
Д.ОДОНТУНГАЛАГ
Сэлэнгийн “Тужийн нарс” их түүхийн эзэн ой билээ. Энэ ой зах зээлийн шилжилтийн үед сувдаг сэтгэлтнүүдийн балаг, ой хээрийн түймэр зэрэгт өртөж бараг үгүй болох нь дөхсөн үе одоогоос 10-аад жилийн өмнө юм. Их түүхийн эзэн ойг авран хамгаалах олны сэтгэл зүтгэлийн хүчинд өнөөдөр “Тужийн нарс” бүрэн сэргээд байна. Тухайн үед хамгийн анх аймгийн Зохиолчдын нэгдлээс гаргасан санаачлагыг аймгийн ИТХ-ын дарга байсан О.Буянтогтох тогтоол болгон баталгаажуулж “Зууны мэдээ” сонин Монгол улс даяар уриалан дуудснаар энэ их ажлын гараа эхэлсэн түүхтэй. Ингээд нөхөн сэргээгдсэн өнөөгийн Тужийн нарс хийгээд Сэлэнгэ аймгийн ойн нөхөн сэргээлтийн талаар аймгийн БОГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяатай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Алдарт “Тужийн нарс” нөхөн сэргээгдэж сайхан ургасан харагдана. Та бүхний зүтгэл талаар болсонгүй. Бодит ажил нүднээ илхэн байхыг харах сайхан байна. Эндээс яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Манай аймаг модны нөөцөөрөө улсдаа Хөвсгөл аймгийн дараа ордог. Нийт газар нутгийн 43.8 хувийг ойн сан эзэлдэг. Тужийн нарсыг сэргээх ажлын эхэнд БОЯ-ны Сайдын зөвлөл манай аймагт ирж хуралдсан юм. Тэндээс “Сэлэнгийн тужийн нарсыг нөхөн сэргээх нь зөв зүйтэй. Үүнийг бид дэмжинэ. Гэхдээ ганц Сэлэнгэчүүдийн ажил биш Монгол улс даяараа энэ нөхөн сэргээх ажилд оролцоё” гэсэн шийдвэрийг гаргаж байлаа. Тэгээд манай аймгийн БОА-наас бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдийг уриалан дуудаж бүх мэргэжлийн байгууллагуудын нөхөн сэргээлтийн ажлын дийлэнх хувийг Тужийн нарс руу чиглүүлсэн. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Ингээд анхны жилээс эхлэн тарьсан тарьц, бидний мэргэжлийн хэлээр жил жилийн өсөлт нь ялгараад жагссан цэрэг шиг зогсож байгаа. Энэ ажлаа бид хэнд ч хаанаас нь үзүүлэхэд нүүр бардам байдаг. Тужийн нарсны нөхөн сэргээлтийг үзье гэсэн хүмүүст “та хэдэн оныхыг нь үзэх вэ” гэж асуудаг. Аль ч оны, аль ч аж ахуйн нэгжийн тарьсан тарьц, маш сайхан ургасан байгаа. Тухайн үед алдар нэртэй хүмүүс ирж төгөл байгуулж байлаа. Тухайлбал Б.Бат-Эрдэнэ аваргын төгөл байна. Мөн Багабанди гуай, Энхбаяр гуай гээд үе үеийн Ерөнхийлөгч нар ирж, өөрийн төгөлөө байгуулсан. Бас л сайхан ургасан. Би хүмүүст хэлдэг юм. “Та нар ирж тужийн нарсаа хараач ээ” гэж. Та бүхний тарьсан ажлыг амьдруулж бид үе үеийнхээр нь харуулсан баримтат кино хийхээр бэлтгэж байгаа шүү. Хүний гараар бүтсэн тарьмал ой 15 мянган га газрыг эзлэн ургаж байгаа. Хэдийгээр ухвар мөчид хүн өөрийн гараар сүйтгэж чадсан ч, ухаант хүмүүн мөн л гараараа бүтээж чадсанд бахархдаг.
-Аймгийн хэмжээнд ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил ямар хэмжээнд байна. Энэ жил хичнээн га-д хийгдэв?
-Ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг жилдээ 1500-3000 га-гийн хооронд хийдэг. Өнгөрсөн жил 3000 гаруй га-д ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн. Энэ жилийн хувьд ажил нэлээд удааширсан тал бий. Учир нь төсвийн шинэ хууль гарсантай холбоотой ойжуулалтад тендер зарлагдаж хийх болсон. Бид энэ жил 800 орчим га-д ойжуулалт хийхээр Алтанбулаг сумын “Их сэврээ”, “Дүгрээ” гэдэг газрыг сонгож аваад тендерээ зарласан. Ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил гадаадын төсөв хандивыг бас их авдаг. Тухайлбал Солонгосын Ногоон хэрэмнээс жилдээ 100-150 га газрыг ойжуулдаг бол Японы Жи-энж-ши гэдэг 20 гаруй ТББ-ууд хандиваа нэгтгээд ойжуулалт хийж байна.
-Байгаль орчны тухай шинээр батлагдсан хуулийн хэрэгжилт тус аймагт ямар хэмжээнд байна вэ?
-Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээсээ илүү ажлын ачаалал ихтэй байлаа. Яагаад гэвэл БОНХЯ-наас боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан байгаль орчны шинээр батлагдсан багц хуулиудыг орон нутагт сурталчлах ажлыг бүх сумад хийлээ. Дээр нь Аймгийн ИТХ-тай хамтраад шинээр сонгогдсон ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар, төлөөлөгчдөд байгаль орчны багц хуулийг сурталчлах сургалтуудыг зохион байгуулав.
-Аймгийн хэмжээнд мод үржүүлгийн газар олон бий юу. Ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа иргэдийн ажил нь ямар байна?
-Аймгийн хэмжээнд 26 мод үржүүлгийн газар байдаг. Эд нар маань өнгөрсөн онд 23 төрлийн 13.5 сая тарьц, суулгац ургуулсан. Ихэнх нь навчит мод байгаа. Энэ жил аймгийн хэмжээнд 147 мянган суулгац тарьсан. Үржүүлгийн газрууд маань ногоон байгууламж нэмэгдүүлэх талаар нэлээдгүй ажил хийсэн. Ойн санг гэрээгээр авсан 138 нөхөрлөл бий. Эд нар маань аймгийн хэмжээний 130 мянга гаруй га газрыг эзэмшин хамгаалж байдаг. Энэ нь ойн сангийн талбайны 43.6 хувийг эзэлж байгаа. Ингэж ажилласны үр дүнд өнөөдөр ойн санг гэрээгээр авсан газруудад ой хээрийн түймэр гараагүй. Дээр нь хууль бусаар мод бэлтгэх ажил өнгөрсөн онд 23.7 буурсан бол энэ жилийн эхний хагас жилийн дүнгээр бүр мөсөн зогссон. Бид энэ жил аймгийн төсвийн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 100 сая төгрөгийг нөхөрлөл дэмжихэд зарцуулахаар ИТХ-аараа батлуулсан. Ойжуулалт, нөхөн сэргээлт дээр бас нөхөрлөлүүдэд дэмжлэг үзүүлж байна.
-Манай аймагт бусад аймгуудад огт ургадаггүй таван төрлийн мод ургадаг гэж байсан. Энэ талаараа тодруулна уу, ер нь таримал моднууд уур амьсгалын өөрчлөлт болоод манай нөхцөлд хэр дасан зохицож байна вэ?
-Тийм шүү. Манай аймагт бусад аль ч аймгуудад байхгүй таван төрлийн шилмүүст мод ургадаг. Анх халуун хүйтэн, ган зуданд тэсвэртэй +-60 градуст ургадаг царс модны үрийг авчраад монгол даяараа нэрд гарсан Бугантын Алтанцэцэг, “Өргөн Сэлэнгэ” компаний Нэргүй, “Ой баясахын” Эрдэнэчимэг, “Шим Мандал” ТББ-ын ойн инженерүүдэд өгч тариулсан. Царс мод нь -+60 градуст ургахын зэрэгцээ таваарлаг, шилмүүст моднуудтай эн зэрэгцэхүйц мод. Мөн хотын ногоон байгууламжийг сайжруулах үүднээс сакура тарихаар туршиж байна. Манай аймаг элс, элсэнцэр хөрс ихтэй учраас говиос сухай, авчирсан.
-Тэгэхлээр тус аймаг холимог ойтой аймаг болох нь ээ. Холимог ойн ач тусын талаар та юу хэлэх вэ?
-Товчдоо тэгж ойлгож болно. Дэлхий нийтийн хандлагаас харахад нэг төрлийн ой эрсдэлд өртөж сүйдэх нь амархан байдаг юм байна. Жишээ нь манай тужийн нарс байна. Энд холимог буюу хар модон ой байсан бол түймэрт тэсвэртэй учраас үлдэх байсан. Гэтэл дан нарсан ой байсан учраас л сүйдсэн. Бид яагаад ойжуулсан бэ гэвэл, таваарлаг, чанар сайтай ой мод хэрэгтэй байгаа учраас. Хус өөрөө сэргэн ургаж байна. Үнэ цэнэтэй гэвэл нарсан ой юм. Тиймээс л бид холимог ойг үүсгэх бодлого барьж байгаа юм. Тужийн нарсан ойдоо шилмүүст модыг цуг тарьж холимог ой болгон ургуулсан. Ингэснээр ой хээрийн хөнөөлт шавьж, түймрээс хамгаална, бас тэсвэртэй байж чадна. Холимог ойд нарсыг иддэг хортон зөвхөн нарсаа идэхээс шинэс болон бусад модыг иддэггүй. Нөгөө бусад модыг иддэг нь нарсыг идэхгүй. Иймээс хөнөөлт шавьж, ой хээрийн түймэрт холимог ой тэсвэртэй байдаг. Энэ бол давуу тал.
-Танай ойн албаны ажил үйлс их өөдрөг байгаа юм байна. Тужийн нарсыг нөхөн сэргээсэн туршлага тань бусдад уламжлагдсан гэж сонссон юм байна...?
-Аймгийн Засаг дарга ойн албыг байгуулахдаа бусад аймгуудад бүтээлч гэдгээ харуулж, ажил үйлсээрээ тэргүүлж явах хэрэгтэй шүү гэж хэлж байсан. Тэр утгаараа манай аймгийн БОА ажил үйлсээрээ улсдаа тэргүүлж яваа. Мөн санаачилж хийсэн ажлаараа түүчээлж байгаа. Манай Тужийн нарсны нөхөн сэргээлтийг бүх нийтийн үйлс болгож амжилтанд хүрсэнийг батлаад, монгол улс даяараа Дорнодын Эрээн цавын нарсан ойг, Туулын эхийг ойжуулах гэж байна. Мөн бид элит модны үрийн байнгын талбайг бий болгоно. Сүүлийн үед дулаараад мод үрлэхээ больсон. Харахад сайхан боргоцой харагдаад байдаг. Дотор нь хоосон, үр байдаггүй. Иймээс энэ ажлыг манай аймаг анх санаачилж элит сайн чанарын модноос сайн чанарын үрийг авах гэж байгаа юм. Дээр нь жилийн дөрвөн улиралд мод тарьдаг болох гэж байна.