуулахгүйгээр бид хэзээ ч хэвийн, хөгжингүй, нэгдмэл Гүрж улсыг бий болгож чадахгүй. Гүржийг хөгжүүлэхэд Оростой харилцаагаа хэвийн болгох шаардлагатай гэж ярьдаг ч ямар нэг зоригтой алхам хийж зүрхлэхгүй байна. Магадгүй “Оросын талыг баримтлагч” гэж хэлүүлэхээсээ айдаг биз. Нөгөө талаас, эрх баригч эвсэл өрнөдийн орнуудыг аврагч мэт өлөн нүдээр харж байна. Тэд Мерабишвилийг баривчилчихаад одоо үүнийхээ төлөө уучлал ч гуйхгүй байна. Шүүгч нарыг шүүмжилж байснаа одоо шүүгчдээр оролдохгүй хэмээн амлаж байна. Гэтэл тэдгээр нь олон жилийн турш улс төрийн захиалгаар ажиллаж ирсэн нөгөө л шүүгчид шүү дээ. Шүүгчид Сталины үеийнх шиг л ажиллаж байсан. Тэдний ачаар Гүрж улс 190 улс төрийн хоригдолтой болж байлаа. Иргэдийнхээ нандин, дотно 13 мянга орчим нууц бичлэгийг хадгалж байсан өнөөгийн эрх баригчдыг гадаад орнууд ойлгохгүй байна. Үүнийг ардчилал гэж хэлж болохгүй.
-Та Ерөнхийлөгч болвол аль намтай хамтран ажиллах вэ?
-Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газар, парламентынхаа эсрэг байж болохгүй. Төрийн тэргүүн нийгмийг нягтруулж, батжуулах ёстой. Тиймээс би ялалт байгуулвал Ерөнхий сайд Бизин Иванишвилитэй идэвхтэй хамтран ажиллах болно. Тэр тавьсан зорилгодоо хүрэхэд тусламж маш их хэрэгтэй байгаа. Миний нэн тэргүүний зорилго бол шударга ёсыг сэргээн тогтоох, олон улсын тавцанд нэр хүндээ эргүүлэн авах, тэр тусмаа Орос-Гүржийн харилцаанд. Мөн абхаз, осети ард түмэнтэй харилцаагаа хэвийн болгох нь их чухал байна.
-Судалгаанаас үзэхэд, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдугаар шат гарахаар байна. “Гүрж мөрөөдөл” намын Георгий Маргвелашвили та хоёр хоёрдугаар шатанд үлдэх бололтой..?
-Бодит байдлыг авч үзсэн ч хоёрдугаар шат гарахаар байгаа. Харин би тэнд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Би нийгмийн сэтгэл зүйг сайн мэднэ. Нэр хүнд нь өдрөөр бус, цагаар өсч байгаа цорын ганц нэр дэвшигч бол би. Ард түмэн “Гүрж мөрөөдөл”-д итгэл алдарсан. Тэд шударга ёсыг тогтоохын оронд Михаил Саакашвилийн намтай хамтран амьдарснаар Гүржийн нийгмийн бүх салбарт сөрөг үр дүн авчирсан. Саакашвилиийн үед багш, эмч, инженерүүд зэрэг янз бүрийн мэргэжлийн хүмүүсийг улс төрийн үзэл бодлоор нь гадуурхан ажлаас нь халж, мөрдөж, мөшгиж байлаа. Одоо шударга ёсыг тогтоох болсон. “Гүрж мөрөөдөл” нам асуудлыг шийдвэрлэх чадваргүй нь харагдлаа шүү дээ. Бид Оростой харилцахгүй бол оросууд Өмнөд Осетид ирээд л дарс, жимс авчихаж байна. Оростой сайн харилцаатай байснаараа бид л хожно. Олон улсын тавцанд Гүржийн нэр хүнд гэж алга.
-Та сонгуульд ялвал өнөөгийн Ерөнхийлөгчийн хувь заяа хэрхэх бол?
-Би эрх мэдэлд гарвал Саакашвилийн үед үйлдэгдсэн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах үүрэг өгнө. Ингэхдээ шударга, хараат бус шүүхийг баталгаажуулах болно. Ер нь Саакашвили болон түүний нөхөд торны цаана сууж таарах байх. Саакашвилийн “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намыг хориглох ёстой. Ямар ч байсан нэг хэсэг Гүржийн улс төрийн амьдралаас тусгаарлах хэрэгтэй. Энэ нь магадгүй өрнөдийн хэн нэгэнд таалагдахгүй байж мэднэ. Гэвч би өрнөдийн түншүүд болон сөрөг хүчнийг бодит мэдээллээр хангах болно.
-Орос-Гүржийн дайн эхэлснээс хойш таван жил өнгөрлөө. Энэ дайнаас зайлж болох байсан уу?
-Тийм ээ, зайлж болох байсан. Энэ дайнаас дөрвөн сарын өмнө би огцорчихсон байсан болохоор тэр үед надад дайнаас сэргийлэх нөлөө, хүч хангалтгүй байлаа. Гэхдээ би парламентын дарга байхдаа ийм өрнөлөөс нэг бус удаа сэргийлж байсан. Жишээ нь, 2008 оны дөрөвдүгээр сард Саакашвилийн хүрээнийхэн Орост дайн зарлая гэж байсан юм. Би энэ галзуурлыг зогсоож чадсан. Наймдугаар сарын 3-нд буюу дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө манай улс сүйрэлд хүрч магадгүй шүү гэдгийг би сануулж байлаа. Гэтэл Саакашвилийг тойрон хүрээлэгчид “Оросын танкууд нь зэвэрчихсэн, бид ялах болно” гэсэн юм. Хэрвээ Гүржид саруул ухаантай Ерөнхийлөгч байсан бол ийм дайн болохгүй байсан. Орос бол байлдааны асар их чадвартай улс шүү дээ. Абхаз, Өмнөд Осетийг зорилгодоо ашиглаж чадах хүмүүс Орост үргэлж байх болно. Саакашвили болгоомжтой хөдөлж, ярилцаж, тохиролцох байсан юм.
-Та сонгуульд ялвал анхны айлчлалаа хаашаа хийх вэ?
-Би 2003 онд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод шууд Москвад очиж байсан. Би тун зөв алхам хийсэн. Тэр үед В.Путинтэй уулзаж, харилцааны шинэ үеийг эхлүүлээд байсан. Гэвч Саакашвили гарч ирээд бүгдийг эргүүлээд хаячихсан.