Р.ОЮУН
Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга Ж.Цэндсүрэнтэй уулзахаар өрөөнд нь ороход тэрээр “Дөнгөж саяхан хотоос ирлээ” хэмээн сууж байв. Ямар ажлаар хот орсныг нь сонирхвол “Төв аймгаас хот руу явдаг нийтийн тээврийн жолооч, үйлчлүүлэгчдийн дунд гардаг маргааны учрыг олохоор өөрийн биеэр танилцаад ирлээ” гэсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Сумандаа хийж байгаа ажлынхаа талаар эхлээд танилцуулахгүй юу?
-2013 он их онцлог жил. Манай аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулаад ойгоо тэмдэглэх, баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд олон ажил хийж байгаа. Орон нутгийн сангийн хөрөнгө гэж хуваарилагдаж ирдэг болсон. Зуунмод сумын хувьд 360 сая төгрөг хуваарилагдсан. Зургаан багтаа тэнцүү хуваасан. Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээд 60, 60 сая төгрөгийг ямар бүтээн байгуулалтад зориулж хэрэглэх гэж байгаа талаар санал бодлоо хуваалцан ажлаа хийж эхэлсэн байгаа. Дарга шийдвэр гаргадаг бус хамтарч шийдвэр гаргадаг байх ёстой гэсэн ойлголттой явдаг.
-Тухайлбал, зургаан багийн хувьд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Нэгдүгээр багийн хувьд Төв цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын явган хүний замыг 15 сая төгрөг, 16, 18 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар шийдвэрлэсэн. Тендер зарлаад гүйцэтгэгч нь шалгарсан. Тухайн багийн иргэд өөрсдөө тендерийг гүйцэтгэж байгаа байгууллагад хяналт тавьдаг эрх нь бий болсон. Өмнө нь тендер шалгаруулаад нөгөө байгууллага нь гүйцэтгээд чанартай, чанаргүй хийж өгдөг байсан. Тэгвэл одоо иргэд нь өөрсдөө явцын дунд “Энэ нь болохгүй байна. Тэр нь болж байна” гэдгээ хэлдэг онцлогтой. Иргэний оролцоог дэмжих бодол баримталж ажиллаж байна. Нэгдүгээр багийн хувьд бүтээн байгуулалтын ажил төлөвлөж байгаа. Хоёрдугаар багаа бид дэнж гэж ярьдаг. 90 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Иргэд гэр хорооллоос хотын төв рүү явахад шороо, чулуутай замаар, гол гаталж ирдэг. Тиймээс явган зам хийхээр 35 сая төгрөг төлөвлөн ажлаа эхлүүлээд 50 хувьтай явж байна. Энэ хэсэгт орон нутгийн хөрөнгө оруулалтаар зам хийх, хажуугаар нь гэрэлтүүлэгтэй байя. Багийн төвийнхөө хажууд хуучин хаягдсан байшинг засаад өрхийн эмнэлгээ оруулахаар шийдвэр гаргаад тендер зарласан. Бид өмнө нь өрхийн эмнэлгийг эрүүл мэндийн үйлчилгээний цэг гэж буруу ойлгодог байсан. Гэтэл үүнийг томоор харах ёстой юм гэдгийг мэдэрсэн. Манай суманд өрхийн хоёр эмнэлэг, нэг түргэний машинтай. Нэг өрхийн эмнэлэгт гурван эмч, дөрвөн сувилагч ажиллаж 8000 хүн үзэж байна. Нэг эмч өвдөх юм уу, сургалтад суусан үед үйлчилгээ нь зогсчихдог. Менежментээ хийх гэхээр байр муу, эмч хүрэлцэхгүй байна. Хоёрдугаар багт хуучин найман жилийн сургуульд мөөгөнцөр ургаад сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас хаасан. Хаягдаад 5-6 жил болсон. Бид судалгаа хийхэд манайд ажилгүй иргэн олон, ажлын байр байдаггүй юм байна. Тиймээс хүмүүс гэртээ гутал, оёдол хийж ар гэр, үр хүүхдээ өсгөж байна. Энэ хүмүүсийг яаж ажлын байртай болгох вэ, боломж бололцоо юу байна. Гэтэл энд бэлэн сургуулийн байр байдаг. Үүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглавал яасан юм бэ. Шинэчлэлийн Засгийн газар оёдлын үйлдвэрүүдийг хотоос гаргах бодлого барьж байгаа юм байна. Үүнийг дэмжихээр хөрөнгө хуваарилж байгаа. Оёдлын үйлдвэрүүдийн нэгдсэн холбоогоор дамжаад “Төмөр трейд” гэдэг компани хүүхдийн дүрэмт хувцас үйлдвэрлэх шинэ шугам байгуулж байна. Тиймээс энэ хүмүүстэй ярилцаад “Манайд ийм байр байна. Энэ боломжийг ашиглаач” гэсэн санал тавьснаар энэ байгууллага ирээд засварын ажил хийж байна.
-Хэрэв энэ байр ашиглалтад орвол хэчнээн хүн ажлын байртай болох вэ?
-Шинээр 150 ажлын байртай болохоор төлөвлөж байна. Нийслэлийн гурван дүүрэг, Төв, Өвөрхангай аймгийн сурагчдын хувцсыг оёхоор захиалгаа авсан. Загвар нь батлагдаад БШУЯ-нд байгаа. Нутгийн үйлдвэрлэлийг дэмжье гэсэн бодолтой байна. Арьс ширний болон оёдлын үйлдвэрийг хотоос гаргаж байна. Зуунмод сумын хувьд олон жил оёдол хийсэн дадлага, туршлагатай хүмүүс бий. Манайд 700 ажилтантай том үйлдвэр байсан. Судалгаагаар 2000 оёдолчин бий гэж гарсан. Энэ хүмүүсийн зарим нь хонгилд, булан тохойд жижигхэн үйлдвэр эрхлэн дөнгөж өдрийнхөө хоолны мөнгийг олдог байсан зовлонг нь арилгаж ажлын байр гаргахаар төлөвлөж байна.
-Гэр хорооллыг дулааны эх үүсвэрт холбож байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Манай гуравдугаар баг жаахан зайтай байдаг. Баянхошуу багийн хувьд орон нутгийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллыг дулааны эх үүсвэрт холбох, дэд бүтцийг шийдэхэд зориулна. Мөн жишиг хороолол барьж байгаа. Энэ хорооллын хашаануудыг урьдчилаад барихад хөрөнгө оруулалт их хэрэгтэй. Тиймээс орон нутгийн сангийн хөрөнгөнөөс авч дараа нь иргэнд борлуулаад буцаагаад сангаа төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Хөгжлийн сангийнхаа 60 сая төгрөгийг жишиг хороололд зарцуулахаар төлөвлөсөн. Гуравдугаар багт улсын хөрөнгө оруулалтаар хүүхдийн цэцэрлэг бариулахаар төлөвлөж байгаа. 75 ортой хүүхдийн цэцэрлэг барина. Хүүхдийн цэцэрлэг төлөвлөгдсөн тохиолдолд халаалт, дулааны шугам татагдана. Тэнд байгаа иргэдийг ч гэсэн халаалт, дулаанаар хангах боломж нь бүрдэнэ. Энэ багт хөрөнгө оруулалт сайн хийж байгаа. Цаашид улсын хөрөнгө оруулалтаар айл өрхийг дулаан, бохир усны эх үүсвэржүүлэх вэ гэдгийг уялдуулахгүй бол тухайн иргэн өөрөө холоос их хөрөнгөөр татаж авч чадахгүй. Энэ онд ийм ажил өрнөж байна. Дөрөвдүгээр баг 3.5 км зайд байдаг. Зүүндэлгэр багийн хувьд 1500 орчим иргэнтэй. 10 жилийн сургууль, 75 хүүхэдтэй цэцэрлэг байгаа ч 50 хүүхэд авдаг. Нөгөө талаар сургууль, цэцэрлэг маань гадаа бие засах газартай. Энэ жил байгаль орчныг хамгаалах сангаас 35 сая төгрөг өгсөн. Үүгээр цэцэрлэг, сургуулийг дотроо 00-той, цэвэр, бохир усны системтэй болгохоор төлөвлөж байна. Сургуулийн засварыг 450 сая төгрөгөөр хийлгэхээр БШУЯ-тай гэрээ байгуулаад тендер шалгаруулж байгаа. Энэ жил манай дөрөвдүгээр багийн иргэд өөрсдөө хуралдаад, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр тэнд байдаг хуучин худгаа засварлахаар болсон.
-Алслагдмал гэр хороололд амьдарч байгаа иргэддээ хэрхэн хүрч ажиллаж байна вэ?
-Тэнд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхэд хэцүү байдаг. Харилцаа, холбоо муу хөгжсөн гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ иргэнд мэдээлэл хүргэх нь хамгийн чухал. Мэдээлэлгүй болохоор хийж байгаа зүйлийг хамгаалж чаддаггүй. Тиймээс ажлын байр зарлагдлаа, түлээ, нүүрсний хөнгөлөлт байна, ахмад настанд ийм халамжийн үйлчилгээ байна гэдгийг зарладаг системийг бий болгоно. Өөрсдөө санаачлаад таван сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хоёрдугаарт, ахмадуудаа чийрэгжүүлэх төвийг барьж тохижуулах, сургууль, цэцэрлэгийнхээ цэвэр, бохир усны засварын ажилд 10 сая төгрөг зарцуулъя. манай хүүхдүүд энд сурч, хүмүүждэг учраас хөгжлийн сангийн мөнгийг зарцуулах нь зүйтэй гэсэн. Багийн төвийн байр танхимыг засахгүй бол нийтийн үйлчилгээ явуулахад хүнд. Тавдугаар багийн хувьд усны бодлого дээр анхаарах хэрэгтэй байна.
-Танай суманд иргэдэд газар өмчлүүлэх ажил хэрхэн явагдаж байна вэ?
-Зуунмод сум 16 мянган хүн ам, 1918 га газартай. Өнөөдрийн байдлаар 0.7 га газрыг иргэн бүрт өгнө гэхэд 24 га газар хэрэгтэй байна. Үүнийг хаанаас олох вэ гэхээр Сэргэлэн сум руу орох болж байна. Хоёр сумын иргэд хоёулаа зөвшөөрсөн байх хэрэгтэй. Гэтэл Сэргэлэн сум зөвшөөрөхгүй. Тиймээс Зуунмод сумыг тэлж өгөхийг хүссэн.