Н.МӨНХЖИН

Өнгөрсөн бямба гаригт Саудын Арабт орон нутгийн сонгууль болж өнгөрөв. Энэ удаагийн сонгуульд тус улсын түүхэнд анх удаа эмэгтэйчүүд сонгуульд оролцож, санал өгсөн аж. Энэхүү түүхэн сонгуульд 19 эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулж, хот, орон нутгийн зөвлөлд сонгогджээ.

Хот, орон нутгийн зөвлөлийн 2100 суудлын төлөө 5938 эрэгтэй, 979 эмэгтэй нэр дэвшин өрсөлдсөн байна. Тус улсын Сонгуулийн ерөнхий газрын дарга Хамад Аль-Омарын мэдээлснээр  ялалт байгуулсан эмэгтэйчүүд Саудын Арабын томоохон хотууд болон исламын шашны ариун газар болох Мекке хотын дүүргээс орон нутгийн зөвлөлд сонгогдож чадсан байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 130 мянга орчим эмэгтэй бичигдсэнээс 80 хувь нь сонгуульд саналаа өгч оролцсон аж. Саудын Арабт нийт 1.35 сая хүн сонгогчдын жагсаалтад бүртгэгджээ. Саудын Арабын таалал төгссөн хаан Абдулла 2011 онд эмэгтэйчүүдийг сонгуульд оролцуулах тухай шийдвэр гаргаж байсан билээ. Орон нутгийн сонгуулиар нийт 2100 хүн сонгогдоно. Харин 1050 хүнийг хааны зарлигаар хот, орон нутгийн зөвлөлд оруулдаг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин