12-14-4Н.ЗАЯА

Найман хувийн хүүтэй зээл авч, орох оронтой болсон олон хүн ойрын хэд хоног тэвдлээ. Найман хувийн зээл зогссон, зээлийг нь буцааж авна гэсэн айдаст автлаа. Тэднийг улстөрчид тэвдүүлж, амьдралынх нь гол зүйлээр  тоглов. Сандарсан иргэд түр хороо ч байгуулжээ. Учир нь орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг үгүй болгосон нь Цэцийн шийдвэртэй холбооотой, энэ захиалгыг МАН-ынхан хийсэн гэх мэдээллүүд ар араасаа хөврөв. Хариуд нь МАН-ынхан хоёр өдөр дараалан хэвлэлийн бага хурал хийлээ. Мөн Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс мэдэгдэл гаргалаа. Дараа нь Үндсэн хуулийн цэц мэдэгдэл гаргаж тайлбар хийлээ. Олон хүний амьдралтай холбоотой эмзэг сэдвээр ултөржилт явсан болохоор дор бүрнээ мэдэгдэл хийж, өөрсдийгөө хамгаалахыг хичээв. Эцэст нь МАН-ын улстөржилт байсан гэцгээж байна.

Энэ үйл явдал нь Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 9-нд  Их суудлын хуралдаанаар  Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж шийдвэрлэсэнтэй холбоотой хөвөрсөн юм. Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шил­жүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь  барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгож байна. Мөн өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хамтарсан мэдэгдэлд “Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг Ардчилсан намын бүлгийн гишүүд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж, хүлээж аваагүй болно. Энэ  сарын 10-ны өдөр Монголын банкны холбооноос Үндсэн хуу­лийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон уг хуу­лийн холбогдох заал­туудыг УИХ-аар шинэч­лэн батлагдах хүртэл орон сууцны найман хувийн зээлийг иргэдэд олгох боломжгүй тухай мэдэгдлээ. Үндсэн хуу­лийн цэцийн дүгнэл­тээр хүчингүй болсон Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилж, орон сууцны найман ху­вийн зээлийг үр­гэлж­лүүлэн явуулах болом­жийг хангасан, мөн гэр хорооллын иргэдийн хашааны газрыг өмч­лүүлж, эдийн засгийн эр­гэл­тэд оруулах ту­хай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс хамтран санаачилж нэн яаралтай батлуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Цэц иргэдийн орон сууц, зээлийн хүүтэй холбоотой шийдвэр гаргаагүй гэж мэлзсэн бол, банкууд болон УИХ дахь хоёр намын бүлэг энэ үйлдлийг нь хүлээн зөвшөөрлөө. Нэгэнт найман хувийн хүүтэй зээл зогссон тул холбогдох хуульд нэ­мэлт оруулж, зээл олгох хуулийг сэргээнэ гэдгээ мэдэгдээд байна. Асуудал үүссэн болохоор Засгийн эрхийг хамтарч барьж буй хүчнүүд шийдлийг хайцгааж байгаа аж. Харин МАН-ынхан АН-ын генсекийг уучлалт гуйхыг шаардаж, шүү­хэд өгнө хэмээн ээл­жит улстөржилтөө үргэлжлүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин