М.ЦЭЦЭГ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай болон Зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн зардалд эхний ээлжинд 6,6 тэрбум төгрөг шаардлагатай байгааг байнгын хорооны хуралд танилцуулав. Энэ зардлын тодорхой хувийг орон нутгийн төсвөөс гаргахаар хуульчилсан юм. Энэ дагуу 5,2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1,4 тэрбумыг орон нутгийн төсвөөс гаргахаар тогтоолын төсөлд тусгасныг байнгын хорооны гишүүд дэмжиж УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.
Тус байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох тухай байлаа. Үндэсний зөвлөлийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн зүгээс Д.Сосорбарам, Б.Цэнддоог, Засгийн газраас А.Мөнхбат, А.Арман нарын нэрийг дэвшүүлснийг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн. Харин УИХ-аас төрийн бус байгууллагын төлөөлөл болсон нийт 29 хүний нэрийг оруулж ирснээс хоёр нь Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон нэр дэвшигчтэй давхацсан байв. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо 27 нэр дэвшигчээс дөрвөн хүнийг сонголоо. Байнгын хороо Л.Пүрэвдорж, Д.Гоошоохүү, С.Мягмар, Ц.Батмөнхийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгохыг дэмжиж чуулганы хуралдаанд оруулахаар боллоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд ихэвчлэн найруулгын шинжтэй санал гарсныг байнгын хорооны гишүүд хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж чуулганы хуралдаанд оруулахаар боллоо.