Н.МӨНХЖИН
Zara брэндийг эзэмшдэг Испанийн Inditex, Uniqlo брэндийн толгой компани Fast Retailing Group-ийн хооронд Хятадыг байлдан дагуулах тулаан ид өрнөж байна. Саяхан нэг хүүхэд бодлогоо цуцалсан, мөдхөн тэрбум 500 сая хүн амтай болох гэж байгаа Хятад улс бүх насны хүмүүст зориулсан хувцас үйлдвэрлэгч аварга том хоёр компанийн хувьд хамгийн ашигтай зах зээл юм. Тиймээс Амансио Ортега, түүний өрсөлдөгч япон тэрбумтан Тадаши Янай нар асар том зах зээлийн төлөө ширүүн өрсөлдөж байна. Uniqlo мөн Испанийг байлдан дагуулах санаатай байгаа нь Zara-гийн эзний сэтгэлийг түгшээхгүй байгаа аж.
Учир нь жинхэнэ тулаан Азид, тэр тусмаа Хятадад өрнөж байгаа ажээ. Бүгд найрамдах улсын эдийн засаг ирэх онд бага өсөлттэй гарахаар байгаа ч Олон улсын валютын сангаас гаргасан тооцоогоор, 2020 он хүртэл жил бүр 5.8-6.1 хувиар өсөхөөр байна. Ажилгүйдэл дөрвөн хувь орчимд тогтвортой байна гэжээ. Хамгийн чухал үзүүлэлт болох нэг хүнд ногдох орлого ирэх таван жилд долоон мянгаас 12 мянга 117 долларт хүрнэ хэмээн тооцоолов. Хятадын дундаж давхаргын өсөлт л дэлхийн томхон брэндүүдийн хорхойг хүргэж байна.
Энэхүү өсөлт, хөгжилтийг анаж байгаа Zara, Uniqlo бүс нутаг дахь өргөжилтийнхөө төлөвлөгөөг ид боловсруулаад завгүй байгаа аж. Inditex, Fast Retailing Group Хятадын зах зээлийг эзлэхээр зуузай холбон давхиж байна. Өнөөдрийн байдлаар Zara япон өрсөлдөгчөөсөө толгой илүү явж байна. Zara 2006 онд Шанхайд анхны дэлгүүрээ нээж байсан. Тэр цагаас хойш Хятад улс нь Испанийн тэрбумтны хөрөнгө оруулалтын гол гурван чиглэлийн нэг болжээ. Inditex групп Испанид 42 мянга, Орост есөн мянга 337 хүнийг ажлын байраар хангадаг. Үүний дараа найман мянга 584 иргэнийг нь ажилтай байлгаж байгаа Хятад улс орж байгаа аж. Zara-гийн Франц дахь дэлгүүрт долоон мянга 469, Итали, Герман, Португалд тус бүр таван мянган хүн ажилладаг.
Өнөөдөр Хятадын 63 хотын 500 гаруй лангуунд Inditex группын бүтээгдэхүүн байна. Хамгийн алдартай брэнд нь болох Zara-гийн дэлгүүр гэхэд л 165 байгаа аж. Мөн Inditex-ийн өөр брэндүүд болох Pull&Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho, Zara Home-ийн салбар дэлгүүр байна. Uniqlo брэндийг эзэмшдэг Японы Fast Retailing Group мөн л Шанхайд анх дэлгүүрээ нээж байжээ. Анхны дэлгүүрээ 2002 онд нээснээс хойш тогтвортой өргөжин тэлсээр өнөөдөр Хятад даяар 415 дэлгүүртэй болжээ. Тэд ойрын хугацаанд 91 шинэ салбараа нээхээр төлөвлөж байна. Uniqlo-гийн хамгийн том дэлгүүрээр Шанхай хотод байдаг ажээ. Zara, Uniqlo брэнд нь энгийн загвар, боломжийн үнээрээ бусдаас ялгардаг билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин