Ч.ГАНТУЛГА
Чингис хааны хөшөөг урласан уран бүтээлч Даши Намдаковд Ерөнхийлөгчийн зарлигаар 2015 оны Төрийн соёрхлыг хүртээлээ. Намдагийн Дашням 1967 онд Буриадад төрсөн. 1992 онд ОХУ-ын Красноярск хотын Урлагийн дээд сургууль төгсч, 1990-ээд онд төрөлх Улаан-Үд хотноо уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэрээр Азиас Европ, Европоос Америк хүртэл олон үзэсгэлэнд оролцож, тэргүүн болоод бусад шагналуудыг хүртэж байжээ. Түүнийг “Тайлбарлагдашгүй хүч агуулсан уран бүтээлч, дэлхийн хэмжээний уран барималч”, “Түүний уран бүтээлд хил хязгаар гэж үгүй, орон зай, цаг хугацааны хязгаар байхгүй” хэмээн урлаг судлаачид дүгнэсэн байдаг. Н.Дашнямын бүтээлүүд одоогоор дэлхийн 25 орны урлагийн музейд хадгалагдаж байна. Мөн ОХУ, Франц, Герман, Белги, Швейцарь, Финланд, Хятад зэрэг орны улс төр, бизнесийн алдартай хүмүүсийн хувийн цуглуулга, уран бүтээлийн санд байдаг аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин