С.САРУУЛ

НИТХ  нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг хэлэлцэн баталлаа.   Журмын төсөлд утсаар болон цахимаар иргэдээс санал авснаас гадна дүүргүүдийн холбогдох мэргэжилтнүүд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын  төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал авчээ. Журмыг хэлэлцэн баталснаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”  ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д хандаж , тусгай зөвшөөрөл хүссэн болгон зөвшөөрлөө авах боломжтой болсон. Мөн тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлж, 6-8 төрлийн бичиг баримтыг 4 төрөл болгожээ. Журамд хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө 1 цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийгдсэн байна, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна, тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгоно гэсэн заалтуудыг нэмж оруулжээ.

Эх сурвалж: www.polit.mn