Х.ХУЛАН

Хөвсгөл нуурын эрэг дагуу 68 км явганаар аялах боломж бидний хэдэн сэтгүүлчид олдсон юм. Энэхүү аяллыг гардан зохион байгуулсан Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяртай ярилцсанаа хүргэе.
-Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааг анх хэзээ байгуулсан юм бол. Одоо хэчнээн хэмжээний га талбайг хамарч байна вэ?
-Хөвсгөл нуур орчмын газрыг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын ангиллаар 1996 онд тусгай хамгаалалтад авсан юм. Түүнээс хойш 3-4 удаа өргөтгөл хийсэн. Одоо Хөвсгөлийн байгалийн цогцолбор газар, Даян дээрхийн байгалийн дурсгалт газар гээд нийтдээ нэг сая 360 га орчим талбайг хариуцан хамгаалж байгаа. Бид 37-уулаа энэ газрыг хариуцан хамгаалж байна. Энэ талбай зургаан сумын нутаг дэвсгэрийг хамардаг. Ренчинлхүмбэ, Ханх, Хатгал, Чандмань-Өндөр, Цагаар-Үүр, Алаг-Эрдэнэ гэх мэт. Ханх сум гэхэд л 98 хувь нь улсын тусгай хамгаалалтад байдаг. Манай хамгаалалтын захиргааны хамгаалах ёстой гол үнэт зүйл нь мэдээж Хөвсгөл далай. Хөвсгөл далай маань дэлхийн гадаргын цэвэр усны нөөцийн хоёр хувийг дангаараа агуулдаг. Монгол орны гадаргын цэвэр усны 68,9 хувийг дангаараа эзэлдэг. Энэ бол зөвхөн Хөвсгөлчүүдийн эсвэл Монголчуудын хамгаалах ёстой үнэт өв биш, дэлхий нийтийн хэмжээнд хамгаалах ёстой стратегийн чухал ач холбогдолтой нутаг. Тэгэхээр бидний үнэт өв маань Хөвсгөл далай. Харин Даяндээрхийн байгалийн дурсгалт газрын маань үнэт өв нь Даяндээрхийн агуй буюу бөө мөргөлийн төв. Энэ хоёрыг манайх үнэт зүйлээ гэж үзэж хамгаалдаг.
-Бусад аймагтай харьцуулахад Хөвсгөл рүү чиглэсэн жуулчдын урсгал харьцангуй өндөр байх. Сайн, муу, сайхан муухай тал нь юу байх юм?
-Жил болгон жуулчдын тоо 1-2 дахин өсч байгаа. Тухайлбал 2010 онд зөвхөн дотоодын жуулчин 10.500 байсан бол 2011 онд 20.000 болж өссөн. 2012 онд 42.000 болсон.Энэ юутай холбоотой вэ гэхээр, Мөрөн, Хатгалын зам ашиглалтад орсон, бас монголчуудын амьдрал ахуй, чадавхи дээшилсэнтэй холбоотой.

Энэ олон жуулчин ирж байгаа нь сайн талтай ч байгальдаа эргээд сөрөг нөлөөлөл үзүүлэх зүйл их байна. Тухайлбал, их олон машины дугуйнд хөрсний элэгдэл доройтол бий болж байна. Мэдээж энэ хүмүүс нуурынхаа усанд тодорхой хэмжээгээр бохирдол оруулж байгаа. Бас амьтан, ургамлын байршлын асуудал ч гэдэг юм уу, энэ бүх зүйлээс болоод байгальд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа. Эдгээрийг сааруулахын тулд бид нэлээд ажил хийж байна. Энэ жил бид БОНХЯ, Спорт аялал жуулчлалын яам хоёрт хүсэлт тавьсан. Нуурын эргээс 50 метр дотор онцгой хамгаалалтын бүс, 100 метр дотор эрүүл ахуйн бүс, 200 метр дотор бол хамгаалалтын бүс гээд Усны тухай хуулиар тогтоочихсон байгаа. Бид хамгийн эхний ээлжинд онцгой хамгаалалтын бүсээ хамгаалъя гэдэг үүднээс хоёр яамандаа хүсэлт тавьсан. Хөрөнгө мөнгөний боломж байгаагүй юм байлгүй, шийдэгдээгүй. Гэсэн ч манай хамт олон өөрсдөө санаачлаад, дотоод нөөц бололцоо, ажилчдынхаа хүчээр энэ аялал жуулчлалын идэвхитэй бүс нутгуудад, ялангуяа Хатгал орчимд замаас урагш тэмдэглүүлж хамгаалж байгаа. Ингэснээр тийшээ машин орохыг хориглож байгаа юм. Машин орохгүй байна гэдэг маань нуурын эргээр гал түлэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр зохих хэмжээгээр үр дүнгээ өгч байгаа. Бидний ажилд ч тус нэмэр болдог юм. Жуулчид олноор ирэх нь мэдээж сайн. Хүнсний болон гар урлалын худалдаачдад орлого зөндөө орж байгаа. Гэсэн ч нөгөө бидний үнэт зүйл болсон Хөвсгөл нуур маань бохирдчихвол яах билээ.
-Танай хамгаалалтын захиргааны жилийн төсөв хэд вэ. Аялал жуулчлалаас багагүй ашиг олдог байх?
-Манай төсөв 140-160 саяын хооронд байдаг юм. Үндсэндээ 80-85 хувийг нь зөвхөн цалин, нийгмийн даатгалд зарцуулдаг. Үйл ажиллагаанд бол маш бага хөрөнгө зардаг. Үлдсэн нь гэрэл, цахилгаан, түлш, халаалтын зардалдаа яваад хамгаалалтынхаа үйл ажиллагаанд маш бага мөнгө зарцуулдаг юм. Бензин тосны л нэг жаахан мөнгө үлдэнэ. Томилолт нэг үеэ бодвол дээрдсэн ч бид төрийн албан хаагчийнхаа нэмэгдлийг өгч чадахгүй байна. Бензин тосныхоо мөнгийг хүргэхэд бэрх байдаг гэх мэт тоочвол шалтаг олон л доо. Гэхдээ бэрхшээгээд суугаад байх биш, гадаад эх үүсвэрийг хайж ажилладаг. Жуулчны баазууддаа хариуцлага, үүрэг хоёрыг нь нэлээд чанга тавьж өгдөг л дөө. Үүний үндсэн дээр жуулчны баазууд жил бүр гурвалсан гэрээ байгуулаад аялал жуулчлалын удирдлагад дүгнүүлдэг. Сайн муугаа дүгнүүлээд хариуцлага тооцуулдаг механизмд шилжсэн. Үр дүнд нь жуулчны баазууд мааань зохион байгуулалтад ороод Хөвсгөлийн аялал жуулчлалын холбоог байгуулсан. Холбоо маань бидний хийж чадахгүй зүйлийг хийхээр зүтгэж байна.
-Гадаадын жуулчин хэр олон ирж байна вэ?
-Жилд тогтмол 6000-8000-ын хооронд байдаг. Энэ бол улсын хэмжээнд говь, Өвөрхангай хоёрын дараа орох үзүүлэлт. Уг нь арваад жилийн өмнө Хөвсгөлд хамгийн олон жуулчин ирдэг байсан бол одоо говь руу явах нь ихэслээ. Ойрхон болохоор Өвөрхангайд жуулчид их очиж байна. Ингээд манайх жуулчдыг хүлээж авах хүчин чадлаараа улсдаа гуравдугаарт байна. Тэднээс бага хэмжээний мөнгө хурааж авдаг. Монголд аялагч жуулчдаас 300 төгрөг, гадаадынхнаас 3000. Энэ бол маш бага тоо. Бид гэрээт болон өөрсдийн байгаль хамгаалагчдыг ажиллуулаад жилдээ 30-40 сая төгрөг хурааж авдаг юм. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөгийг өөрсдөө захиран зарцуулах эрх байхгүй. Бүгдийг нь улсад тушаадаг. Эргээд бидэнд хувь өгөх ёстой юм, уг нь. Давсан орлогын 30 хүртэлх хувийг авна гээд хуульд заасан байгаа. Энэ хувиа авах гэхээр эргээд олддоггүй. Яам уг нь тэрийг буцааж өгч байх ёстой. Жишээлбэл, манайхыг 168 саяын төсөвтэй гэвэл танайх 20 саяыг өөрсдийнхөө энэ орлогоос ол гэдэг. Бид 20 битгий хэл, 30 40 сая болгоод өгчихдөг. Гэвч сүүлийн 2-3 жилд мөнгөө авч чадаагүй.
-Орон нутаг болгонд Байгаль хамгаалах сан гэж бий. Энд төвлөрсөн орлогыг эргээд байгаль хамгаалалтад зарцуулна гэж байгаа. Танай аймагт БХС-д төвлөрсөн мөнгөнөөс ТХГ-ын хамгаалалд зориулах юм олдох уу?
-Энэ жилээс шинэ хууль хэрэгжиж байгаа. Урьд нь сумын давсан орлого буюу Байгаль хамгаалах сангийн хөрөнгө ерөөсөө л орон нутгийн төсвийн цоорхойг нөхдөг мөнгө байсан. Энэ жилээс шинэ хууль хэрэгжиж байгаа. БХС-д гоожингийн төлбөрийн 30 хувийг төвлөрүүлнэ ч гэдэг юм уу, тодорхой хувиуд заачихсан байгаа шүү дээ. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны 20 хувь гэдэг ч юм уу. Бид сумдтайгаа зөвшилцөж чадах юм бол тэр мөнгөнөөс авч үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой. Би энэ ажлыг авмагцаа сумын засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Байгаль орчин хөгжлийн бодлогын тасаг манай сум болгонд бий. Тэдгээрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд нь өөрсдийнхөө ажлыг оруулаад, сумаас нь тодорхой хэмжээний хөрөнгө гаргадаг, бид бас гаргадаг тогтолцоонд шилжсэн. Ингээд эрх мэдэл орон нутагт шилжсэнээр тодорхой боломжууд бий болж байна.
-Манай аяллын баг Хөвсгөл далайн эргээр 68 км алхахдаа ойд маш их унанги олж харсан. Энэ үнэндээ ойдоо хэрэггүй зүйл шүү дээ?
-Монгол орны нийт ойн нөөц 8 хувь. Ойн 40 гаруй хувь нь Хөвсгөл аймагт бий. Тэр тусмаа Хөвсгөлийн хойд талын арван сум буюу УТХ-д авсан газар нутаг. Гэтэл Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын ойн 80 орчим хувь нь хөгшин ой. Тиймээс салхи гарах, байгалийн гамшиг тохиолдоход маш их мод унадаг. 1980-аад онд маш их түймэр гарсан. Манай ой мөнх цэвдэг дээр байдаг. Газрын хөрсөнд мод нь маш өнгөц сууж өгсөн гэсэн үг. Түймэр их гарахаар газрын хөрстэй хамт модны үндсийг нь шатаачихдаг. Тэгээд жаахан салхи болоход л маш их унанги унадаг. Үндсэндээ манай энэ байгалийн цогцолбор газарт хүн битгий хэл, ан амьтан, мал явах зайгүй болтол мод ширэлдэж унасан байгаа. Та бүхний явсан газрын унанги бол юу ч биш. Үүнээс их шатсан ой, үүнээс олон мянган га талбайгаараа унасан унанги байгаа.
УТХ-д авсан газарт ойн цэвэрлэгээ, арчилгааг сайдын тушаалаар хийдэг. Сайдын тушаал гараад хэмжээг нь тогтоож, мэргэжлийн байгууллагаар ой тусгаарлалт хийлгэж, мэргэжлийн анги тендер зарласан нөхцөлд энэ үйл ажиллагааг явуулах ёстой. Манай аймгийн хэмжээнд ойн мэргэжлийн байгууллага маш цөөхөн.
Цаашдаа Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Бүлэг нөхөрлөл юм уу, нутгийн иргэдийг оролцуулаад ойг цэвэрлэсэн хүнд урамшуулал олгох заалтыг оруулах нь зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Түлээ түлш дутагдалтай аймаг олон бий шүү дээ. Жишээлбэл, төвийн болон говийн аймгуудаар зуд боллоо гэж бодоход хүнийг нь хаячихаад л малд нь өвс өгөөд байдаг. Хүмүүс нь гэрийнхээ унь, тооно, ханыг түлээд сууж байсан тохиолдол гарсан. Гэтэл энэ их нөөцийг хуульд өөрчлөлт оруулаад цэрэг, хоригдлууд эсвэл нутгийн иргэдээр цэвэрлэгээ хийх ёстой. Унанги ой бас нэг аюул үүсгэдэг. Яагаад гэхээр ойн түймрийг нөгөө талаар байгаль өөрөө гаргадаг юм. Салхи шуургатай жилд ац мод салхинд хавирсаар байгаад өөрөө гал гаргаж түймэр асдаг. Түймэр боллоо гэхэд унанги мод шатаж дуусдаггүй. Бүхэл бүтэн 1-2 жил шатдаг. Тиймээс энэ ойг цэвэрлэж, нөхөн сэргээх ажлыг зайлшгүй хийх ёстой.
-Хөвсгөл далайд унасан 40 гаруй машиныг гаргаж авах талаар ид яригдаж байна?
-Далайгаа цэвэрлэе гэсэн бодол хэн хүнд бий л дээ. 2005 онд би Засаг дарга байхдаа тээвэрт явж байсан нутгийн жолооч нарыг цуглуулаад ярилцлага хийхэд 42 машин, нэг усан онгоц, хоёр завь живсэн гэдэг тоо гарч байсан юм. Тэгээд цэвэрлэвэл яасан юм бэ гэсэн саналыг нэлээд тавьсан. Сонин хэвлэлээр ч гаргасан. Тэр үед хэн ч ойшоож үзээгүй. Тодорхой хугацааны дараа, 2011 онд сонгууль болохын өмнөх үе таараад азаар асуудал нэлээд хүчтэй яригдсан. Манай нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ санал санаачлагыг дэмжиж олон нийтийн хүртээл болгож чадсан. Ингээд БХС-гаас энэ 2013 онд тодорхой хэмжээний төсөв гаргаж судалгааны болон бэлтгэл ажил нэлээд хийж байна. Энэ зун, намар, өвлийн турш үргэлжилнэ. Анхны үр дүн 2-3 жилийн дараа гарна гэж бодож байгаа. Гол нь шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэхээр 13 тонн шатахуунтай байсан машины шатахуун одоо байна уу, үгүй юу байвал үүнийг аюулгүй яаж гаргах вэ гэдэг асуудлыг л наринй тооцож гаргах ёстой юм. Энэ бол их зөв зүйтэй ажил. Судалгаа нэлээд сайн хийж байгаа. БОНХЯ-ны дэргэдэх Байгаль хамгаалах сангийн захирал Ш.Пүрэвсүрэн гуай, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар энэ ажлыг далайцтай, эрчимтэй ажил зохион байгуулж байгаа.
-Яг одоо Хөвсгөл далайд ямар асуудал, бэрхшээл байна вэ?
-Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол төлөвлөлт. Аялал жуулчлалыг хөгжүүлье гэж бодож байгаа бол улс эртнээс бодлогоор төлөвлөлтөө гаргаад томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж өгөх ёстой. Тэгээгүйгээс үе үе аргацаасан төсөв санхүүжилтээр яваад байвал олигтой юм болохгүй. Хэдийгээр хувийн хэвшлийнхэн байлаа ч гэсэн ингэж болно, болохгүй, яваандаа ийм болно гэсэн бодлого тодорхойлж өгөөгүйгээс аялал жуулчлал нь харанхуй байдлаар хөгжөөд байгаа юм. Тэгэхийн тулд бид олон улсын жишгээр Ханх сум, Хатгал тосгоныг үүд хот болгон хөгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ТХГ-ынхаа гадна талд, бүх зочид буудал нь байдаг, ТХГ-руугаа тусгай автобус унаа, морь малаар үйлчлүүлдэг, эргээд ТХГ дотроо хүмүүс нь хоноглодоггүй,зарим газарт ТХГ дотроо өндөр зэрэглэлийн үнэтэй буудлууд байдгаар зохион байгуулмаар байгаа юм. Тэдэнд маш хатуу хяналт шаардлагыг нь тавиад, өндөр үнэтэй хатуу хяналтын дор ажиллуулдаг туршлагыг авч болно. Хөвсгөл нуурын эргээр төмөр замаар явдаг задгай тэргэнцэр бий болгоод олон арван зогсоол хийж хүмүүсээ буулгаад үүд хот руугаа гаргачихдаг байхад бүрэн хамгаалах боломжтой. Аялал жуулчлалын маань үнэт зүйл нь Хөвсгөл далай шүү дээ.