Д.ГЭРЭЛ

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын нэр бүхий гишүүдийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр төсөл санаачлагчийн нэг Р.Гончигдорж гишүүн “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрч байна. Энэ бол түүний эрх мэдлийн асуудал. Зарим хүн Бөхийн холбооны санал аваагүй, бөхчүүдтэй зөвлөлдөөгүй гэж шүүмжилж байгаа. Харин ч хуулийн төсөл хэлэлцэх явцад тэдний санал, иргэдийн хүсэл шаардлагыг сонссон юм шүү. Хоёр удаа үзүүрлэвэл аварга цол олгох зэрэгт хориг тавьсныг нь хүлээж авч байна. Харин бусдад нь хориг тавих шаардлагагүй. Нийгмийн хүсэлт шаардлага ч байна” гэлээ. Хуралдаан даргалагч С.Баярцогт болон бусад гишүүн “Хориг тавьсан зарим зүйл заалтыг нь сэргээе гэж байгаа бол Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдэх асуудал” хэмээн тус байнгын хороонд шилжүүлсэн. Үргэлжлэн хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр ч эрхэм гишүүн энэ хуулиа сэргээхийг гишүүдээс хүссэн. Хариуд нь М.Энхболд “Бяр чадлаараа биш цаасаар цол авах гээд байна. Ийм хуулийн төсөлд хориг тавьсан нь маш зөв. Ер нь ямар тохиолдолд хуульд нэмэлт, өөрчлөлт шаардлагатай вэ гэхээр тухайн харилцааг зохицуулж чадахгүй байгаа үед хэрэгтэй байдаг юм. Одоогийн нөхцөлд энэ хууль хэрэгжээд болж байгаа учраас хоригийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн юм.
Ингээд дээрх хоёр байнгын хорооны хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авав.