Ц.БАТБОЛД

МАН-ын 300 гаруй гишүүн өчигдөр МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Тэд МАН-д жирийн гишүүд байсангүй, дунд шатны дарга бөгөөд МАХН-ны удирдлагуудад гишүүнчлэлийг нь сэргээх хүсэлт тавьсны дагуу сэргээжээ. Тухайлбал, МАН-ын ёс зүйн хорооны гишүүн, МАСОХ-ны дэд ерөнхийлөгч Усны газрын дарга байсан З.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын бага хурлын гишүүн асан П.Хангал, Сүхбаатар дүүргийн намын хорооны дэд дарга асан Ц.Чулуун тэргүүтэй 300 гаруй хүн гишүүнчлэлээ сэргээсэн байна. Гишүүнчлэл сэргээх ёслолд Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Шийлэгдамба болон МАХН-ын нарийн бичгийн дарга нар болох Э.Батшугар, Б.Тулга нар оролцлоо. Энэ үеэр Д.Тэрбишдагва “Өнөөдөр МАХН-ын хувьд нэгэн чухал үйл явдал болж байна. Цугласан иргэдийн тухайд шинээр элсээгүй. Харин МАХН-ынхаа уугуул үнэмлэхээ гишүүнчлэлээ сэргээж байна. Би гишүүнчлэлээ сэргээсэн хүмүүсийн өргөдлийг харж байхад 60-70 хувь нь залуучууд байсан. Бусад гишүүнийхээ түүчээ нь болж ирсэн та нарын араас маш олон гишүүд ирж гишүүнчлэлээ сэргээнэ гэдэгт итгэж байна. МАХН нь УИХ-д 11 суудалтай, бүлэгтэй, Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан Монголын ард түмнийхээ итгэлийг хүлээсэн улс төрийн том нам. Тасарсан цус, үсэрсэн цус минь болж гишүүнчлэлээ сэргээж буй 300 гишүүнээ халуун дотноор хүлээн авъя” хэмээв. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Шийлэгдамба “Би намынхаа энэ хариуцлагатай албыг хүлээж авсныхаа дараахан ард түмэн, улс төрийн намуудад хандсан нэгэн уриалга гаргасан юм. Уриалгын дагуу маш олон хүн бидэнтэй холбогдож, намынхаа үйл ажиллагаанд оролцож дэмжиж ажиллахаа мэдэгдэж буй. Өнөөдрийн энэхүү үйл явдал ч бас тэрхүү уриалгын дараа болж буй томоохон давалгаа боллоо. Намынхаа гишүүнчлэлийг сэргээж ирсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхний араас манай намын мянга мянган гишүүд гишүүнчлэлээ сэргээх болно” гэв. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАХН маань толгойдоо байсан цөөхөн хэдхэн олгиархийн уршгаар хоёр хуваагдсан. 90 жилийн түүхтэй энэ том нам маань энэ байдлаараа удахгүй нэгэн цул болно. МАН-ын толгойд байгаа цөөхөн хэдхэн олгиархиуд гарын хуруунд багтах тэдгээр хүмүүс байхгүй болох үед МАН, МАХН маань МАХН гэсэн нэрийнхээ дор эргэн нэгэн цул том хүчин болно гэлээ. МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Усны газрын дарга асан З.Батбаяр “Монгол Улсад шударга ёс дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёс алдагдсан байна. Эрх чөлөөтэй байж эв нэгдэлтэй байдаг. Эв нэгдэлтэй байхын тулд нийгмийн болоод эдийн засгийн шударга ёсыг төлөвшүүлэх шаардлага байна.Намайг зарим хүн албан тушаал горьдож гишүүнчлэлээ сэргээсэн гэж хардах байх. Би тийм биш. Хэрэв би дарга болъё гэж бодсон бол УИХ-д олон суудалтай намыг сонгох байлаа. Харамсалтай нь, надад одоо албан тушаал биш шударга ёсны төлөөх тэмцэл, хүчин зүтгэл хэрэгтэй байна” хэмээлээ. Гишүүнчлэлээ сэргээсэн иргэдийн төлөөллийн заримаас танилцуулбал, МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн О.Даваасүрэн, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны гишүүн Н.Хишигдорж, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч н.Бурмаа, Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны гишүүн, НАМЗХ-ны тэргүүлэгч Я.Дашдорж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны дэд дарга байсан Д.Соёл-Эрдэнэ нарын дунд шатны дарга нар байв.