Ч.ҮЛ-ОЛДОХ
“Ярилцах цаг” булангийн зочноор УИХ-ын гишүүн асан Р.Будыг урилаа.
-Таныг Сүхбаатар аймаг дахь Ардын намын дарга болсон гэж дуулсан. Орон нутаг дахь намын ажил хэр байна?
-Би энэ намаар хүмүүжиж, боловсрол эзэмшиж, төрийн түшээ хүртэл олон шатанд ажилласан. 2012 оны УИХ-ын сонгуулиар нам ялагдаж тухайн үед Сүхбаатарын гаралтай намын ажил хийчих олон хүнтэй манай удирдлагууд уулзсан юм билээ. Очих хүн төдийлөн олдоогүй. Миний хувьд төрийн ажлаас завсарлага авч амрах, жаахан орхигдуулаад байсан ар гэр, аж ахуйн ажлаа өөд татах бодолтой явсан ч намын удирдлагуудаас хүсэлт тавьсан учраас нутгаа зорьсон. Намын даргыг сонгоход 70 хувийн санал авч, сүүлд орон нутгийн сонгуулийн дараа хариуцлагын асуудал ярьж санал хураахад 60 гаруй хувийн саналаар Сүхбаатар аймаг дахь Ардын намын даргаар сонгогдсон.
Өмнө нь УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож байснаас аймгийн намын даргын ажлыг хийж байсан биш. Эхний удаад орон нутгийн сонгуулиас 20-иод хоногийн өмнө ажил авч байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулиар гишүүдээ сайн мэддэг болчихсон бас ч гэж бэлтгэлтэй оролцлоо. Одоо намын гишүүдийн 80 гаруй хувь нь залуучууд, хамт олонтойгоо гар сэтгэл нийлэн ажиллаж байна. Сонгуульд ялагдсан намын хувьд гишүүдийнхээ сэтгэл санааг өргөхөд анхаарч байна. Ажил ч цэгцэрсэн. Сая Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. УИХ, Орон нутгийн сонгуулиар Сүхбаатарт АН ялсан. Ийм хүнд үед төрийн тэргүүний сонгууль боллоо. Гэхдээ нутгийн иргэдийн итгэл алдраагүй байна. Бид боломжийн хэмжээнд ажилласан, дээр нь нэр дэвшигчийн нэр хүнд сайн байлаа. Үүний дүнд аймагтаа хоёр сумаас бусдад нь, Баруун-Уртын бүх багт манай нам ялалт байгуулж улсын хэмжээнд дээгүүр хувьтай гарсан.
-МАН сүүлийн үед дотооддоо багагүй бужигнаж байх шиг. Залуусын зүгээс шинэчлэх хөдөлгөөн байгуулсан, сонгуулийн дараалсан ялагдлын буруутанд хариуцлага тооцох, удирдлагуудаа огцруулах шаардлага тавьсан гээд өрнөж буй үйл явдлын талаар та ямар бодолтой байна?
-Хөдөөний хүн болсон болохоор залуучууд энд юу ярьж, ямар шаардлага тавьж байгааг төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Баяр наадмын өмнөхөн Сүхбаатараас ирээд намын байраар иртэл үүдэнд нь эсгий гэр барьчихсан байна. Шинэчлэлийн тухай санал авч байгаа гэнэ. Хүнээр бол нам амьд организм. Байнга хөгжиж, дэвшиж байх ёстой. Шинэчлэгдэж, шинэ эрч хүчээр өөрийгөө сэлбэж, үзэл онолоо сайжруулах, ард түмний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар зорилт дэвшүүлэх, нэгдсэн бодлоготой ажиллах асуудал аль ч намд байдаг. Тэгэхээр залуусын хэлж, ярьж буй зүйлүүд намын дүрмийн хүрээнд шийдэгдэх байх. Намын дүрэмд “Улс,орон нутгийн сонгуульд хангалтгүй оролцвол намын удирдлагууд хариуцлага хүлээнэ” гэж тодорхой заасан. Тэр дагуу Бага хурлаа хуралдуулж, түүнээсээ Их хурлаа товлож, хэрэв тэдгээр хүмүүс бэлтгэлгүй, ур чадваргүй ажилласан бол намын дүрмийн хүрээнд хариуцлага хүлээх байх. Гэхдээ ажлыг шүүмжлэх амархан, ялангуяа ажил хийж байгаа хүнийг хажуунаас нь шүүмжлэх шиг амархан зүйл үгүй. Яг өөрсдөө гардаж аваад хийнэ гэхэд юуг яах вэ гэдгээ бодолцох учиртай. Нөгөөтэйгүүр, шинэчлэл гэж юу вэ гэдгээ бодох ёстой. Миний хатуу бодож байгаа зүйл юу вэ гэвэл, нам гурван цагийн хэлхээн дээр хөгжих ёстой. Ахмад, дунд, залуу үе хоорондоо сүлэлдэж байж намын ачааг тэнцүүлнэ. Түүнээс биш шинэчилье гээд шинэчлэгдчихдэг юм биш. Шинэчлэл гэж юуг хэлэх вэ гэдэг л чухал.
-Та Бага хурлын гишүүний хувьд хурал дээр ямар асуудал хэлэлцүүлэх бодолтой байна?
-Юуны өмнө бодит байдлыг авч үзнэ. Шинэчлэлийн тухай ярьж буй асуудалд дүгнэлт хийнэ, бусдыг сонсоно. Залуусын ярьж буй зүйл итгэл үнэмшилтэй минь таарч байвал дэмжинэ, өөр өнцгөөс өнгө будгийн юм ярьж байвал намын хамт олон тохирсон шийдлийг тухайн үед нь гаргах нь тодорхой.
-Гол нь сонгуулийн дараалсан ялагдлын шалтгаан, хариуцлага хүлээх хүмүүст нь тохирсон шийтгэлийг оноох тухай танай намын гишүүд ярьж байгаа. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой юм биш үү?
-2012 оны УИХ-ын сонгуулийн дараа намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох үед бид ярьсан. Сонгуулийн үр дүнгээр намын удирдлага хариуцлага хүлээсэн. Манай намын дарга, Ерөнхий сайд асан С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар хариуцлагаа ухамсарлаж огцорсон. Харин одоогийн дарга нартай орон нутгийн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ярих ёстой. Үнэхээр хариуцлагагүй ажилласан бол хариуцлага тооцохоос аргагүй. Харин хүчин мөхөсдсөн, цаг үеийн байдал өөрчлөгдсөн, нийгмийн сэтгэлзүй өөр байснаас болсон бол тэнд бурхан ч аваачиж тавиад нэмэргүй шүү дээ. Тиймээс аль аль талаас харж, дүгнэж жин банг нь зөв тааруулах учиртай. Нөгөө талаас намын ажлын дадлага туршлагатай хүмүүс хэрэгтэй. Энэ намыг олон арван жилийн туршлагын дүнд олж авсан шүү дээ, бид. Иймд сайтар шүүн тунгааж ярих ёстой. Намын хоёр даргыг сонгоход одоогийн удирдлагууд, дээр нь УИХ-ын гишүүн байсан 20 гаруй хүн цуглаад ярьж байсан. Хэн байх вэ гэдэгт олон шалгуур гаргаж, тэдгээр үзүүлэлтүүдийг нэгтгэн бичээд Ө.Энхтүвшин даргад гардуулсан. Хэрэв намын даргаа шинээр сонгох бол тэр загварыг зайлшгүй ярих ёстой.
-Шалгуурт ямар үзүүлэлтүүд багтсаныг сонирхоё?
-Ард түмний амьдралыг мэддэг, намын ажлын туршлагатай, олон талтай харилцаж чаддаг, аль нэг талыг нь хазаж хайраад, ширүүн дориун авирлаад байдаггүй, олон түмэнд танигдсан, хүндлэгдсэн, төрд ажиллаж үзсэн гээд олон шалгуур бий. Энэ шалгуурт хэдэн хүн торж үлдэх нь вэ. Тэр дотроос намын даргаа сонгох нь зүйтэй.
-Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарын хувьд тэр шалгуурыг бүрэн хангасан гэсэн үг үү?
-Одоогийн дарга нарыг гаргаж ирэхэд бидэнд тийм цаг хугацаа байгаагүй жаахан тулгамдсан тал бий. Одоо бол хэлэлцүүлэг өрнүүлэх цаг хугацаа байна. Энэ саналаа би намынхаа удирдлагуудад хэлсэн. Түүнээс гадна намын дарга больё гэсэн нөхдийн саналыг авах хэрэгтэй. Тэр бүү хэл мөрийн хөтөлбөр дэвшүүлж ч болно шүү дээ. Түүгээр нь өрсөлдүүлэн гаргаж ирнэ биз.
-Гэхдээ намын дарга хийгээд явчих лидер байхгүй нам гэсэн шүүмжлэл их байна?
-Намын дарга хийчих хүн олон бий. 90 гаруй жилийн түүхтэй, 250 гаруй мянган гишүүнтэй энэ том намд тийм лидер байхгүй гэвэл түүн шиг гутамшиг, мөн түүн шиг худал юм байхгүй.
-Дарга нараа өөрчиллөө гэхэд шат шатны сонгуульд ялагдсан шалтгаанаа тэгээд юу гэж дүгнэж байгаа юм бэ?
-Олон юм бий. Гэхдээ алдаагаа сөрөг хүчнээс биш дотроосоо хайх нь эрүүл үзэгдэл.
-Тэгвэл, Л.Одончимэд гуайн хэвлэлд ярьсанчлан АН авлигын тухай ярихаар айгаад нэр дэвшигчээ дэмжихээ больсон, албан тушаал горилох болохоор мөнгө барьж ирдэг, сонгуулийн хандив ярихаар нуугддаг, мөн өөр намын нэр дэвшигчид тал засч намаа муулсан болон сүүлийн үед нүүр буруулах болсон гишүүдээ ярих нь ээ?
-Тэр хүмүүсийг харсан, үзсэн биш, одоо л хурлаар ярина шүү дээ. Хэдий хэмжээний мөнгө цугласан, хэн яаж хандсан гээд бүх зүйл тодорхой болно. Манай нам дүрэмтэй, түүгээрээ шийднэ. Хуулийн хүрээнд асуудлаа шийдэх ёстой. Нөгөөтэйгүүр, манай намаас нүүр буруулж байгаа хүмүүс байна. Үүнийг дээр, дооргүй ярьж байгаа. Сайн явахад садан төрөл мундахгүй гэгчээр УИХ-ын гишүүн байхад хааяа намын байраар орж ирэхэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүдэнд бидний хөл дээгүүр гишгэх шахсан бизнесүүд олон байдаг байсан. Одоо харагдахаа байж. Цаашид төрийн албыг тунгалаг болгоход намын санхүүжилтийн асуултыг шийдэх нь чухал. УИХ, Засгийн газрын ажлыг салгах хэрэгтэй. Төрийн албыг төрлийн алба болгосныг өөрчлөх ёстой.
-Хариуцлагын асуудал эцэстээ УИХ дахь бүлгээ байгуулж чадаагүй, гол хуулиудад намынхаа байр суурийг тусгаж чадаагүй Н.Энхболд дээр бууж байгаа гэх юм?
-Ганц түүн дээр бууна гэхэд хаашаа юм, гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг байх. Гэхдээ асуудлыг намын Бага хурал шийднэ. Харин тэр яриад байгаа бүлэг байгуулж чадаагүй, сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд намынхаа байр суурийг оруулаагүй гэдэг бол үнэн. Гэвч тэр нь ганц Н.Энхболдоос болсон уу, өөр зүйлээс шалтгаалсан уу гэдгийг тухайн үедээ ярих байх.
-Одоо асуултаа өөрчилье. Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай гэж нэрлэхээр боллоо. Нэр нь өөрчлөгдсөн учраас хөшөө нь байх шаардлагагүй гээд шилжүүлэх нь ойлгомжтой. Олон жилийн өмнө Д.Сүхбаатарын хөшөөг буулгахын эсрэг жагсч тэмцэхээ мэдэгдэж байсан хүний хувьд та юу хэлэх вэ?
-Зохисгүй зүйл болж байна. Бид эзэн Чингис хаанаа өргөмжлөх хэрэгтэй. 800 зууны тэртээ Их Монгол Улсыг байгуулж, их түүхийг бүтээсэн мянганы хүн. Саяхны түүх гэвэл 1921 оны хувьсгалыг удирдсан нэрт жанжин, 30-хан насандаа Монгол Улсад хосгүй гавьяа байгуулж, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа нь болж, өөрөө эр зоригийнх нь туг болж араасаа олон сайхан хүнийг дагуулсны дүнд Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан. Үүнийг нь тухайн үеийн Монголын төр үнэлж, хөшөө дурсгалыг нь байгуулсан байдаг. Энэ тухай би олон удаа ярьж байсан, хөшөөг нь нүүлгэхгүй, хүрэлдэх ёстой гэсэн санал дэвшүүлж байсан. Өнөөдөр тэр байр суурьтаа байна. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэж айхтар үг бий. Өнгөрсөн түүхээрээ тоглох хэрэггүй. Чингис хаан, Д.Сүхбаатар нарын амьдарч байсан эрин, түүхэн цаг үе өөр. Тэдний өмнө тавигдаж байсан шаардлага нь өөр. Нийгмийн байгуулал нь ч өөр байсан. Тиймээс харьцуулшгүй юм. Нэгийг нь нөгөөгөөр зохилдуулах огт хэрэггүй. Энэ талаар манай намаас хэвлэлийн хурал хийлгэж, би Сүхбаатар нутгаа төлөөлж оролцлоо. Д.Сүхбаатар жанжны гурав дахь үеийн зээ охин хуралд ирсэн. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга байр сууриа тодорхой хэлсэн. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилснөөр олон хууль зөрчиж байна. Нөгөөтэйгүүр, НИТХ бүрэлдэхүүнгүй, 6-7 хүн хуралдаад шийдэж байгаа нь учир дутагдалтай. Тиймээс шийдвэрээ эргэж харна гэдэгт итгэлтэй байна.
-Та УИХ-ын гишүүн байхдаа Чингис хааны цогцолборын тухай санал хэлж байсан санагдана?
-Төрийн ордны өмнө гурван хөшөө авчирч наачихаад, Бурхан Халдуны зургийг шилэн дээр зурж тавиад цогцолбор гэхэд учир дутагдалтай ч гэсэн анхны алхам, их ч хөрөнгө зарцуулсан байх. Цаашид эзэн Чингис хааныхаа хөшөөг есөн өрлөгтэй нь хамт бүтээж, хотхон байгуулах хэрэгтэй гэж би гишүүн байхдаа хэлж байсан. Харин тэр нь Бурхан Халдунд байх уу, эсвэл эртний нийслэл Хар хориноо түшиглүүлэн сайхан бүтээн байгуулалт хийх ёстой. Заавал нийслэлд барина гэвэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд оруулж гэр хорооллын асуудлыг цэгцлэн хойшоо Чингэлтэй рүү асар том хөшөөт цогцолбор барьж, хотын нэг дүүргийг их хаанаараа нэрлэж болно шүү дээ. Чингис хааны бүтээн байгуулалт XIII зууны хот төлөвлөлттэй байвал хойч үе түүхээ мэдэх, сурталчлахаас эхлээд ихээхэн үүрэгтэй. Түүнийг дагаад аялал жуулчлалыг төвлөрүүлэх шинэ төв бий болно.