Э.СҮРЭН
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хүнсний хүрэлцээ хангамж муудсаар байгаа тухай албаны хүмүүс хэлдэг. Энэ өсөлтийг хангахын тулд элдэв төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг янз бүрийн аргаар гарган авах болов. Үүний үр дүнд аюултай буюу та бидний биед сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн өдөр ирэх бүр нэмэгдсээр. Тиймээс сүүлийн үед ярих болсон аюултай хүнс гэж юу болох түүнийг хэрэглэснээр ямар үр дагавар гардаг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Эрдэнэцогттой ярилцлаа.
-Аюултай хүнс гэж ямар хүнсийг хэлээд байна вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Дэлхий нийтийн глобалчлалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд манай улсад бидний хэрэглэдэг уламжлалт хүнснээс гадна бусад орны хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирэх болсон. Эдгээр шинэ хүнсний бүтээгдэхүүн дотор дэлхий дахинд аюултай нь нотлогдсон хүнс нэлээд бий. Энэ хүнсний талаар манай иргэд мэдээлэл муу байгаатай холбоотой. Ер нь манай ард түмэн шинэ зүйлийг сониучирхаж их хэрэглэдэг. Гэтэл манайд гадны зах зээлээс шахагдаж байгаа бүтээгдэхүүн орж ирдэг. Өнгөрсөн хавар баталсан хүнсний тухай хуулиас өмнө манайд дурын иргэн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан бол шинэ хуулиар хүнсний бүтээгдэхүүнийг заавал аж ахуйн нэгж оруулж ирэх ёстой болсон. Тэгэхээр гаднаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн эзэнтэй болж эхэлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон нийтэд аюултай хүнсэнд зүй ёсоор тооцогддог хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа. Тухайлбал, хийжүүлсэн ундаа, чипс, бэлэн гоймон, тахианы мах, хүнсний элдэв төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байхыг өсвөр насны хүүхэд залуучуудад анхааруулж хэлмээр байна. Учир нь хийжүүлсэн ундааны найрлагад ходоод гэдэс хямраах үйлчилгээтэй бодис их байдаг. Хийжүүлсэн буюу газ нь хүний биед ороод гарахдаа маш их хэмжээний кальцийг авч гардаг. Үүнээс үүдэлтэй сүүлийн жилүүдэд ясны сийрэгжилт эрс нэмэгдсэн. Ялангуяа, хүүхдүүдэд энэ үзэгдэл маш их ажиглагдаж байна. Хүүхэд өөрөө өсч байгаа организм учраас кальци их шаарддаг. Гэтэл хийжүүлсэн ундаа ууснаар кальциа нөхөх нь битгий хэл дутагдалд орох жишээтэй. Мөн хийжүүлсэн ундааны бас нэг аюул нь цангаа сайн тайлдаг учраас улам их уух хүсэл төрүүлдэг бодис найрлагад нь орсон байдаг.
-Тэгэхээр эдгээр хүнсийг хэрэглэснээр хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Эцэг, эхчүүд хатаасан төмс юу нь аюултай байх вэ гэдэг. Гэтэл өнөөдрийн зах зээлд байгаа чипс бол төмс биш. Өнөөгийн зах зээлд борлуулж байгаа чипсийг шар буурцгийг боловсруулж гаргаж авдаг болсон. Эсвэл төмсийг өөр технологиор ургуулдаг тэр нь мууддаггүй байх жишээтэй. Ингээд шар буурцгаа ургамлын тосонд шардаг учраас тэр нь хүнд сөргөөр нөлөөлдөг. Бэлэн гоймонг мөн шар буурцагнаас гаргаж авдаг. Манайд худалдаалж байгаа бэлэн гоймонгийн гадна хаяг дээр нь өөрчлөлттэй хүнс гэж бичсэн байдаг. Гэтэл хүмүүс үүнийг анзаардаггүй. Техник технологи хөгжсөн учраас хүнсэнд хүссэн амт, үнэрийг оруулж байна. Махыг ч гэсэн шар буурцагнаас гаргаж авдаг болсон. Гадны улс орнуудад эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглээнээс гаргахын тулд янз бүрийн арга хэрэглэж байна. Тухайлбал, ОХУ-д сургуулийн орчинд чипс, хийжүүлсэн ундаа, хатаасан талх зарахыг хориглосон байдаг.
-Тэгэхээр шар буурцаг хүний биед муу гэж ойлгож болох уу?
-Дэлхийд ургаж байгаа шар буурцгийн 80-90 хувь нь генийн өөрчлөлттэй. Өөрөөр хэлбэл одоо ургаж байгаа шар буурцгийг мууддаггүй, хурдан ургадаг, элдэв хорхой шавьж иддэггүй болгосон байх жишээтэй. Мууддаггүй учраас шар буурцгийг бүх төрлийн хүнсэнд хэрэглэх болсон. Мууддаггүй хүнсийг байнга хэрэглэдэг байсан хүн нас барахад бие нь ялзарч муудахгүй болсон байх тохиолдол бүртгэгдсэн байсан. Тэгэхээр мууддаггүй хүнс хүний биед сөрөг нөлөөтэй.
-Тэгвэл гений өөрчлөлттэй хүнс аюултай хүнс хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
-Генийн өөрчлөлтэй хүнсийг аюултай эсвэл аюулгүй гэсэн судалгаа одоогоор гараагүй. Харин аюултай хүнс нь хүний биед сөрөг муу нөлөөтэй гэдгийг ДЭМБ-аас хийсэн судалгаа баталсан. Ер нь генийн өөрчлөлтэй хүнс муу юу, үгүй юу гэдэг нь 60-70 жилийн дараа л харагдах байх. Хамгийн гол нь бид эдгээр хүнсийг хэрэглэх шаардлагаггүй. Харин Хятад, Африк хүн ам ихтэй учраас тэднийгээ тэжээхийн тулд зайлшгүй хэрэглэж байна.
-Америкт хийжүүлсэн ундаа буюу “Кока Кола”-г маш их хэрэглэдэг. Тэгэхээр энэ хүмүүс багаасаа хэрэглээд сурчихсан учраас зүгээр. Манайхан сүүлд хэрэглэж байгаа болохоор сөргөөр нөлөөлж байна гэсэн ойлголт зарим хүнд байдаг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Манайд тохиолддог асуудал бүх улсад бий. Европт ч гэсэн ясны сийрэгжилт ихэссэн. Энэ бол дэлхий нийтийн асуудал. Тиймээс зөвхөн манайд л яс нь сийрэгжээд байна гэж ойлгож болохгүй.