Ж.ЦОГЗОЛМАА
Ерөнхийлөгч Мохамед Морсиг эсэргүүцэгчид Египетийн Кайр хотод жагсаал цуглаан хийж байна. Энэ бослого үргэлжлэх зуур тус улсад доод тал нь 34 хүн амиа алдлаа хэмээн Засгийн газрын төлөөлөгчид ВВС-д мэдэгджээ. Лалын ахан дүүс хөдөлгөөний мэдээлж буйгаар тэдгээр хүмүүс Ерөнхийлөгчийн хамгаалалтын хуарангийн дэргэд амиа алдсан байна. Гэвч “Террористууд хамгаалалтыг давахыг оролдсон” хэмээн армиас мэдээлж байгаа юм. Олон нийтийн чөлөөт сонгуулиар тодорсон Египетийн анхны Ерөнхийлөгч Морси өнгөрсөн долоо хоногт босогчид хүчээ авах үеэр зайлуулагджээ. Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн төрийн эргэлтийн дүнд олон арван хүн амиа алдсан билээ. Ноён Морси хотын нийслэл Наср хотын дүүрэгтээ эргэн ирнэ хэмээн итгэж буй юм.
Түүний дэмжигчид болоод Лалын ахан дүүс хөдөлгөөний олон гишүүн Ерөнхийлөгчийнх нь эрх мэдэл эргэн сэргэнэ хэмээн найдаж байна. Морсиг хөөн зайлуулахыг идэвхтэй дэмжсэн Салафист ноур намаас өчигдөр өглөө болсон хүчирхийллийн дараа Ерөнхий сайдыг сонгох тухай яриа хэлэлцээ хийх санал тавьсан юм. Энэ даваа гаригаас эхлэн Кайрийн өнөөгийн байдал нь үймээн самуунаар дүүрээд байна. Лалын ахан дүүс хөдөлгөөнөөс мэдээлж буйгаар армийнхан өчигдөр үүрийн 04.00 цагийн үед буюу мөргөлчид мөргөлөө хийх цагаар дайралтаа эхэлжээ. “Цэргүүд огт тааварлаагүй зэвсгээр зэвсэглэж, дайралт хийсэн” хэмээн босогчдын төлөөлөл болох Алаа эл-Хадиди ВВС-д ярьжээ. Харин Махмуд аль-Шилли “AFP news”-д ярихдаа цэргүүд нулимс асгаруулагч ашигласан бөгөөд гал нээхийн өмнө харахад зарим нь орон нутгийн иргэдийн өмсгөлтэй байсан хэмээжээ. “Алуурчид гаднаас орж ирсэн. Бид тэдний бай байсан” хэмээн тэрээр нэмж ярьжээ.
Өнгөрсөн жилийн түүхэн сонгуулиар парламентын суудлын бараг талыг эзэлсэн Лалын ахан дүүс хөдөлгөөний улс төрийн жигүүр болох Эрх чөлөө ба шударга ёс нам “Египетчүүд эрх чөлөө, сонголтынх нь эсрэг бий болсон өөрчлөлтийн төлөө тэмцэж байна” хэмээн мэдэгдээд байна. Ингэхдээ тэд “Олон улсын холбоо болоод олон улсын бүлэглэлүүд болон бусад бүх эрх чөлөөт хүмүүс энэхүү хядлагыг зогсоохын төлөө нэгдэх хэрэгтэй байна. Үгүй бол Египет шинэ Сири болон хувирч байна” хэмээн уриалж байна. Энэхүү мэдэгдлийг улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх үеэр армийнхан үүнийг эсэргүүцэж, босогчид хамгаалалтыг эвдэх гэсэн гэж тайлбарлаж байна. Учир нь амиа алдагсдын дунд армийн офицер байгаа бөгөөд олон зуун хүн гэмтэж бэртээд байгаа нь шүүмжлэлийн гол цэг болоод байна.
Энэхүү мэдэгдэлд дурдахдаа зэвсэглэсэн 200 хүн баривчлагдсан бөгөөд тэд бөмбөг биедээ авч явсан байна. Лалын ахан дүүсийн төвлөрч байсан гол цэг болох Рабаа аль-Адавия дахь эмнэлэгт амиа алдсан болоод гэмтэж бэртсэн олон хүнийг хүргэж буйг тус улсын хэвлэлийнхэн мэдээлж байна.
ВВС-ийн дамжуулж байгаагаар өнөөдөр Египет нь цуст талбар хийгээд дэлхий нийтийн анхаарлаа хандуулах ёстой халуун цэг болоод байна. “Төрийн эргэлтээр зайлуулагдсан Ноур намынхан шинэ Ерөнхий сайдыг тодруулж томилохыг хичээж байна” хэмээн ВВС-ийн сурвалжлагч Жим Муир тэмдэглэжээ. Тус намын төлөөлөгч Наддер Баккер “Манай нам энэхүү хядлагын талаарх аливаа сөргөлдөөн бүхнээс хол байхаар шийдсэн” хэмээн мэдэгдлээ. Харин Лалын шашинтнуудын нам шинэ сонгууль хийхээр төлөвлөөд байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Тэд Лалын ахан дүүс хөдөлгөөнөөс тусгаарлагдаад удаж байгаа юм. Тэдний тайлбарласнаар хоёр Ерөнхий сайдтай байх ба тэдгээр нь хөдөлгөөний төлөөлөл байх ёсгүй хэмээжээ.
Морси өнгөрсөн пүрэв гаригт Дээд шүүхийн тэргүүн Адли Мансурын шийдвэрээр албан тушаалаасаа буусан юм. Тэрээр удахгүй сонгууль болно хэмээн тааварлаж байна. Гэвч чухам хэзээ египетүүд дахин сонголт хийх нь тодорхойгүй үлдлээ. Армийн зүгээс цаашид хүч хэрэглэхгүй байхыг хүсч буйгаа илэрхийллээ.