Л.МӨРӨН
УИХ-ын гишүүн С.Баярцогт нууц данстай байсан, анкетаа Хятадын иргэншилтэй гэж бөглөсөн гээд нэг хэсэгээ шуугисан. Тэрээр энэ тухайгаа “Би тэр дансыг нээх хэрэггүй байсан юм. Нээсэн гэдгээ мартчихсан байсан. Гурван найзтайгаа хамтарч бизнес хийх зорилгоор энэ дансыг нээсэн. Энэ дансанд монгол мөнгөөр гурван сая төгрөг бий. УИХ-ын гишүүний хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ дансны тухай мэдүүлээгүй ч, түүнд хадгалсан гурван сая төгрөгийн тухай бол мэдүүлсэн. Ямар нэгэн гүйлгээ хийж байгаагүй. Би хариуцлага хүлээхэд бэлэн” гэсэн тайлбаруудыг өгч байсан юм. Гэхдээ түүнийг УИХ-ын дэд даргын суудлаас татсанаар хариуцлагын тооцоо дууссан. Гурван найзынхаа нэр, иргэншлийнхээ асуудлаар ямар нэгэн нэмэлт тайлбар хийгээгүй. Түүнийг асуух хүн олон байсан ч хэлээд ямар барах биш, хэсэг шуугиад намдана гэдэг шиг тас гүрийсээр давсан. Сүүлийн үед түүний хамтрагч, найз нь хятад хүн гэсэн мэдээлэл тарлаа. С.Баярцогт Швейцарт байнга оршин суугч, хөрөнгийн биржийн томоохон тоглогч Лао Чу гэгчтэй хамтран компани байгуулсан учир бүртгүүлэхдээ иргэншлээ “Улаанбаатар. Монгол. Хятад улс” гэж мэдүүлсэн бололтой. Тэрээр дансандаа байгаа гурван сая төгрөгийг хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлсэн атлаа данс нээснээ мартсан байсан гэж газар дээрээ гурав эргэсэн. Энэ эрхмийг нууц данстай байсан гэсэн мэдээлэл гарсан даруй олон нийт авлигалтай холбоотой нууц орлогоо энэ дансаар дамжуулдаг байх гэж хардах болсон. Дансны тухай яриа гарангуут аавыгаа эмчлүүлэх нэрийдлээр гадаад руу ниссэн нь түүнийг юу амжуулчихаад ирсэн бол гэсэн хардлагыг улам их нэмсэн билээ.
Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор өнгөрсөн сард УИХ-д өргөн мэдүүлсэн. С.Баярцогтыг Швейцарийн банкин дахь нууц данстай нь холбогдуулан шалгахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж байгаа гэх таамаглал олны дунд бий. Ямартай ч хаврын чуулган завсарлаж, хаалтаа хийж, гишүүд амралтаараа хөдөө гадаад явчихсан тул энэ асуудлыг намрын чуулган эхлэх хүртэл хэлэлцэхгүй, шийдэхгүй нь бололтой. С.Баярцогт гишүүний орлого, орлогын эх үүсвэр, дансны гүйлгээ, дахиад ийм данс байдаг эсэх, хамтрагч нь хэн байсан, яагаад энэ дансаа хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлээгүй тухай зэрэг олон асуултын хариултыг олохын тулд хуулийн байгууллагаар шалгаж, тогтоох ёстой гэсэн шаардлагыг олон нийтийн байгууллага шаарддаг. Ангийн зарим нөхөд нь түүнийг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх хангалтгүй, УИХ-ын гишүүнээс чөлөөлөх ёстой гэдэг. Энэ саналыг түүний намын зарим нөхөд дэмжиж байгаа гэдгээ хэвлэлээр мэдэгдсэн.
Өнгөрсөн тавдугаар сарын 10-нд Д.Зоригт, Д.Сумъяабазар нар тангарагаа өргөж, УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ эрхээ хэрэгжүүлэх болсон. Гэтэл тавхан сарын дараа дахин нэг гишүүний суудал “эзэнгүй” үлдэж мэдэхээр байна. Сонгогчдын саналыг хуулиар бус барьцаагаар шийддэг болсон өнөөгийн улстөрчид ирэх намар буюу аравдугаар сард ямар шийдвэр гаргах бол. Оюутолгойн гэрээг цээжээрээ хамгаалж, олон хувьсагчтай тоог төвөггүй боддог экс сайд нэг л өдөр нууц данстай байсан тухайгаа “Би мэдлэггүйгээсээ боллоо” гэж мэдэгдсэн. Мэддэг, мэддэггүй нь тодорхой бус түүний бүрэн эрхийг ангийн нөхөд нь хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.