- Зүүн аймгууд гүү барьдаггүй, гал уургаа хөхсөн унага өсөлт сайтай байдаг -

 

Ч.ЗОТОЛ

Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч, Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамцтай ярилцлаа.

-Тухайн жилийн онцлог, уралдах морьдын тоо, мөн аймгуудын  зунш­лагаас хурдан морины уралдаан ихээхэн хамаар­даг. Энэ жилийн өнгө ямар байна?

-Энэ жил газрын гарц оройтсон, зуншлага харилцан адилгүй, морь­дын уяа сойлго жигд бус байна. Зарим аймгийн  ойн баяр давхцаж байгаа уч­раас олон морь ирэхгүй  байж магадгүй.

Харин Сүхбаатар аймгийн уяачид бараг тэр чигээрээ шахам ирсэн  байна.  Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Булган, Төв аймгаас морь уралдана. Хэнтийн наад талаас мөн уяачид ирж байна. Гэхдээ энэ жилийн хурдан морины уралдаан өтгөн болохгүй шиг байна.

-Адууны ханиад гарсан гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр зохион байгуулалтад өөрчлөлт орох уу?

-Хүй долоон худагт адууны H4N8   гэсэн томуугийн вирус илэрсэн. Тиймээс уяачид нэг дор олноор цуглах дургүй байгаа, тэр нь ч зөв юм. Олонхи нь морьдоо ачиж уралдахаар ярьж байна. Урд орой нь дөхөж буугаад маргааш өглөө нь уралдуулна гэсэн үг. Энэ сарын 10-нд  шүдлэн, хязаалан, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага уралдана. Ингээд 12-ны 16 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхний таван байрт хурдалсан морьдыг цоллоно.

-Тэгэхээр   томуу өвчнөөр өвдсөн адууг уралдуулахгүй гэж ойлгож болох уу?

-Гадна талаас нь  харахад өвчний шинж илэрхий байгаа морьдыг уралдуулахгүй. Уяач нарт ч энэ талаар хэлж байгаа. Уяач өөрөө уралдуулна гэвэл уралдуулна биз. Осолдож эндсэн тохиолдолд тухайн уяач өөрөө хариуцлагаа хүлээнэ. 

-Нэгэнт томуу гарсан бол услахаас эхлээд асуудал үүснэ байх?

-Эрүүл адуутай нэг онгоцонд  усалж  болохгүй. Тиймээс уяач нар анхаарах хэрэгтэй.

-Морины нас, шүдлэлтээс болж уяачид янз бүрээр байр сууриа илэрхийлдэг. Хэрүүл, маргаан дэгдээдэг. Энд тэндээс гэрч дууддаг байдал гарахгүй гэх баталгаа байна уу?

-Бид энэ талаар эртнээс ярьсан, уяачиддаа захисан. Ойлгож байгаа байх гэж бодож байна. Нэгэнт мэргэжлийн хүмүүс, комисс  үзэж, шалгаад хасч байгаа тохиолдолд маргаж, мэтгэлцэх шаардлагагүй шүү дээ. Тэр хүмүүс ажлаа мэдэж байгаа. Манай уяачид ч төрийн наадмаа хүндэлж, дүрэм журмаа ягштал баримталж наадах хэрэгтэй.

-Наадмаас өмнө болсон  хэд хэдэн сунгаагаар хурдан морины уралдааны өнгө тодорхой болчихдог гэж морь сонирхогчид үздэг. Та энэ жилийн сунгаануудаас ямар ажиглалт хийв?

-Уяачид өөрсдөө зохион байгуулж хэд хэдэн сунгаа явуулсан. Дээгүүр давхисан морьд наадмын чимэг байх нь бий.

-Сунгаанд их төлөв залуу уяач, битүү морьд өнгөлж байна гэсэн тойм гарсан байсан?

-Наадам болгон адилгүй. Хурдан морины уралдаан ч мөн адил. Том уяачид сунгаанд оролцолгүй нууж байгаад  морьдоо гаргаж уралдуулахыг алийг тэр гэхэв. Тэр морь тэгж хурдлах болов уу гэсэн таамаг бол бий. Түүнийг одоо зарлаад яахав дээ, үзэгч түмэнтэйгээ харж л сууя. Газар газрын хурдан морьд тоосоо өргөж, тэр дотроос уяа сойлго нь таарсан ажнай хүлэг түрүүлж эзнээ баясгасан сайхан наадам болох байх гэж бодож байна.

-Гарааны төхөөрөм­жийн ард амжиж очих гэж хүүхдүүд уралддаг. Энэ байдлыг өөрчилсөн үү?

-Морины  гарааны төхөөрөмжийг уртасгаж нэмсэн. Өмнө нь 80  м-ийн өргөнтэй байсан бол энэ жил 160 болгосон. Хүүхдүүд гарааны төхөөрөмжийн  ард түрүүлж очиж байр эзлэх гэж цаашаа тарладаг  байдал гарахгүй байх. Уяачид ч тийшээ яарах хэрэггүй. Харин бүртгэлдээ цагаа баримталж хамрагдах хэрэгтэй.  Өнөөдөр 07-23 цаг хүртэл бүртгэнэ. Зарим уяач  өмнөөсөө хүүхэд явуулчихдаг, нөгөөх нь морины тамга тэмдэг, эзнийхээ овгийг мэдэхгүй “Манай ажаагийн морио” гэх жишээтэй. Өөрийнх нь нэрийг асуухаар Улаанаа л  гээд байдаг. Ингээд чирэгдэл учруулж боломгүй гэдгийг  энд  зориуд хэлье. Мөн даатгалын  2-3 компани ажиллаж байгаа. Тэнд хандаж даатгуулах учиртайг уяачиддаа анхааруулмаар байна. Энэ жил хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд холбогдох бай­гууллагынхан ихээхэн анхаарч асуудал тавьсан. Гарахад нь үзлэг шалгалтыг нарийн хийнэ. Хамгаалалтын хувцасны шаардлагыг ч өндөр тавьж байна.

-Уралдаж буй хүүхдүүд дэггүйтлээ гэж дуулддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хүүхдүүд гараа руу явах замдаа бие биеэ цулбуурдах, ташуурдах, зодолдох явдал гардаг. Нэг талаас нөгөө тал руу сүлжиж давхихаас гадна будлиан  хийх гэж үзэх нь бий. Болоогүй байхад гүүглэж морь  хөөрүүлнэ. Үүнийг анхаарах ёстой. Бид ярьж хэлдэг, уяачид ч хүүхдүүдээ захих хэрэгтэй. Энэ жил  гарааны зүг морь эргүүлэхээр том хүүхэд явуулахгүй. Нэгэнт л хүүхэд морио унаад явж байхад заавал нэг дагуул дагаж явах шаардлагагүй. Морь тавьдаг хүүхэд гэдэг жинхэнэ будлианы эзэн байдаг. Тиймээс морь унаж дадсан хүүхдээр унуулах хэрэгтэй. Морь хүүхэд хоёр дадаагүйгээс болж унаж байгаа юм. Мөн замаа мэдэхгүй байх явдал гардаг. Иймд уяачид анхаарч хүүхдүүддээ замыг нь сайн зааж өгөх учиртай.

- Хурдан морины стандартыг  маш нарийн баримтална гэсэн. Хавар Дүнжингарав-2013 уралдаанд нас, шүд болоод үүлдэрлэг байдлаар  хасагдсан морьдыг наадмаар мөн л хасах уу. Эсвэл...?

-Тэр  зарчмаа л баримтална. Уяачдад анхааруулахад тэр үед хасагдчихаад одоо нэг ороод үзье гэсэн байдлаар хандаж, тийм   тандалт хийж болохгүй.

-Адууны стандарт, өндрийн хэмжээ, нас шүд гээд жилийн жилд л маргаан гардаг. Эрлийз энэ тэр гээд маргаж мэтгэлцдэг. Ер нь энэ талд анхаарах, эргэж харах асуудал байна уу?

-Ер нь адууны чанар ихээхэн сайжирч байгаа шүү. Бидний тавьсан хэмжээнээс өндөр монгол адуу олширч байна. Уралдааны морьдын стандарт буюу жишиг хэмжээг бүсчилж   юм уу, ямар нэгэн байдлаар  шинэчилж тогтоомоор байна. Тэгэхгүй бол  уяачид, малчид адууныхаа чанарыг сайжруулахад анхаарч эрлийзжүүлгийн ажил их хийж байна. Нөгөөтэйгүүр, зүүн айм­гийнхан гүү барьдаггүй. Унаганы өсөлт сайтай, эхийнхээ гал уургийг хөхөж өсөлт  сайтай болчихсон, тэр хэмжээгээр уяачид  гайгүй гэснийгээ өвөл зунгүй тэжээж түүнийг дагаад улам өсч сайжирч байгаа тал бий. Үүнийг хаа хаанаа анхаарч бодолцох ёстой.

-Уяачиддаа болон морь сонирхогчид, наадамчин олондоо хандаж өөр юу анхааруулж хэлэх бол?

-Уяачиддаа хандаж хэлэхэд, хурдан  морины салбар хороодоос тавьсан шаардлагыг ягштал мөрдөж, цагаа нарийн баримталж, морьдоо сайхан уралдуулж, айраг түрүү олныг авах болтугай. Монгол түмэн минь сайхан наадаарай.