Ч.ҮЛ-ОЛДОХ

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат багш Шаравын Бадамыг урилаа. Зарим нь түүнийг “УИХ-ын буурал багш” хэмээн хүндэтгэдэг юм.
-Та сайхан наадав уу, мөн сайхан амарч байна уу?
-Баярлалаа.Гавьяаны амралт гэж манайхан гоёор нэрлэдэг. Би тэр амралтаа авсан шүү дээ, өнгөрсөн хавар. Олон жил алба хашиж явсан хүмүүсийг гэнэт өндөр насны тэтгэвэртээ гарч, гэртээ сууж амар гээд гаргаж байгаа нь дасч зохицоход амаргүй байдаг бололтой. Би өөрийгөө зугаацуулах юм багатай хүн байгаа юм. Үр хүүхэд, ач зээгийн ажил мэтээр цаг авч сууна. Бусад үед нь компьютер, телевизийн сувагтай жаал ноцолдох юм.
-Улс төрийн тогоонд олон жил чанагдсан хүний хувьд тантай улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцахаар зорьж ирлээ. Та харин юу гэж бодож байна?
-Улс төрийн бүхий л амьдарлын талаар гэвэл ихээхэн цаг, цаас орох байлгүй дээ /инээв/. Харин сонгууль энэ тэр гээд ярих юм бол хэлэх зүйлүүд байна шүү.
-Та миний асуух гэснийг таачихлаа. Их хурлын зургаан удаагийн сонгуулиар гарч ирсэн гишүүдтэй хамт ажилласан хүний хувьд та нэлээд олон талаас нь харьцуулж, дүгнэж суугаа болов уу. Мөн Монгол Ардын намын буурал гишүүний хувьд намдаа ямар дүн тавьж байгааг ч сонирхмоор байна?
-Сонгуулийн тухайд 1990 оны АИХ-ын депутатыг сонгох, 1992 оны УИХ-ын гишүүнийг сонгох сонгууль хамгийн цэвэр, шударга сонгууль байсан. Энэ сонгуулийн үед нэр дэвшигчид нь тухайн тойрогтоо хэн болох нь бараг танигдсан хүмүүс байдаг учраас сонгогчидтой уулзалт хийхдээ намынхаа юмуу өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг танилцуулж, санал бодол, захиа даалгаврыг нь сонсоод, ямар нэгэн мөнгө төгрөгний асуудалгүйгээр, намынхаа томилолтоор, орон нутгийнхаа намын даргын машинд сууж яваад сонгуулийн сурталчилгаагаа хийгээд сонгогддог байлаа шүү дээ. 1996 оны УИХ-ыг сонгох сонгуулиас эхлээд өнөөдрийг хүртэлх бүх сонгууль мөнгөтэй хутгалдаж бохирдож дууслаа.Энэ бол манай улсын гүн эмгэнэл юм.
-Та сонгогчдыг саналаа мөнгөөр худалдаж байна гээд байна уу?
-Амьдрал дээр тийм л байгаа шүү дээ. Манайд сонгууль шударга явахаа больж, сонгуульд улс орон,нийгмийн хөгжлийн төлөө зарцуулагдах ямар их мөнгө урсаж гагцхүү мөнгөтэй хүн сонгогдож байгаа нь олон түмний дургүйцлийг төрүүлж байна. Намууд нь нэр дэвшигчээ сонгохдоо хэр зэрэг бэл бэнчинтэй, хэр зэрэг мөнгө сонгуульдаа гаргаж чадах эсэхийг гол шалгуураа болгож байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын саналыг мөнгөөр татаж авч чадах хүн намуудад хэрэгтэй болохоос улс орон, ард түмнийхээ төлөө юу хийж чадах эсэх нь тухайн намд гол асуудал биш болоод байна.Нэгэнт сонгууль нь ийм байгаа учраас түүнээс цаашхи улс төрийн үйл ажиллагаа,албан тушаалын томилгоонууд мөн тийм байдлаар явж байна.
-Улс төрчдийг цөмийг нь бохир аргаар сонгогддог гэж та үзэж байна уу?
-Улс төрийн дээд төвшинд голдуу хамаатуулж байна л даа.Манай Их хуралд нийгэм солигдож, бужигнаж байх үед ард түмний 70, 80 жилийн шударга хөдөлмөрөөр хуримтлагдсан эх орны баялаг, өмч хөрөнгийг шударга бус хувьчлалаар овсгоодон авч баяжсан хэдэн хүн ард түмний толгой дээр тоглож байна шүү дээ. Монголын толгой баячууд гэхээр хүмүүс УИХ-ын гишүүн болоод байгааг харж байгаа биз дээ. Ер нь манайд мөнгөгүй хүн улс төрийн сонгуульд сонгогдох боломж бараг байхгүй болсон.
-Яагаад тэр билээ?
-Улс төрийн намууд нэр дэвшүүлэхээсээ эхлээд намдаа олон арван сая төгрөг хандивлахыг шаардаж, хэн их мөнгө гаргаж чадах хүнийг нэр дэвшүүлж байгаа нь ийм байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, нөгөө их устгах гээд байгаа авлига, хээл хахууль чинь эндээс, улс төрийн намууд өөрсдөө цэцэглүүлээд байна.
-Энэ их мөнгийг юунд зардаг гэж та бодож байна?
-Сонгогчдыг худалдаж авахад зориулж байна. Манайд сонгогчдын ухамсар дорой байна. Үндсэн хуулиар олгогдсон ганц чухал эрхээ хэдэн бор төгрөгөөр худалдаад байна
Манай нийгэм төрийн зүтгэлтэн асан Мэндийн Зэнээ энэ байдалд дургүйцэж мөнгөтэй хүн мөнгө өгч байхад түүнийг нь авчихаад өөрийнхөө бодлоор, харин ч бүр эсрэгээр саналаа өгч байхыг зөвлөж байсан. Сонгогчид авлигын мөнгийг авчихаад түүндээ дөрлүүлээд байгаа нь дэндүү харамсалтай бөгөөд өөрийгөө доош нь хийж байгаа хэрэг. Мөн улс орон, үр хүүхдийнхээ ирээдүйгээр тоглуулж байгаагаа ойлгохгүй байгаагийн илрэл.
-Монголын улс төрийн бохирдлын гол буруутан нь намууд гэсэн үг үү?
-Улс төрийг намууд авч явдаг. Тэгэхээр намын удирдлагуудтай холбож ярих хэрэгтэй юм. Ардчилсан хөгжлийн сүүлийн 20 гаруй жил хоёр том нам улс орныг ээлжлэн удирдаж ирлээ.Тэгэхдээ энэ хоёр намын удирдлагын хэдэн хүн Монголын нам, улс төрийн өндөр албан тушаалуудад нэг албанаас нөгөөд нь сэлгэн ээлж халаагүй шахам сууж байна. Тэд суудлаа алдахгүйн тулд өөрийн нэр хүндээр явахгүй болохоор мөнгөөр олон түмний санал, эрх мэдлийг авах аргад шилжсэнээр манай улс төр бохирдсон.Тэд сонгуулийн үед журмын нөхөд, иргэд сонгогчиддоо учиргүй хайртай болж жүжиглээд сонгуулийн дараа эрийн сайндаа сонгогдож томилогдсон юм шиг царай гаргаж тэднийхээ санал бодлыг сонсдоггүй, амласан хэлснээ ч мартдаг явдал түгээмэл байна.
Намын жирийн гишүүд нь сонгуулийн үед намынхаа төлөө, намаасаа нэр дэвшсэн хүний төлөө гээд сурталчилгааны хэд хоногт тавхайгаа эргэтэл гүйж ажилладаг. Нөгөө сонгогдсон эрхэм нь сонгуулийн дараа, эрх мэдэлтэй болсныхоо дараа зүсээ хувирган доошоо харахаар эгэл жирийн хүн жижигхэн харагдаж, дээшээ харж ярвайсан, хүний үг сонсохоо байж, шавар баримал лугаа төрөл арилждаг байдал их бий.Тийм хүмүүс улс орон, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлгүй болж, долдойнуудаар өөрийгөө хүрээлүүлэн хуяглаж, зөөлөн суудлаа манан, шударга шүүмжлэл хэлсэн хүмүүстэй дайтаж суухаас өөр ажилгүй байдаг бололтой. Манайд намуудын удирдлагын боловсон хүчний чадавхи,нөөц, улс төрийн боловсрол, идэвхи санаачилга муугаас намуудын төлөшил муу, намууд улс, орныхоо хөгжлийн залуур болж чадахгүй, зөвхөн албан тушаалын гишгүүр, өргүүр болж байх шиг. Уг нь намын үзэл баримтлал нь оновчтой, шинжлэх ухааны үндэстэй, тодорхой байж, нэр цэвэр, нэр хүндтэй, зарчимч, дайчин шуурхай, жинхэнэ лидер удирдагчтай байж улс орноо удирдана. Энэ нь намын удирдах боловсон хүчнээс шалтгаалах зүйл. Харамсалтай нь манайд энэ талаар ихээхэн учир дутагдалтай байна.
-Та зөвхөн нам төрийн өндөр албан тушаалтнуудын тухайд яриад байна уу?
-Монголчууд “Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй”, “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэлцдэг.
Дээд төвшиндөө мөнгөөр асуудлыг шийдвэрлэж байгаагаас доод төвшиндөө мөн албан тушаалыг мөнгө гэж ойлгож, идэж уухын дон шүглэсэн. Иймд албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэж, уг албан тушаалд очихын тулд эрх мэдэл бүхий албан тушаалтныг хүзүүдэн тэвэрч, авлигадан бялдуурчилж тушаал дэвшдэг. Дарга даамал болмогцоо төр нийгмийн мөнгө хөрөнгийг цаг хугацаатай уралдан хувьдаа завшин хөрөнгөжиж төрөөс төрсөн баячууд, олигархиуд олноор төрж байна гэж иргэд бухимдаж байна. Үнэхээр авдаг цалинтайгаа харьцуулахад хурдан хугацаанд “тэрбумтан” болчихоо юу даа гэмээр хөрөнгөжсөн хүн олон боллоо. Нэг үе төрийн албанаас дайжин аж ахуй бизнес хийнэ гэдэг байсан бол одоо яагаад төрийн алба руу зүтгэх болов. Төрийн мөнгө, төсвийн хөрөнгө нь эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын баяжих хэрэгсэл болж байгаагаас ийм болсон. Мөн улс орны хөгжил, ард иргэдэд зориулан зарцуулагдах мөнгө завшигдаж, бүтээн байгуулалт удааширч, иргэдийн амьдрал дээшлэхгүй байна.Ажилгүйдэл, ядуурал газар авсаар байна.
-Тэгээд улс төрийн золиосонд төсвийн мөнгө үр ашиггүй урсаад байна гэж үү?
-Яг тийм болж байна. Нэр дэвшихийн тулд болон сонгуульд зарсан тэр их мөнгөө эрхэм улс төрч төрийн мөнгөнөөс элдэв аргаар, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт,тендер,үнийн урамшуулал,”өргөл, хандив” гэх мэтээр нөхөж авч байгаа нь нууц биш.
-Энэ дутагдлыг хэрхэн засч залруулах вэ. Тийм гарц байна уу?
-Юуны өмнө улс төрийн аливаа төвшний сонгуулийг шударга явуулах боломжийг хангах хэрэгтэй. Нэр дэвшүүлэхээсээ эхлээд сонгуулийн эцэс хүртэл сонгогчдын санал худалдаж авахад чиглэсэн мөнгө хөрөнгө зарах бүх боломжийг хаах хэрэгтэй. Цөөхөн сонгогчтой атлаа сонгуулийн ардчилал ихээхэн хөгжсөн орнуудын туршаад хэрэглэхээ больсон гээд байгаа, ард иргэдэд ихээхэн эргэлзээ, хардлага төрүүлдэг автомат машинаар тоолохоо болих хэрэгтэй.Машинаар тоолоход дүн нь хурдан гарах сайн талтай ч программ хангамжийг нь хүн хийдэг учраас иргэд эргэлзээд байна. Ер нь тэгээд тийм их мөнгө зарж тоолох хэрэг байхгүй. Монголчууд гараараа л барьж итгэдэг улс шүү дээ. Сая гаруйхан сонгогчийн саналыг тоолоход асар их мөнгө зарж машинаар тоолж байгаа нь ний нуугүй хэлэхэд “торомонд тооно хөллөнө” гэдэг шиг юм болж байна.
-Ингэхэд сонгуулийн тогтолцооны талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Манайх сонгуулийн холимог тогтолцоог сонгоод явж байна.Өмнөх можаритор сонгууль нь хүнээ голдуу харж сонгодог байсан.Пропорционал руу холилдохоор намыг харах хэрэгтэй болдог.Манайд намууд жигд төлөвшиж чадаагүй учраас төгс болсон гэж үзэхгүй байна. Тэгээд ч намын жагсаалтад оруулах хүнээ шударгаар, оновчтой сонгож чадахгүй байх шиг.Тойрогтоо сонгогдож чадахаа байсан хууччуулаа ядаж нэг удаа сонгуулах арга болгоод байна уу даа гэдэг хүмүүсийн саналыг үгүйсгэх аргагүй. Ер нь жагсаалтад өндөр боловсрол, ёс суртахуунтай, биеэ болон гэрээ засчихсан залуучуудыг оруулж сонгуулаад дараа нь сонгуульд тойрогт өрсөлдүүж байх нь зүйтэй мэт бодогдоод байгаа юм.
-Та түрүүнд авлига газар авсан тухай цухас дурдлаа. Энэ талаар ямар бодолтой байна?
-Үнэндээ манайд энэ их хэцүү, сэтгэл зовоосон асуудал болоод байгаа нь үнэн шүү. Зөвхөн сонгуультай холбоотой төдийгүй боловсон хүчний томилгоонууд, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн төрлийн бүх үйлчилгээнүүд цөм гар хардаг, нэмэгдэл мөнгөөр хөдөлдөг болоод байгаа нь нууц биш.
Авлига, хээл хахууль гэж дээр дооргүй их ярьж байна. Үр дүн муу байна.Авлига,хээл хахуультай тэмцэх байгууллагууд нь нэг намын тэр дундаа эрх барьж буй намын томилгоо, харъяалалтай байсан цагт энэ ажил үр дүнд хүрэхгүй. Авилгатай тэмцэх газар, Прокурор, Шүүх, Цагдаагийн байгууллагууд цөм эрх барьж буй намын дохио зангаагаар ажиллаж байна гэж иргэд бухимдаад байна. Авлигачид гээд шалгуулаад, шийтгүүлээд, шуугиулаад байгаа хүмүүсийг харахад дан ганц сөрөг намынх нь хүмүүс харагдаад байна.Нөгөө эрх барьж буй намын хүмүүс тийм шил шиг тунгалаг гэж бодогдохгүй байна. Ийм хүрээнд ажиллаад авлига, хээл хахуулийг устгана гэж яриад үр дүнд хүрэхгүй. Ер нь хууль хяналтын байгууллагуудыг сонгодог эрх зүйг өөрчлөх хэрэгтэй.Аль нэг намаас хараат бус зөвхөн ард түмнээс хараат байхаар сонгож, бүтэц зохион байгуулалтыг нь бодох хэрэгтэй.
-Намуудын төлөвшлийн тухай та түрүүнд ярьсан. Танай Ардын нам дотооддоо ер нь юу болоод байна вэ?
-Намын шинэчлэл гэж ярьцгааж байна. Манай намын залуу гишүүд өмнө явагдсан сонгуулийн үр дүнгээ яръя, намд маань шинэчлэх, засч сайжруулах зохион байгуулалтын юм байна гээд байна. Энэ цаг үеэ олсон асуудал.
Сонгуулийн үр дүн гэж яривал манай намын зохион байгуулалт, үйл ажиллагааны дутагдлаас гадна шинэ УИХ байгуулагдах эхний зургаан сар УИХ дахь намын бүлгээ байгуулж чадахгүй байснаас эрх баригч намын бүлэг дангаараа сонгуулийн болон түүнтэй холбоо бүхий хуулиудыг дан ганцаараа, өөрийн намын эрх ашигт нийцүүлсэн гэхээр байдлаар баталж амжсанд их учир бий. Ийм боломжийг эрх баригч намд олгож, эр бярыг нь суулгасан нь УИХ дахь манай намын бүлэг ялангуяа бүлгийн дарга Н.Энхболдын урагшгүй, улс төрийн зориггүй, дайчин шуурхай ажиллаж чадаагүйтэй холбоотой.Томилсон сонгосон боловсон хүчинтэйгээ хариуцлага тооцдог нам бол энэ хүнтэйгээ манай нам хариуцлага тооцож дор хаяж намын бүлгийн даргаас нь огцруулах ёстой. Даанч манай намын удирдлагуудад олон жил хамт ажиллаж, янз бүрийн сүлжээгээр холбогдчихсон, бие биедээ хариуцлага тооцох нь байтугай, харин ч нэг нэгийгээ хамгаалж, хуягласан хүмүүс олон байгаа. Н.Энхболд ёс зүйтэй улс төрч байсан бол улс төрийн хариуцлагаа ухамсарлаж өөрөө саналаараа огцрох хугацаа хангалттай байсан.
-Залуучууд чинь намын байрныхаа гадаа гэр барьчихсан намын шинэчлэл гээд санал авч байгаа юм билээ. Тэгэхээр таныг залуучуудаа дэмжиж байгаа гэж ойлгож болох уу?
-Ярьж хэлж байгаа шинэчлэлийг нь дэмжиж байгаагаа дээр хэлсэн шүү дээ.
Тэгэхдээ дэндүү яарч байж дутуу дулимаг юм болох вий. Удирдлага сольсноор шинэчлэл болохгүй, Онол, үзэл баримтлал дээрээ, бүтэц зохион байгуулалт дээрээ сайн ажиллах, Их хуралдаа сайн бэлтгэх хэрэгтэй.”Мориндоо мордоод хувьсгал хийх амархан, мориноосоо буугаад ажиллах амаргүй” гэдэг байх аа. Тэгвэл энэ үгийг санаж ажиллах хэрэгтэй юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.