
Х.ХУЛАН
Өнгөрсөн жил Байгаль орчны гавьяат ажилтан болсон, 2008 оны “Энэ цагийн эгэл баатар” Д.Бараадууз гуайг уншигчидтайгаа уулзуулахаар Өмнөговь аймгийн төвөөс хойш 70 км-т байдаг Наранбулаг дахь цэцэрлэгийг нь зорилоо. Д.Бараадууз гуай хөгшнийхөө хамт аймгийн төвд амьдардаг ч, хавар болмогц цэцэрлэгээ зорьж, намар хүйт орохоор аймгийн төв дэх гэртээ ирж өвөлждөг гэнэ. Наранбулагийн усыг түшиглэж ногоо тарихаар 21 жилийн өмнө энд ирэхдээ талд бий болгосон хангайн эзэн болно гэдгээ тэд мэдээгүй биз.
Тал газарт бий болгосон түүний цэцэрлэг холоос харахад сүр бараатай гэж жигтэйхэн юм аа. Говьд ийм сүрлэг цэцэрлэг байдаг гэж өмнө нь төсөөлж байсангүй.
Хашааных нь гадна явж очтол цагаан өнгийн нарны малгай өмссөн настай хүн байшингийнхаа үүдэн дээр зогсч байна. Д.Бараадууз гуай мөн байв. Дулаахан инээмсэглэл нүүрэндээ тодруулсан, их сайхан хүн юм. Өөрийг нь зорьж ирсэн хэрэг зоригийг маань сонсоод тэрээр биднийг дуртайяа цэцэрлэг рүүгээ дагуулж очлоо.
Цэцэрлэг дундуур тусгайлан зассан явган замын хоёр тал дагуу ургасан хэрнээ орой хэсгээрээ нийлж ургасан модод яг л арк шиг санагдав. Д.Бараадууз гуай биднийг энэ замаар дагуулан ногооны талбайд аваачлаа. Түүний гэргий Н.Намжилмаа, 30 гаруй насны нэгэн эмэгтэйтэй хамт тэнд ажиллаж байв. “Хөгшөөн, сониноос сурвалжлагч ирсэн байна” гэж Д.Бараадууз гуай эхнэртээ биднийг танилцуулаад цааш явлаа. Тэрээр бидэнд нэг сууринаас дөрөв, бүр зургаагаараа ургачихсан хайлаасыг харуулаад, “Мэргэжилтнүүд үүнийг аль алийг нь нэг модоор тооцоод байдаг юм. Би хувьдаа буруу гэж боддог. Дөрвөөрөө ургасан хайлаасны өндөр, өргөн нь нэгээрээ ургаснаасаа гурав дахин том байгаа биз. Тэгэхээр нэг модонд тооцох нь буруу гэж боддог юм. Үүнийг нотлох санаатай байгаа” гэсээр яриагаа эхэллээ.
“Ах нь хайлаас судалдаг ухаантай юм. Өмнөговь аймгийн бүх хайлаасыг тоолж үзэх гэж мэрийж байгаа. Сүүлийн 100 жилд шинээр ургасан хайлаас бараг байхгүй юм шиг. Байлаа гэхэд тун цөөхөн бий. Нийт хайлаасны 10 хувьд лав хүрэхгүй. Гэтэл сүүлийн 100 жилд үхсэн хайлаасны тоо нийт хайлаасны 20 хувьд хүрчихсэн байгаа. Ургадаг нь 10 хувьд хүрэхгүй, үхдэг нь 20 байна.
Титэм ихтэй модноос их хэмжээний хүчилтөрөгч ялгардаг. Монгол 140-өөд төрлийн модтой гэж байгаа. Энэ дотроос хамгийн мундаг титэмтэй нь энэ хайлаас байгаа юм” гэхчлэн Д.Бараадууз гуай бидэнд ярьж явснаа, “За чи одоо асуух юмаа асуу. Би ингээд хадуураад юу хамаагүй ярьчихна шүү. Бодвол түмэнд хэрэгтэй, сонсч дуулууштай юм хэлүүлэх гэж та нар энэ хол газар зорьж ирсэн байлгүй” гэснээр бидэнд ажлаа хийх “зөвшөөрөл” олгосон юм.
“ЭГЭЛ БААТАР” ШАГНАЛДАА ЗОРИУЛЖ 100 МЯНГАН МОД СУУЛГАСАН
-Танайх Наранбулгийн усыг түшиж, мод, ногоо тарьдаг юм байна. Хэчнээн хэмжээний талбайд мод тарьсан бэ?
-Энд гурван хашаа байгаа. Хоёр хашаа нийлээд есөн га юм. Цаана нь өнгөрсөн жил дахиад есөн га талбайг хашсан. Яагаад тэгсэн бэ гэхээр, “Зууны мэдээ” сонин, “ТВ-9” телевизээс надад “Энэ цагийн эгэл баатар” гэдэг шагналыг 2008 онд өгсөн шүү дээ. Тэгээд би өртэй болчихож байгаа юм. Хүнээс юм авчихсан шүү дээ. Хэдийгээр тэд өгсөн гэж их юм бодоогүй ч, надад өөрт бол том өрд орлоо гэж бодогдоод байгаа байхгүй юу. Би ийм сайхан зүйл авчихаад хариуг нь барих ёстой гэж бодоод энэ зүүн энгэрийн модыг тарьсан юм. 200 метр урттай дөрвөн эгнээ 800 метр мод бий. Тэгээд наана нь тэр 100 мянган тарьц бий. Энэ бол “Зуунымэдээ” сонин “ТВ-9” телевизийн намайг шагнасны хариуд хийсэн ажил.
Тэгсэн өнгөрсөн жил надад Байгаль орчны гавьяат ажилтан гэдэг шагнал өгсөн. Бас дахиад өрд орчихдог. Тэгэхээр нь би тэнд дахиад есөн га газар хашчихаад байгаа юм. Тэнд 10 мянган мод тарих санаатай. Одоо манай цэцэрлэгт ургачихсан байгаа нь хайлаас, сухай, бургас, улиас, алимны мод, гацуур, жигд, монос гээд 8-9 төрлийн мод бий. Нийтдээ хэдэн мод байгааг би тоолж үзээгүй. Ямар ч байсан 150-160 мянган мод байгаа байх. Модноос гадна 4-5 төрлийн эмийн ургамал тарималжуулж байгаа. Бас жил бүр малын өвс тэжээл, хадлан бэлтгэдэг. Бүх төрлийн хүнсний ногоо бий. Манайх таван төрлийн улаан лооль тарьдаг юм. Америкийн дөрөв, монголын нэг сорт бий. Намар болохоор таван өнгийн улаан лооль зах дээр гаргадаг. Нов ногоон, шав шар, улаан, шийгуа шиг эрээн алаг хальстай, лийр хэлбэртэй ч бий. Тэгээд яг үзэм шиг жижигхэн бий.
-Хэчнээн хэмжээний хадлан бэлтгэдэг юм бэ?
-Намар гэхэд 7-8 машин өвс хураадаг. Намар улаан лооль машины тэвшээр үлддэг. Түүгээд борлохыг нь хурааж аваад өгөөд байна, тэгсээр байтал сүүлийн ээлжнийх нь хөлдчихдөг. Жаахан царцах үеийн улаан лооль амт муутай ч болчихдог юм. Тэгэхээр нь бүгдийг нь хурааж аваад урд байшиндаа хийчихдэг. Тэгээд өвөлжин улаан лоолиор үхэр тэжээчихэж байгаа юм. Хүнд хэлвэл сайрхлаа, сагсуурлааа гэх байх. Автоматаар тийм зүйл болж байгаа юм.
-21 жилийн өмнө суулгасан моднууд их сайхан, сүрлэг ургажээ. Тухайн үед одоогийнх шиг ийм болно гэж төсөөлж байсан уу?
-Үгүй. Нэг их сүрхий юм болгочихно гэж огт бодоогүй. Зүгээр саваагүйтээд л тарьсан юм. Орлого олох санаатай төмс, хүнсний ногоо тариад эхэлсэн чинь энэ тал дээр салхи нүдээд болдоггүй. Тэгэхээр нь нөмөр болгох гэж мод тарьсаар байгаад энэ. Одоо энд 11-12 эгнээ мод бий. Ийм шигүү тарьсан модоор хамгаалуулсан ногооны талбайн хучлага хийсдэггүй юм. 100 метрийн цаана байгаа үе, үе харагдахгүй, тийм хүчтэй шуурга болдог.
-Таны бий болгосон энэ цэцэрлэгийг дагаад их олон биологийн төрөл зүйл энд амьдарч байгаа байх даа?
-Энд шувуу судлаачид ирээд явсан юм. Тэгээд нийтдээ 12 төрлийн шувуу байна гэж байсан. Тэдний хэлээд байгаа 12 төрлийн шувуу нь миний харахад бүгдээрээ л болжмор юм шиг санагдсан. Хун, ангир, нугас энэ тэр ирдэг юм гэж намайг хэлэхэд тэд толгой сэгсрээд ерөөсөө тоохгүй юм байна лээ. Тэр болжмор шиг жижигхэн юмнууд дотор их олон юм байдаг шиг байна.
-Цэцэрлэг чинь нэртэй юу?
-Чингис хааны дэлхийн академийн ерөнхийлөгч н.Давааням нэг ирсэн юм. Тэгээд “Чингис хааны нэрэмжит цэцэрлэг байдаггүй юм. Энэ цэцэрлэгийг чинь Чингис хааны говь цэцэрлэг нэртэй болгоно” гээд батламж гэрчилгээ гэж их том дөрвөлжин юм өгсөн. Тэр нэрийг их сайхнаар гаргаж энд хадах ёстой. Гэхдээ ичээд чаддаггүй юм. Тэр их хүний цэцэрлэг гэсэн чинь муу хэдэн хайлаас байхаар ямар өөдтэй байх вэ. Овоо юм болгож байгаад хаягийг нь хадна.
Д.Бараадууз гуайтай ярилцаж явсаар, түүний хэлснээр өөрийгөө өртэй мэт санаж шинээр суулгасан “Энэ цагийн эгэл баатар” шагналынх нь нялх моддын дэргэд бид ирсэн байв. Тэрээр, “Хэрэв танай “Зууны мэдээ”сонин болон “ТВ-9” телевизийнхэн өөрийн гэсэн цэцэрлэг байгуулна гэвэл би гайхалтай түргэн өсөлттэй гурван төрлийн мод өгье. Ах нь тэчнээн төгрөг гээд халтайгаад байхгүй” гэж байна. Тэгснээ, ер нь та нар намар ирмээр юм. Шийгуа, өргөст хэмх, улаан лооль гээд хамаг амттанаа барина шүү дээ. Тэрнийхээ цаана сууж байгаад ярилцвал их зүгээр байгаа юм. Одоо болохоор нэг муу хуурай яриа. Тэгээд муу хөгшин маань хүнд өгөх юмгүй юм уу хаашаа юм, тэнд түнтийгээд суучихсан наашаа ирэхгүй юм” гэв. Ирсэн зочдод ямар нэг зүйл өгмөөр санагдаад болж өгөхгүй байгаа бололтой. Ерөөс Д.Бараадууз гуайнхныг өглөгч, өгөөмөр сэтгэлтнүүд, өсгөгч, үржүүлэгчид гэж хэлвэл таарах юм шиг. Дараа дараагийн ярианаас нь уншигч та үүнийг анзаарах болов уу.
МАЛ БОЛ ХЭВРЭГ ХӨРӨНГӨ
-Та Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч байсан гэл үү?
-Засаг даргын хөдөө аж ахуй эрхэлсэн орлогч 1975-1991 онд байсан юм. 1966 онд ХАА-н дээд сургууль төгссөн. Төгсөөд ирсэн, намайг аймгийн захиргаа гэдэг байгууллага зоо техник мал аж ахуйн мэргэжилтэн болгосон юм. Тэнд таван жил ажиллаад Мал аж ахуйн хэлтсийн даргын ажил авсан. Дараа нь Засаг даргын тамгын газарт орлогч болсон. Би ерөөсөө Өмнөговь аймгийн захиргаанд л 23 жил ажилласан хүн.
Би ийм гэж боддог юм, өөрийгөө их дөвийлгөж бодож байгаа нь тэр. Юу вэ гэхээр, би гурван яамны ажил хийгээд байгаа хүн юм байна гэж. Мод, олон төрлийн ургамал тарималжуулж байгаагаараа БОНХЯ-ны, эмийн ургамал тарималжуулж байгаагаараа ЭМЯ-ны ажлыг хийж байгаа юм. Хүнсний бүх төрлийн ногоо тарьж байгаа. Жилдээ 10 гаруй ургац хураагаад зах зээлд нийлүүлчихдэг. Манай ургац 30-аад хоногт л эхнийх нь гараад сайндаа 40 хоногийн дараа гэхэд борлогдоод дуусдаг юм. Тэрүүгээрээ Хүнс хөдөө аж ахуйн яамны ажил хийж байна. Угаасаа ч би энэ яамны л харьяаны ажил хийж байсан хүн шүү дээ. Аймгийн захиргааны орлогч дарга бөгөөд Хөдөө аж ахуйг удирдах газрын дарга байсан.
-Анх зөвхөн ногоон талбайгаа хамгаалах зорилгоор мод тарьсан гэсэн. Яваандаа нэмж тарьсаар байгаад ийм болгочихож. Улам бүр сайхан болж байгааг нь харсаар байгаад “донтчихдог” байх, тийм үү?
-Тэгэлгүй дээ. Энэ чинь миний амьдрал юм чинь. Энэгүйгээр надад амьдрах арга байхгүй юм чинь. Надад аль болох олон хүнээр олон мод тариулах юм сан гэсэн зорилго бий. Эцсийн эцэст миний ингээд үйлээ үзэж, халтайчихаад яваад байгаагийн учир нь Өмнөговь аймгаа цөлжилтөөс хамгаалахын тулд л юм шүү дээ. Дэлхийн шинжлэх ухаанд цөлжилтөөс хамгаалах олон арга бий гэж байгаа ч, хамгийн сайн нь мод тарих гэж байгаа юм.
-Та үр хүүхэддээ юу үлдээсэн хүн гэж өөрийгөө хэлэх бол?
-Монголчууд заавал үр хүүхэддээ нэг юм үлдээх гэдэг хүмүүс. Байшин бариад малаа өсгөөд, зарим нь их мөнгө хуримтлууж байна. Тэр олигархи гээд байгаа хүмүүс чинь хөөрхий, үр хүүхэддээ л юм үлдээх гээд тэмцээд яваа улс байх л даа. Би боддог юм, ингэж янз бүрийн нэр хоч аваад яваад байгаа хүмүүсийг нэг л тууштай биш юм хийгээд байна даа гэж. Яагаад гэхээр их мөнгө банкинд хадгалууллаа, банк дампуурвал яана. 100 жилийн дараа миний барьсан байшинд хүн суухгүй. Тэгээд ч элэгдэлд орно.
1000 малтай боллоо. Энэ бол их хэврэг хөрөнгө. Учир зүйгээ олохгүй байна шүү дээ. 1000 малтай хүн хажуугаар нь ядаад 100 га талбайд хадлантай байх ёстой. Тэгж байж 1000 мал баталгаажина. 100 га байтугай нэг га ч хадлангийн талбай бэлтгэхгүй байна. Гэтэл дэлхийн шинжлэх ухаанд хөдөө аж ахуйн туршлагаар мал аж ахуй газар тариалан хоёр хосолж л явна, гэхдээ хоёр өөр талбай дээр. Малын баас нь бордоо болно. Ургамлын үлдэгдэл хаягдал нь малын тэжээл болж хосолж явах ёстой юм.
МОД ТАРЬДАГ ОЛОН ХҮН ХҮМҮҮЖҮҮЛЧИХЭЭД БАЙГАА
-Танайх хэдэн хүүхэдтэй айл вэ. Одоо энд та хэн, хэнтэйгээ амьдарч байна?
-Н.Намжилмаа бид хоёр хавартаа энд ирж ажиллаад намар сэрүү орохоор аймгийн төв дэх гэр рүүгээ буцдаг юм. Түрүүнд хөгшинтэй талбай дээр ажиллаж байсан чинь манай охин. Нөхөр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Ингээд хоёр айл энд бий. Анх эхнэр бид хоёрыг энд нүүж ирэхэд өргөж авсан жаахан охинтой өвгөн, хөгшин хоёр байсан юм. Гэтэл хоёулаа өөд болчихсон. Тэгээд бид охиныг нь өргөж авсан. Эхнэр бид хоёр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч том охин маань эндчихсэн юм. Одоо том хүү маань Америкт мод үржүүлэг, ойн аж ахуйн компанид ажилладаг. Бага хүү мань аймагт “Говь гарден” компанийн захирал. Мод тарихын “өвчин” болсон хүү бий. Хүүхдүүд маань ер нь бүгдээрээ мод тарих сонирхолтой. Бага охин “Говь принт” гэж хэвлэлийн үйлдвэрийн дарга.
Та түрүүнд надаас хүүхдүүддээ юу үлдээв гэж асуусан шүү дээ. Би мод тарьдаг олон хүн хүмүүжүүлчихээд байгаа. Хоёр дахь хүү маань өнгөрсөн жил Ойн инженерийн сургуульд аймгаас элссэн зургаан хүүхдийн сургалтын төлбөрийг санхүүжүүлсэн. Тэр зургаа маань сураад ирж байгаа юм уу, хаяад гарсан юм уу, сураггүй л байна. Энэ жил бас л сонирхсон хүүхэд байвал ганц нэгийг хариуцах гэж оролдох л байх. Мөнгө төгрөгийн боломж ямар байх юм байгаа юм.
-Оюутнууд дадлага хийх гэж ирэх үү?
-Ирнэ. Энэ жил нэг хүү ирж байж байгаад гайгүй бяртай бололтой юм, бөхийн бэлтгэлд гарна гээд явчихсан. Тэр маань удахгүй ирнэ. Миний ач хүү бас Ойн инженерийн сургуульд явсан. Ирэх жил төгсөнө. Хөгшин бид хоёр найман ач, зээтэй. Зээ охин “Би өвөө шигээ мод тарьдаг хүн болно оо” гэдэг юм. Үнэн юм уу, худлаа юм уу мэдэхгүй. Жаахан юм даа, зайлуул /инээв/.
97-ТОЙ ЭЭЖИЙН 67-ТОЙ ХҮҮ БАЙЖ ҮЗЛЭЭ
Д.Бараадууз гуайн гэргий Н.Намжилмаа гуай биднийг байшиндаа орж ир хэмээн дуудаж байна. Зочдодоо цай уулгахаар ногооныхоо талбайг орхиод ирсэн нь тэр. Халуун цай, идээ болсноо, ерөөсөө эгч нь та нарт шинэ сүү буцалгаж өгье гэлээ. Энэ зуур Н.Намжилмаа гуайтай ойр зуурын юм ярилцав. Тэрээр эмч мэргэжилтэй ч, олон жилийн өмнөөс нөхрөө даган мод тарьдаг хүн болчихоод байгаа нь энэ аж.
“Манай энэ хавь айхтар их салхитай. Анх мод тарих гэж цагаан тал дээр ёстой үйлээ үзэж байлаа. Одоо л ийм болчихоод догь байна. Анх манайх дөрвөн ханатай гэртэй л ирж байсан. Өвгөн дээлээ тайлалгүй 60 хоносон доо. Одоо энэ говийн элс хангайнх шиг болчихсон байгааг та нар харсан байх. Архангайн нэг нөхөр манай талбайд ирж уйлсан юм. Өмнөговийн хүргэн болсон юм байна л даа. “Архангай минь санагдчихлаа” гээд уйлаад байсан” гэж тэрээр дурсан ярив.
Эднийх их тохиолог, сайхан хоёр давхар модон байшинтай юм. Бас нарны энергиэр ойр зуурын цахилгааныхаа хэрэгцээг хангачихна. Байшингийнхаа нэгдүгээр давхарт Д.Бараадууз гуай сургалтын танхимын 64 ам.метр талбайтай, 24 хүний суудалтай өрөө гаргажээ. Аймгийнхаа ногоо, мод тарих сонирхолтой хүмүүсийг сумынх нь захиргаанаас зохион байгуулаад авчирдаг юм байна. Оюутнууд ч ирж дадлага хийнэ. Олон зочинтой үедээ Д.Бараадууз гуай цэцэрлэг дотроо цементээр тусгайлан барьсан буурин дээрээ гэр бариад хүлээж авдаг байна.
-Та төлбөртэй сургалт явуулдаг юм уу?
-Төлбөртэй юм хийсэнгүй. Цаад “муу санаа” нь бол төлбөртэй юм хийчих санаатай. Гэтэл шаардлага хангахгүй байж магадгүй гэж бодоод айгаад байна. Угааасаа би тэнэг юм хийсэн юм байна лээ. Яагаад гэхээр, Монгол Улсад өчнөөн олон коллеж, дээд сургууль, ногоо тарих талаар заадаг байгууллага байна. Тийм байхад хөдөөний нэг муу мэргэжлийн биш өвгөн мод, ногоо тарих тухай заана гэдэг хэрэг дээрээ тэнэг явдал байхгүй юу.
-Гэхдээ танд өөрийн гэсэн заах арга барил бий байх?
-Тэр нь ч тийм. Энэ талбай дээрээ мод тарих нүх ухаад хажуугаас нь суулгацаа ухаж аваад бууц бордоогоо хийж модоо суулгаад услаад дуусахад 30 минут л орохоор юм. Тиймээс хичээл заавал гайгүй заачихаж болмоор санагдаад байгаа. Телевизээр зааж байгааг харахад их хайнгадуу байдаг юм. Би голонгуй байдаг. Мод тарих гэдэг их нарийн ажил. Үндсүүдийг нь нэг бүрчлэн салгаж завсар завсраар нь бордоотой хөрсөө хийж, сайтар салбарлуулж тарихыг зааж өгвөл мод 100 хувь ургана.
Ботаникийн цэцэрлэгийн захирал хэлэхдээ, 50 настай нэг улиас 19 мянган долларын үнэтэй гэж байна лээ. Их чухал ярилцлага дээр тэгж хэлсэн, худлаа хэлээгүй байх. Тэгвэл тэр цэцэрлэгийн 1000 улиас 19 мянган доллар болох нь. Тэрийг устгаад оронд нь нэг тэрбумын үнэтэй байшин барих гээд байна шүү дээ. Гадаадад нэг модыг тойруулаад зам тавьж байна. Гэтэл манайхан нэг биш, 100 модыг ч хуу татаад байшин барьж байна. Тэр бол тэнэг явдал.
-Та говийн хэсэгхэн газрыг хангай шиг болгожээ. Дахиад хэчнээн газрыг ийм болгож чадах вэ?
-Би “Говийг хангай болгож болно” гэж хэнээтсэн байхгүй юу. Дэмий ч үг хэлчихэв үү дээ гэж бодож байгаа. Сайрхаж хэлээгүй юм шүү. Хүмүүсийг зүтгүүлэх л гэж тэр. Зарим хүн бидний хийснийг үзээд хэлдэг юм. “Хм, энэ мэтийн юмыг хэн ч хийнэ шүү дээ” гэж. Үнэн. Хэн ч хийж чадна. Харин харамсалтай нь хэн ч хийдэггүй л байхгүй юу. Хийвэл чадна. Хийдэггүйд л байгаа юм. Эхэлдэггүй. Манай залуус маргааш эхэлнэ, нөгөөдөр эхэлнэ л гээд байдаг. Юм хийе гэж байгаа бол одоо л эхлэх ёстой.
-Аав, ээжийнхээ талаар дурсахгүй юу. Тэд ямар хүмүүс байсан бэ?
-Аав, ээж малчин байсан. Аав маань лам байсан хүн. Сүүлдээ хар болоод анчин, малчин болоод нэгдлийн мал маллаж байгаад өөд болсон. Ээж маань саяхан 97-той өөд болсон. Ах нь таван жилийн өмнө 97–той ээжийн 67-той хүү явж үзлээ шүү дээ.