М.ЦЭЦЭГ

Эрхэм гишүүд нэгэн бүрэн эрхийн хугацааны анхны хаврын чуулганаа үдээд амарцгаалаа. Хаврын чуулган үргэлжилсэн таван сарын хугацаанд тэд юу амжуулсныг одоо нэхэхэд хожимдохгүй. Энэ хаврын чуулган илүү онцгой. Учир нь Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Иймд гишүүд тойрогтоо болон хот хөдөөд намынхаа нэр дэвшигчийг дэмжиж 14 хоног “ажлаа тасалсан”. УИХ-ын дарга захирамж гарган ажлаа түр завсарлуулж гишүүдийг сонгуульд дайчилсан билээ.

Гишүүд сонгуулийн дараа буцаж хуралдахдаа хэний ч төсөөлж байгаагүй, УИХ-ын даргын гарын үсэг зурж төлөвлөгөөгүй хэд хэдэн асуудлыг шуурхай баталчихаад амарчихав. Энэ ч яахав. Парламентад байдаг л үзэгдэл. Наадам, цагаан сар, шинэ жил гээд сиймхийг ямар андах биш. Ийм л байдлаас болж парламентын нэр хүнд чуулган дамжих бүрт унасаар байдаг.

Саяхны нэгэн жишээ. Хаврын чуулганы төгсгөлд  Р.Гончигдорж нарын гишүүдийн Үндэсний баяр наадмын тухай хуулийг өөрчлөв. Юу юугүй наадам маргааш болох гэж байхад даваагүй бөх, барилдаагүй залууст цол олгох хууль баталж чадсан. Гэсэн ч энэ нь амжилтад хүрч чадалгүй Ерөнхийлөгч хориг тавив.

Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг өөр маягаар зохион байгуулах тогтоолыг батлав. Гишүүн Г.Батхүүгийн санаачилсан энэ төслийг гурав  хоногийн дотор баталж,  байнгын ажиллагаатай ч байнга ажилладаггүй парламент анх удаа гадаа хуралдаж, Ерөнхийлөгчийнхөө тангаргыг өргүүлэв. Энэ мэтчилэн нэг хүнд, хэсэг бүлэгт, нэг удаагийн үйл ажиллагаанд зориулсан хууль, тогтоолоор оролдсоор хаврын чуулган өндөрлөв. Энд бас нэг зүйлийг зориуд тэмдэглэх хэрэгтэй. Өршөөлийн тухай хууль төрүүлэхээр зэхэж байгаа гэх сураг байсан ч сураг алдрав. Сонгуулийн өмнө ийм хууль батална, батлах нь гэсэн бор шувуу нисгэдэг уламжлал байдаг. Ийм л юм болоод өнгөрөв бололтой.

 

Х.ТЭМҮҮЖИН БА БУСАД НЬ

 

Энэ хаврын чуулган үнэндээ Х.Тэмүүжинд зориулсан гэхэд хилсдэхгүй. Тэр байнга ярьдаг хууль, шүүхийн шинэчлэлээ бараг бүгдийг нь хийж чадсан байх. Гишүүдээр батлуулж, дэмжүүлж чадсан. Үүнд Ерөнхийлөгчийн ч оролцоо байсан. Учир нь Төрийн тэргүүн мөн энэ сэдвээр байнга ярьдаг. Тодруулбал, хаврын чуулганаар эрх зүйн шинэлчлэлийн тухай хууль хэд хэдийг баталсан юм.

УИХ-ын 2013 оны хаврын чуулганаар бие даасан хууль 13, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 45, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль дөрөв, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, Улсын Их Хурлын 26 тогтоолыг хэлэлцэж баталжээ. Үүний олонх нь шүүхийн шинэчлэл буюу Х.Тэмүүжингийн хуулиуд байлаа.Үүнээс гадна Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд газрын тос боловсруулах үйлдвэр барих, шатдаг занараас шатахуун гаргах төслүүдийг эхлүүлэх, дэд бүтцийн бусад томоохон бүтээн байгуулалтыг төсвийн болон төсвийн бус эх үүсвэрээр, төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан. Стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулж буй гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд зөвшөөрөл олгоход саад болж байсан 100 тэрбум төгрөгийн босгыг арилгаж, зөвхөн төрийн өмчит компанитай холбоотой хэлцлийг УИХ шийдвэрлэж байхаар хуулийн холбогдох заалтыг өөрчлөн найруулснаар зөвшөөрөл олгох үйл явц түргэн шуурхай шийдэгдэх эрх зүйн боломж бүрджээ.

 

ЗАСГИЙН ГАЗАР: ОЛУУЛАА ТӨСӨЛ

 

Одоогоор Засгийн газар ээлжийн амралттай байгаа. Хууль санаачлах эрхтэй гурван субъектын нэг нь Засгийн газар. Гэвч сайд нар энэ хаврын чуулганд олигтой хууль санаачилж оруулаагүй. Хаврын чуулганы үр дүн бүхэлдээ Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан учир Төрийн тэргүүний амалж болох юу байдгийг бүгдийг нь амалсан, эхлүүлэх гэж оролдсон. Засгийн газрын тэргүүн болон гишүүд нь сон­гуу­лийн үеэр нэлээд шуур­хай ажиллаж, олон ба­рилгын шав тавьж, газар ухаж, тууз хайчилсан. Мөн монголчууд олуу­лаа болох хуулийн тө­сөл санаачилсан ч бат­луулаагүй. Энэ бол цэвэр мөнгөний амлалт байлаа. Жирэмсэн болон хүүхдээ төрүүлээд гэртээ сууж буй ээжүүдэд олгодог мөн­гөний хэмжээг нэ­мэх, гурав дахь хүүх­дээ төрүүлсэн эхэд урам­шуулал олгохоор төсөлд заасан байв. Сонгуулийн үеэр ид хүчээ авсан “Олуу­лаа” төслийн та­лаар сонгуулийн мар­гаа­шаас яриагүй. Энэ ту­хай намар, эсвэл ирэх жи­лээс ярьж магадгүй юм. Учир нь хуулийг ба­талбал 2014 оноос хэ­рэг­жүүлэхээр заасан байлаа. Жилийн дараа хэрэгжүүлэх хугацаантай хуулийн төслийг нэлээд ярьж, сурталчилсан нь Ерөнхийлөгчийн сон­гуультай холбоотой нь тодорхой байв.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ: ХОРИГ

 

Хууль санаачлах эрхтэй гурван субъектын нэг нь Ерөнхийлөгч. Энэ хаврын чуулганы үеэр Ерөнхийлөгч сонгуулийн ажилтай байсан учир албан ажилдаа анхаараагүй. Тийм ч цаг зав хомс байв. Тэрээр өнгөрсөн жил, намрын чуулганд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл санаачлаад хэвлэлийн эздүүдийн эсэргүүцэлтэй тулгаран хуулиа татаж авсан удаатай.

Дээр дурдсан төлөвлөөгүй асуудлын жагсаалтад бичигдсэн  бөхийн цол гуншинг нэмэх тухай хуульд Ерөнхийлөгч наадмын өмнө хориг тавьсан. Наадамд түрүүлээгүй бөх өмнө нь хэдэн жил сайн барилдсан бол шууд аварга цолтой болох байлаа. Сүүлийн хэдэн жил бөхийн найраа тасраагүй байхад даваагүй, бараг л барилдаагүй бөх цол авах тухай хуулийг парламент баталсан нь наадмын өмнө олон түмний дургүйцлийг маш их хүргэсэн. Энэ хандлагыг Ерөнхийлөгч овжин ашиглаж хориг тавьж, УИХ баталсан хуулиа буцаав. Нутгийн бөхчүүдэд цол олгуулахыг санаархсан зарим нэгэн гишүүн, энэ далимд цол гуншингаа ахиулах санаатай бөхчүүдийн санаа наадмын өмнөх өдөр үгүй болов. Угаасаа ч ийм мангар хуульд хориг тавихгүй бол жилээс жилд нэр хүндээ алдаж буй парламент, цаашлаад хориг тавьж чадахгүй бол Ерөнхийлөгчийн нэр хүндэд ч халтай байв.

Эрхэм гишүүд иймэрхүү янзтай нэгэн чуулганыг үджээ. Тэдний наадмын дараах амралт энэ өдрүүдэд үргэлжилж байна.  Өнөөдөр л гэхэд тойрогтой хэд нь тийшээгээ явсан сурагтай.Сумын, сургуулийн ой, их хурдад морь, бөхөө сойсон шиг, айраг цагаа эргүүлсэн шиг амарч яваа биз. Тойроггүй болоод зарим хэд нь гэртээ, зарим нь гадаадад ээлжийн амралттай яваа гэнэ.