Н.МӨНХЖИН
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр найз бүсгүй Силиа Флорестэй гэрлэв. Олон жилийн өмнөөс ханилан амьдарч байгаа тэдний харилцааг Каракас хотын дарга Хорхе Родригес хувийн цомхон ёслол хийж баталгаажуулжээ. Н.Мадуро төрийн телевизээр хийсэн мэдэгдэлдээ “Долдугаар сарын 16-ны өдөр Силиа бид хоёр бүгд найрамдах улсын хуулийн дагуу харилцаагаа баталгаажуулж, эхнэр нөхөр боллоо. Бид сэтгэлээрээ, бурхны ивээлээр хамтдаа явж ирсэн. Гэрлэж, харилцаагаа албан ёсны болгох нь хамгийн мэргэн шийдвэр байлаа” хэмээн онцолсон байна.
Мадурогоос (50 настай) арав дүү Флорес 1990 оны эхэн үеийн чавист хувьсгалд идэвхтэй оролцож байсан нэгэн. Тэд дундаасаа хүүхэдгүй ч тус бүрдээ өмнөх гэрлэлтээсээ хүүхэдтэй. Силиа Флорес Үндэсний Ассамблейн ерөнхийлөгч, улсын ерөнхий прокурорын алба хашиж байжээ. Флорес У.Чавесийн байгуулсан улс төрийн бүлэгт нэгдэн тэмцэж байхдаа Н.Мадуротой танилцсан аж. Мөн Чавес 1992 онд төрийн эргэлт хийн бүтэлгүйтэж шоронд ороход Флорес өмгөөлөгчдийн багт орон ажиллаж байсан юм.
Венесуэлийн Боливариан хувьсгалын лидер гэгддэг Ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдрын улмаас удаан хугацаанд эмчилгээ хийлгэсний эцэст өнгөрсөн гуравдугаар сард өөд болсон юм. Тэрээр улс орондоо социализмийг жинхэнэ утгаар нь байгуулна хэмээн жирийн ард иргэдийг ихээхэн дэмжиж, тэтгэж, гадаадын томоохон компаниудыг улсын мэдэлд авч байсан билээ. Гэвч Венесуэлийн эдийн засаг хүнд байдалд орж, бараа, үйлчилгээний үнэ тэнгэрт хаджээ. У.Чавесийг нас барсны дараа залгамжлагчаар нь тодрон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч Энрике Каприлесийг ялан гарч ирсэн Николас Мадуро эдийн засгаа сэргээх бодлого явуулж байгаа ч амжилт олохгүй байна. Венесуэль улс сард хэдэн зуун мянган тн нефтийг Кубад бараг үнэгүй шахам нийлүүлж байгааг сөрөг хүчнийхэн ихээхэн шүүмжилдэг. Ажиглагчид Н.Мадурог арай өөр, нээлттэй бодлого баримтална хэмээн найдаж байсан нь талаар болж байгаа ажээ.