Хэдэн өдөр “ажил хаялт” зарлаад байсан Ардын намын гишүүд УИХ-ын чуулганд оролцлоо. Чуулганаар хэлэлцэх асуудлын талаар эхлээд зарим гишүүн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал гишүүн Д.Оюунхорол нэлээд хатуу үг хэллээ. Тэрээр “АН төрийн ажлыг гацааж байгаадаа өөрсдөө дүгнэлт хийхгүй байна. Сонгуулийн хуулийг ерөөсөө өөрчилж болохгүй гэж та бүхэн дүгнэж байгаа юм байна. Ингэж та нар бүлгийн хурал дээрээ шийдвэрээ гаргасан юм байна гэж ойлголоо. Гэтэл бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нь яагаад “Сая ажлын хэсэг цуглахгүй, хуралдахгүй, танайхан оролцохгүй идэвхгүй байна, бид оролдлого хийж байна, та бүхэн хуучнаараа явах гэж санагалзаж байна” гэх мэтээр ширээний хоёр талд суучихаад хоорондоо авцалдахгүй юм яриад байна вэ. Хэрвээ та нар ийм байр суурьтай байгаа юм бол Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй гэдгээ хурал хийж олон нийтэд зарлаач. Олон түмний толгойг эргүүлж төөрөгдүүлсэн ийм арчаагүй улс төр хийдгээ боль, Б.Гарамгайбаатар дарга аа. Хар машинаар тоолуулахыг Ардын нам эсэргүүцээгүй. Хар машин, гар хяналтын тооллого хоёрыг зэрэг явуулах боломжийг хуульд оруулаач гэсэн санал л тавьж байна. Сонгуулиа зөв шударга явуулдаг болъё, энэ тогтолцоог бий болгоод өгөөч гэж ард түмэн хүсч байна. Ард түмэн УИХ-ын гишүүдээ өөрсдөө сонгодог болъё гэж хүсч байна. Тиймээс төлөөллийн ардчиллын зарчим, улс төрийн 20-иод намын саналд эрх баригчид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Та бүхэн цөөнх байхдаа байнга ийм шаардлага тавьдаг байсан шүү дээ. Манай нам шиг ардчилалтай нам байхгүй гэж бид үзэж байгаа. Бид цөөнхөө сонсдог, олуулаа ярилцдаг, зөвлөлдөж байж олон шийдвэрийг гаргаж байсан. Түүх мартаагүй, Монголын ард түмэн мартаагүй. Өнөөдөр та нар олонх шиг байж, эрх баригч нам шиг байж асуудалдаа зөв бодитой хандаж Сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй” гэв.
Энэ удаагийн хуралдааны эхэнд Элчин сайдыг эргүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцлөө.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эргүүлэн татаж, оронд нь Б.Дэлгэрмааг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Батбаяр нар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татаж буй шалтгааныг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодруулсан юм. Сайд хэлэхдээ “Ерөнхийлөгч ОХУ-д тавдугаар сард айлчлан Ялалтын баярт оролцох үеэрээ ОХУ-д сууж буй Элчин сайд Ш.Алтангэрэлтэй уулзахад “нутаг буцья” гэсэн саналаа хэлсэн юм билээ. Тиймээс Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Элчин сайдыг буцаан дуудахаар Засгийн газраас шийдвэрлэсэн” гэлээ. Мөн Ерөнхийлөгч Элчин сайдыг татах тухай албан тоот, ямар нэгэн бичиг баримт байгаа эсэхийг лавлахад “Аман тохироогоор шийдсэн асуудал” гэв. Гадаадад улсаа төлөөлөн суугаа олон Элчин сайдыг хугацаанаас нь өмнө татаж байгааг гишүүд шүүмжилж энэ талаар УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэх санал гаргалаа. Ирэх зун АСЕМ-ын хурал манай улсад болох учраас гадаадад унаж буй нэр хүндээ хамгаалах талаар дорвитой хэлэлцэж, гадаад бодлогынхоо талаар нэг мөр ойлголттой болох хэрэгтэйг зарим гишүүн хэлж байв. Түүнээс Ерөнхийлөгч дуртай цагтаа, дуртай Элчин сайдыг хугацаанаас нь өмнө шалтгаангүйгээр эргүүлэн татдаг, аман тохироогоор асуудлыг шийдсээр байвал гадаадад нэр хүнд улам унана гэсэн болгоомжлол байв. Тэр тусмаа мөнхийн хөрш болох ОХУ, дэлхийн их гүрэнд суух Элчин сайдыг аман тохироогоор эргүүлж татсан нь ноцтой асуудал гэцгээж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Талын зам төслийг хэрэгжүүлэх асуудлаар хэрхэн ажиллах талаар нэр дэвшигчээс лавласан. Нэр дэвшигч Б.Дэлгэрмаа, Талын зам төслийг хэрэгжүүлэх асуудлаар Монголын төрийн бодлогын хүрээнд гарсан чиглэлийн дагуу ОХУ-ын талтай хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, хоёр орны хилийн усны хэлэлцээр, тэр талаарх хоёр талын зөрүүтэй байр суурь, түүнээс гарах үр дагаврын талаар, хил дамнасан тусгай хамгаалалттай газрын талаар анхаарч ажиллаарай гэж нэр дэвшигчид захиж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Алтанбулаг боомтоор ОХУ руу хил нэвтэрч буй иргэд хонон өнжин дугаарлаж байгаа асуудлыг анхаарч ажиллахыг хүссэн бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, процедурын бус замаар Элчин сайдыг эргүүлэн татаж байна гэсэн асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гишүүд нэр дэвшигчийг Элчин сайдаар томилохыг дэмжиж буйгаа мөн хэлсэн юм.
Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эргүүлэн татаж, оронд нь Б.Дэлгэрмааг томилох саналыг дэмжлээ. Ингэснээр хойд хөршид анх удаа эмэгтэй Элчин сайд томилогдлоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин