
Л.ТУЯА
Өнгөрсөн долоо хоногт товлосон хугацаандаа болоогүй “Бүтээн байгуулалтын цаг” мэдээлэл, хамтын ажиллагааны хурал өчигдөр боллоо. Ерөнхий сайд амарч байгаа тул энэ удаагийн хурлыг Шадар сайд Д.Тэрбишдагва даргалан явууллаа. Яамд, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцож, бүтээн байгуулалтын ажлуудын явц, салбарт төлөвлөсөн ажлын гүйцэтгэл хэр байгаа талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн салбарт 691 хүн, 296 машин техник ажиллаж нийт 65 км замын ажлыг хийж дуусгасан гэнэ. Аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбох хатуу хучилттай замуудын ажлын гүйцэтгэл сайн, зарим хүндрэлийг бүрэн арилгасан гэлээ. Хөвсгөл аймгийн зам 15 хувь, Дорноговь, Өмнөговь аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох замын ажил 23 хувь, Дорноговь аймгийн төв болон Замын-Үүдийг нийслэлтэй холбох ажил 69 хувь, Баянхонгор аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил 97 хувьтай байна. Мөн түүнчлэн наадам, аялал жуулчлалын улиралтай зэрэгцэн эхэлж, иргэдийг багагүй бухимдуулсан Налайх, Цонжинболдог хүрэх замын засварыг хийж дуусгажээ. Барилга, хот байгуулалтын яам иргэдэд өгч байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа гэлээ. Иргэд энэ талаар 80 м.кв-аас дээш хэмжээтэй байр худалдан авахад тус зээлд хамруулахгүй байгаад гомдолтой байгаагаа байнга илэрхийлжээ. Хөтөлбөрийн дагуу 2013 онд нийт 56 ажил гүйцэтгэх юм. Үүний 12 ажлын тендерийг шалгаруулж, гэрээ хийсэн, 16 ажлын гэрээ байгуулах шатанд, хоёр ажилд техникийн зураг төслийг боловсруулж буй, 26 ажилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төсөл батлах хүртэл хүлээх бололтой. Улаанбаатар хотод барихаар төлөвлөсөн 33 уулзвараас зургаан уулзварыг барьж дууссан, одоо 10 уулзварын ажил гүйцэтгэлийн шатандаа байгаа. Ирэх сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байна.
Манай улс 278 мянган га-д улаан буудай тариалсан. Энэ жил 300 мянган га-д уринш хийхээр төлөвлөсөн. Хур бороо их байгаа, уринш хийсэн газарт хогийн ургамал их ургасан учир “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан уриншийн болон хогийн ургамал устгах зээл олгож эхэлсэн гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Тариаланч, ногоочдын төрөөс хүсдэг гол дэмжлэг болох зоорь барих ажлыг дэмжиж, 8500 тоннын орчин үеийн зоорь барихаар төлөвлөсөн байгаа гэлээ. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд гарсан шүлхий өвчний тархалтыг зогсоох зорилгоор аймгийн бүх малыг вакцинжуулж, голомтот малыг устгасан байна.
Шадар сайд Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгааг сануулаад “Чингис бондоос 170 сая ам.долларыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар баталсан. Гэтэл төслийн нэгж байгуулснаас өөр ахицгүй байгаагаа болих хэрэгтэй. Удахгүй Засгийн газрын гишүүдийн амралт дуусна. Ирэх сарын эхний долоо хоногийн баасан гаригт Засгийн газар хуралдана. Бүтээн байгуулалтын ажил баяр наадмаас болж зогсох ёсгүй. Баянхонгор аймгийн замын ажил долдугаар сарын 10-нд дууссан байх ёстой ч өнөөдрийг хүртэл ажил дуусаагүй байна. Цагийн ажлыг цагт нь хийж дуусгах хэрэгтэй. Ажлаа дуусгаж чадахгүй компаниудтай хатуу хариуцлага тооцно” гэлээ.