Б.БАРС

Египет дахь төрийн эргэлт, АНУ-ын ТТГ-ын нууц мэдээллийг дэлхий даяар цацсан тус байгууллагын экс-ажилтан Э.Сноуденийг ОХУ-ын нийслэлийн “Шереметьево” нисэх буудлаас эрэн сурвалжилсан өнгөрсөн долоо хоног дэлхий дахинд ойрд тохиолдоогүй онгоцны сүйрлээр төгслөө. Сөүл хотоос АНУ-ын баруун эргийн Сан-Франциског чиглэн нисч байсан БНСУ-ын “Asiana Airlines” компанийн “Боинг 777” онгоц газардах үедээ осолдсон юм. Онгоц чухам юуны улмаас осолдсоныг хараахан тогтоогоогүй байна.

Хэдий тийм ч үүнд лалын хэт даврагчид, тэр дундаа нэр нөлөө нь эрс багассан өнөөх л “Аль-Кайда” байгууллагынхан буруугүй нь тодорхой гэх. Юу гэвэл, АНУ-ын Холбооны мөрдөх тов­чооны ажилтнууд сүйрлийг террорист халдлагаас илүүтэй тех­никийн ямар нэг до­голдлоос үүдэлтэй байж болох тухай мэдэгдсэн юм.

Онгоцны бүхээгт нийт­дээ 307 хүн байжээ. Тэдний 291 нь зорчигч, үлдсэн 16 нь экипажийн гишүүд байсан аж. Зор­чигчдын 141 нь манай урд их хөрш БНХАУ-ын, 77 нь БНСУ-ын, 61 нь АНУ-ын, нэг нь Японы иргэн байсан гэнэ. Ямартаа ч осолдсон он­гоцны бүхээгт манай орны иргэн байгаагүй ажээ.

Онгоцыг Сан-Францискогийн нисэх буудалд газардах үеэр хоёр хүн амь үрэгдэн 181 хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан тухай “Ройтерс” зэрэг дэлхийн мэдээллийн то­моохон агентлагууд мэ­дээлсэн билээ. Осол гарс­ны дараа Сан-Фран­цискогийн нисэх буу­длыг тодорхой бус хугацаагаар хаасан байна. Гэвч газардах үед гарсан түймрийг гал түймэртэй тэмцэх албаныхан унт­рааснаас хэдэн цагийн дараа дэндүү ачаалалтай ажилладаг тус нисэх бууд­лын хөөрч буух хоёр ч шугамыг нээжээ.

Энэхүү эмгэнэлт явдал гарсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сүйрлийн улмаас амь үрэгдэгсдийн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн юм. Энд дурдахад, тус нислэгээр “Самсунг” корпорацийн удирдагчдын нэг Дэвид Юн нисч байсан бөгөөд тэрээр золоор эсэн мэнд үлджээ. Түүнчлэн “Фэйсбүүк” компанийн захирлуудын нэг Шэрил Сэндберг энэ нислэгээр зорчих байсан ч сүү­лийн мөчид нислэгээ хойш­луулсан сураг байна.

Үүнээс өмнө 1983 онд БНСУ-ын “Кореан Эйр” компанийн Сөүлээс АНУ-ын Нью-Йоркийг зорьж байсан “Боинг 747” онгоцыг хуучин ЗХУ-ын сөнөөгч онгоц тус улсын хилийг зөрчсөн хэмээн довтолж устгасан гэдэг. Тэрхүү эмгэнэлт үйл явдлын улмаас 246 зор­чигч, экипажийн 23 ги­шүүн бүгд амь үрэгдсэн юм.

Харин Сан-Фран­цискогийн ослоор амь үрэгдсэн хоёр хүн БНХАУ-ын иргэн гэдэг нь тогтоогдоод байна.