Б.ЭНХ

“Prius” машин монголчуудын хэрэглээ болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Түлш бага зарцуулдаг, Монголын нөхцөлд тохирсон давуу талтай гээд эрэлт нэмэгдсээр байгааг авто худалдааны захуудаас харж болохоор. Тэр хэрээр хилээр оруулж ирж буй уг автомашины тоо буурахгүй байгаа аж. Гэтэл сүүлийн үед хилээр дөнгөж оруулж ирсэн, бүртгэлгүй “Prius” машинтай жолооч нар зам тээврийн осолд холбогдох болжээ.

“Prius” машиныг Замын-Үүдийн боомтоор оруулж ирдэг. Өдөрт оргил үедээ 150-160 машин оруулж ирдэг юм байна. Нэг ченж гэхэд 20-30 машин хилээр нэвтрүүлдэг ажээ. Ченжүүд зүүн аймгууд нийслэлтэй засмал замаар холбогдсоноос хойш боомтоор оруулж ирсэн машиныг шууд нийслэл рүү дугуйгаар нь явуулдаг болжээ. Урьд нь Улаанбаатарт ачиж ирдэг байжээ. Орон нутгийн иргэдийн ярьснаар нэг машиныг боомт дээрээс нийслэл рүү ачуулахад 800-900 мянган төгрөг болдог аж. Харин шулуун замаар дугуйгаар нь явуулахад нэг жолоочийг 150-200 мянган төгрөгөөр түрээслэн нийслэлд ирүүлдэг ажээ. Ченжүүд ийнхүү зардлаа “хэмнэснээс” болж орон нутгийн замд гарах осол сүүлийн хоёр жилд нэмэгджээ. Хилээр оруулж ирсэн “Prius” машиныг 20-30 цуваа нийслэлийг зорьдог аж. Зүүн чиглэлийн зам Замын-Үүдийн боомтын чиглээд яваад зогсохгүй аялал жуулчлалын томоохон урсгал зам юм. Тиймээс замын хөдөлгөөн эрчимтэй байдаг аж. Энэ үед жолооч хурд хэтрүүлснээс осол гарсаар байгааг орон нутгийн цагдаа нар ярьж байна.

Тиймээс хилээр дөнгөж орж ирсэн бүртгэлгүй, оношлогоо, даатгалд хамрагдаагүй автомашинаар хөдөлгөөн оролцох нь эрсдэлтэй байгаагаас Дорноговь аймгийн Цагдаагийн газраас Зам тээврийн яаманд санал гаргаж байгаа гэнэ. Тэр нь хил дээр оношлогоо, даатгалын үйл ажиллагааг явуулж бүртгэлтэй болгох санал юм байна. Ингэснээр осол, зөрчил гарахад хариуцах эзэнтэй болно гэж үзэж буй ажээ.

Эх сурвалж: www.polit.mn