Б.НОМИН

Монголын зүүний хүчний холбооноос санаачлан Хөвсгөл нуурт живсэн машин техникийг гаргаж авах ажлыг эхлүүлээд буйгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. “Цэнгэг далай, Цэнхэр дэлхий” уриан дор нэгдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг долдугаар сарын 18-21-нд Хөвсгөл нуурт ажиллах гэнэ. Хөвсгөл нуурын гүний хэмжээ 262 метр бөгөөд 46 ширхэг усан онгоц, автомашины сэг нуурын гүнд байгаа гэж тооцжээ. Тэдгээр тээврийн хэрэгслийн 60-70 хувь нь түлштэйгээ живсэн гэсэн судалгааг Монголын зүүний хүчний холбооныхон хийсэн гэв. 

Тэд энэ сарын 18-наас 21-нд Хөвсгөл нуурт ажиллахдаа БНСУ-аас зориулалтын хувцастай дөрвөн шумбагчийг авчирч Сантын ам хэмээх газарт унасан 10 тонн бүхий ачааны тээврийн хэрэгслийн байгаа гүний хэмжээг тогтоохоор төлөвлөжээ. Зөвхөн энэ машиныг гаргахад 2-3 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Тиймээс Монголын төр, засгаас тусламж хүсч байгаагаа илэрхийлсэн юм.  Энэ бол их ажлын дөнгөж эхлэл гэдгийг Монголын зүүний хүчний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаяр онцолсон юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-БОНХЯ-наас Хөвсгөл нуурт живсэн машиныг гаргах ажлын судалгааг хийж байгаа шүү дээ. Та бүхэн яманд хандаж туусламж хүссэн үү?

-Хандсан. Энэ чиглэлээр биднийг илтгэл тавьж өгөөч гэсэн. Бид  төрдөө хандаж, боломжоороо хамтаръя гэдгийг хэлэх гээд байгаа юм. Туслаач, хөрөнгө төсвөө гаргаач гэж хэлэх юм. Бид ч бас чадахаараа ганц хоёроор нь гаргана. Ингээд бүгдээрээ нийлэх гээд байна л даа. Эхний удаад бид өөрсдийн хүч, бололцоог ашиглаад нэг ийм оролдлого хийе гэсэн бодолтой байгаа.

-Хэчнээн төгрөгийн хөрөнгө гарна гэсэн тооцоо байгаа юм бэ?

-Наад талд унасан том усан онгоцыг гаргана гэж тооцоход л нэг тэрбум төгрөг шаардлагатай.

-Хөрөнгийг нь шийдчихвэл Солонгосууд тусалъя гэж байгаа юм уу?

-Хэрэв судалгаагаа хийгээд дуусчихвал Солонгосын талаас өөрийн техникийг Монголд авчирч угсарвал ямар байх вэ гэдгийг судалъя гэсэн. Тэр тохиолдолд гаалийн баримт бичиг бүрдүүлэх гээд их ажил орно л доо.

-Оросууд арай зардал багатай хийгээд өгөхгүй гэж үү?

-Орос, Хятадад хандсан. Нэлээд дөхүү нь Солонгос юм уу гэсэн ойлголттой байгаа.

-Оросууд Байгаль далайгаасаа ийм зүйл гаргаж авдаг туршлагатай байх?

-Бодвол тэгдэг байх. Оросуудад иргэний бусад байгууллагаас санал тавьсан юм байна лээ. Тэгье л гэж ярьдаг гэсэн. Тэгээд одоо гурван жил болж байна шүү дээ. Хөвсгөл нуурт унасан машины 60 70-аад хувь нь шатахуунтайгаа байгаа. Тэр шатахуун нэвчээд задарвал яах вэ гэдэг асуудал бий. Тэгвэл бүх загас жараахай үхнэ шүү дээ. Аймаар юм болно.

 

Ш.Пүрэвсүрэн: ХЭН ДУРТАЙ НЬ ХИЙДЭГ АЖИЛ БИШ

Хөвсгөл нуурын ёроолоос машин техник татаж гаргах ажлыг гардан хийж буй, БОНХЯ-ны дэргэдэх Байгаль хамгаалах сангийн захирал Ш.Пүрэвсүрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр Монголын зүүний хүчнийхний хийсэн энэ мэдээлэлд эсрэг байр суурьтай хандаж байгаа аж.

-Монголын зүүний хүчний холбооноос хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор асуух зүйл байна. Та бүхний хийж байгаа ажил давхцаад байна. Тэгэхээр хамтрах уу. Тэд та бүхэнд албан ёсоор хандсан уу?

-Сүүлийн үед Хөвсгөл нуурыг тойрсон асуудал их хурцадмал байдалд орж ирж байна. Энд, тэндээс янз бүрийн ТББ гарч ирж байна. Энэ бол зүгээр нэг шалбааг дотроос үхчихсэн мал татаад гаргаж ирж байгаа асуудал биш л дээ. Хөвсгөл нуур бол дэлхийн цэнгэг усны бараг зулай дээр байдаг нуур. Энэ нуураас Байгаль нуур тэжээгддэг. Дэлхийн цэнгэг усны нөөцийн бараг хоёр хувь нь энд байгаа.Тэгэхээр энэ нуур цэвэр цэнгэг байх нь зөвхөн Монгол Улсын асуудал ч биш, Орос дахь Байгаль нуурын асуудал хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл элхий нийтийг хамарсан нэлээд том ноцтой асуудлын тухай бид ярих гээд байна шүү дээ. Тиймээс шат дараалалтай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгааг үндэслэж хийх нь БОНХЯ-ны эрх мэдлийн хүрээнд байдаг юм. 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дээр өнгөрсөн нэгдүгээр сард энэ асуудал босч ирсэн. Ингээд байнгын хорооны тогтоол гарсан. С.Оюун сайдад энэ ажлыг хариуцуулж, Байгаль хамгаалах сангаас тодорхой хэмжээний хөрөнгө зарцуул гэсэн.

Шат дараатай ажлууд хийж байгаа. Эхний ээлжинд ерөнхий судалгаа хийж байна. Дараа жилээс энэ ажилд зарцуулах мөнгө улсын төсөвт сууна.

Москва хотын Онцгой байдлын яаманд тусламж үзүүлээч гэж хүссэн байгаа. Хариу ирсэн. Манай хоёр улсын Засгийн газар хамтарч ажиллаж болно. Гэхдээ энэ хэн нэгэн хувийн байгууллага, ТББ-ын хэмжээнд биш, улс орны Засгийн газар хооронд яригдах асуудал. 1995 оны протокол бий. Тэр протоколийн хүрээнд бид хамтран ажиллана гэсэн. Энэ бол эрсдэл өндөртэй ажил. Осол гарч болно. Машин татаж гаргаж ирэх гэж байгаад эвдлээд нуураа бүр бохирдуулчихыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ бол хэн нэгний сайн дураараа хийх ажил биш. Нарийн судалгааны, жинхэнэ мэргэжлийн баг ажилладаг юм. Дараа нь ямар эрсдэл хүлээж болох вэ, аюул осол болсон тохиолдолд даатгал нь яах юм гэдэг асуудал ч яригдана.