Л.ХЭРЛЭН
Хүү минь, үр минь гэж барьж аваад үнсээд байхгүй атлаа сэтгэл дотроо огшиж хайрладаг, өнөөдөр зэмлэж байвч ирээдүйг нь аль эрт бодож амжсан байдаг эцэг хүн өрх гэрийн нугараагүй ноён нуруу, их хайрын эхлэл байдаг. Тиймдээ ч тэднийг “Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг, чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй” хэмээн үе үеийнхэн магтан дуулсан биз. Тийм сайхан эр хүн, сайхан аав бидний дунд олон атлаа бас ховорхон. Тэгвэл Увс аймгийнхан өдгөө 80 насны сүүдэр зооглож үр хүүхэд, ач зээгээ тойруулан наян насны найр, жаран насны жаргалаа эдэлж суугаа Жамбалын Чулуунбаатар гуайг Монголын сайхан аавуудын нэг хэмээн хүндэтгэдэг юм байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Танай нутгийнхан “Манай энд зургаан хүүхдээ ганцаараа өсгөсөн буянтай аав байдаг” гэхээр нь сураглаж байгаад ярилцлага авахаар зорьж ирлээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Өвгөн ахыг нь Жамбалын Чулуунбаатар гэдэг. Хар багаасаа төр, засагтаа зүтгэж Түргэн сумынхаа сүү, тосны заводоос эхлээд аймгийн хүнсний үйлдвэрт ажиллаж ирсэн. Одоо отгон хүүгийнхтэйгээ айл, аймгийн төвд амьдарч байна. Тэтгэвэртээ гарснаас хойш зүгээр суухгүй ТҮЦ ажиллуулж, бараагаа өөрөө зөөж нааш цааш явдаг байлаа. Сүүлийн үед хүүхдүүд маань нас өндөр болчихоод аав минь амар тайван сууж байгаач гэсээр гэртээ зүгээр суудаг болсон. Насаараа ажил хөдөлмөр эрхэлж ирсэн хүнд жаахан тиймхэн санагдах юм байна шүү /инээв/.
-Энэ хүртэл явж ирсэн амьдралынхаа түүхээс хуучилбал залууст сургамжтай, бас цөхөрч яваа нэгэнд ухаарал өгөх болов уу?
-Аав маань өөд болсны дараахан жилийн дараа ээж бурхан болж би гэртээ ганцаараа үлдсэн тул хүргэн ах Дэлэг, өөрийн эгч Үржин нартайгаа хамт амьдарч байгаад ажил, амьдралын замд хүрсэн юм. Манай суманд сүү машинддаг сүү, тосны тасаг гэж байлаа. Тасгийн эрхлэгчээр 1953 он хүртэл ажиллаад, мастер болж сургуульд явсан. Сургуулиа төгсөөд Давст сумын сүү, тосны заводод хуваарилагдсан. Тэнд ажиллах хугацаандаа сүү, тосны төлөвлөгөөг дөрвөн жил тасралтгүй давуулан биелүүлж байлаа. Тэр үед сүү, тосыг чанарын нэгдүгээр зэрэгтэй хүлээлгэж өгөх нь чухал зорилт байсныг бид 100 хувь биелүүлж байсан. Дараа нь 1958 онд Хүнсний үйлдвэрийн даргын тушаалаар олон жил сүү, тосны төлөвлөгөөг тасалдуулдаг байсан Түргэн сумын заводын мастераар томилогдон ажилласан. Тэнд очсон жилээ заводоо аймгийн хэмжээнд нэгдүгээр байрт ортол хичээж ажилласан. Эндээс миний ажил, хөдөлмөрийн гараа их сайхан эхэлсэн гэж боддог. Миний амьдралд хүнд бэрх он жилүүд тохиож байсан ч, ажил хөдөлмөрийн талбарт шантармаар үе цөөнгүй байсан ч би гутарч, ядарч, цуцаж яваагүй. Хувь тавиланг санаагаараа зохиож болох биш, ямар ч хүн өөрт юу ч тохиолдсон туулаад гарах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Би тийм бодлоор өнөөдөр наян настай золгож байна.
-Таныг зүгээр суудаггүй, хөдөлмөрч хүн гэж ярьж байна лээ, танай нутгийнхан?
-Чадна гээд тэр ажлыг гардаж авсан бол чадах л ёстой шүү дээ. Дан өөрийн хүч хөдөлмөрийг шавхах биш яавал хурдан шуурхай, хөнгөн болгох вэ, сайн бүтээгдэхүүн яаж хийх вэ гэж оюун санаагаа уралдуулах учиртай. Тэр үе одоотой адилгүй. Бүх юм гар ажиллагаатай, хөлс хүч шавхсан хэцүү он жилүүд байсан. Сүү, тосоо боловсруулахдаа гал түлнэ. Хоёр нарны хооронд ажиллана шүү дээ. Тиймээс аймгийнхаа хүнсний үйлдвэрт байцаагчаар ажиллаж байхдаа тосыг гараар цохиж гаргадаг байсныг хөнгөвчилж АБ-4 цахилгаан мотороор цохьдог болгосноор хүн, хүч хэмнэж, экспортонд нийлүүлэх тосны чанарыг дээшлүүлж эдийн засгийн хэмнэлт гаргаж байлаа. Харин 1963 онд аймгийн намын хорооны тогтоолоор Хүнсний үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллахдаа аймагтаа анх удаа ЗХУ-ын туршлагаар нягтлан бодох бүртгэлийн журнал ордерийн системийг нэвтрүүлсэн. Ингээд бүртгэл санхүүгийн улсын анх анхдугаар зөвлөгөөнд миний бие төлөөлөгчөөр шалгарч оролцсон юм. Энэхүү зөвлөгөөний мөн чанар нь улсын хэмжээнд арвилан хэмнэлтийн хөрөнгөөр тухайн үедээ зохион байгуулагдсан түүхтэй.
Манай хамт олон аймгийнхаа санхүү, бүртгэлийн ажилтнууд дундаас анхны Социалист хөдөлмөрийн төлөө бригад болж байлаа. Бүх зүйл цахимжсан одоогийнхтой адилгүй ядаж тооны машин байсан биш модон сампингаа чирж санхүү, бүртгэлийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаад сүүлд туслах нягтлан бодогч болсон, 1998 онд тэтгэвэртээ гарсан.

-Увс аймгийн хүнсний үйлдвэр гэхээр одоогийн “Увс-Хүнс” компанид хүчин зүтгэж явсан гэсэн үг үү?
-Тийм. Үйлдвэр байгуулагдаад найман жил болж байхад нь орж ажилласан. Тасралтгүй 48 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Хүний идэж, ууж байгаа хоол хүнсийг бэлдэнэ гэдэг буянтай бас хариуцлагатай ажил гэж бодож ажиллаж явлаа, миний үеийнхэн.
-Тэр үед хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа хошуучилсан тэргүүний залуучуудыг намд элсүүлдэг байсан гэсэн. Тухайн үеийн намын үзэл суртал, гишүүдийн зорилго юунд чиглэж байсан нь сонин байна?
-Тухайн үеийн МАХН-ын гишүүн болж, орон тооны бус намын үүрийн даргаар 25 жил ажилласан. Аймгийн намын шалган байцаах комиссын гишүүнээр сонгогдон нам, төрийн үзэл суртал-хүмүүжлийн ажлын зохион байгуулагчаар ажиллаж байлаа. Мөн тэр үеийн залуусын нэг онцлог нь бүх ажлыг хамтын хүчээр хийнэ. Алдаж эндсэн нэгийгээ засч залруулж авахад ч нийтийн хүчээр ажиллана. Болохгүй нэгийг нь хурлаар оруулахаас эхлээд хүн рүү, гэр бүл рүү чиглэсэн ажлыг их хийдэг. Түүнийгээ социализмын хөдөлгөөн, төлөө бригад гэж нэрлэдэг байсан. Бидний гол зорилго нийгэм, хамт олны эрх ашгийг хувийнхаас дээгүүр тавьж, нийгмийн идэвх санаачилгатай ажиллахад чиглэж байсан. Намын үүрийн дарга нар гишүүдийнхээ манлайллыг сайжруулахад анхаарч, шаардлага тавьж ажилладаг, гишүүд нь ч хичээдэг байлаа.
-Та ханьтайгаа хаана гэр бүл болж, гал голомтоо асааж байв?
-Миний хань, хүүхдүүдийн маань ээж Намдагийн Жавзансүрэн гэж түшигтэй, халамжтай сайхан хүн байлаа. Би 1957 онд Давст сумын сүү, тосны заводод томилогдон ажиллахдаа ханьтайгаа танилцаж гэр бүл болсон. Хань минь надад дөрвөн сайхан хүү, хоёр охин төрүүлж өгсөн. Хүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг. Хань минь үр хүүхдээ өсөхийг үзэж, ид жаргах сайхан насандаа зуурдаар насан өөд болж би зургаан хүүхэдтэйгээ үлдсэн. Хүүхдүүдээ хөтлөөд амьдралын бартаат замыг туулахаас аргагүй. Хамгийн бага нь дөнгөж хоёр ойтой үлдсэн болохоор гэрт орж эм, гадаа гарч эр болж өрх гэрийнхээ ачааг үүрч явах хүндхэн тохиол надад ингэж ирсэн. Дүү нараа өсгөх, сургууль соёлын мөр хөөлгөж амьдралын замд хөл тавиулахад том хүү Цэрэнчимэд маань их тус болсон доо. Том хүү маань дээд сургууль төгссөн юм. Өнөөдөр хоёр ойтой үлдсэн отгон хүү маань 42 хүрч байна.
-Хүүхдүүдийнхээ хувцсыг өөрөө оёж байсан гэж сонссон?
-Гутал хувцасных нь хагархай, цоорхойг оёход маруухан байсан болохоор их төлөв бэлэн хувцас авч өгдөг байлаа. Нийтийн аж ахуйн үйлчилгээний оёдлын цех, гутлын тасаг гэж байхад эрээн даавуун цамц, даашинз, цагаан ултай гутал хямдхан байж. Нягтлан бодох бүртгэл, санхүү тайлангийн ажлаар жилдээ 2-3 удаа хотод орж ирээд буцдаг байсан. Тэгэхдээ хүүхдүүдийнхээ хувцсыг базаагаад буцдаг байв. Ер нь хүүхдүүдээ мөр бүтэн, гэдэс цатгалан явуулахыг урьтал болгодог байсан даа.
-Хөвгүүд сахилгагүйтэж, хичээлээ тасалж таны чихийг халууцуулж байсан уу?
-Хүүхдүүдээ их төлөв цэцэрлэгээр явуулсан. Манай хүүхдүүд дэгтэй өссөн, намайг зовоож байгаагүй. Харин манай гэрээс цэцэрлэг хүрэх замд засмал замтай учир өвөл модон чарган дээр байрлуулсан модон хайрцганд хүүхдүүдээ суулгаад үстэй дээлээр хучаад явдаг байв. Ингэж явахад замын хашлага их саад болдог. Учир нь заавал чаргаа хашлагыг давуулах хэрэг гардаг. Түүнээс өөр хүнд хэцүү зүйл гарч байгаагүй.
-Хүүхдүүдээ ямар мэргэжил эзэмшүүлэв?
-Мэргэжил эзэмшихээс илүү хүн болгох сон гэж их хичээсэн. Дөрвөн хүүгээ дөрвүүлэнг цэрэгт алба хаалгасан. Хөвгүүдээ цэрэгт байхад нь бүгдийг нь эргэж очсон.
-Та тэдэнд юуг чухалчилж захиж сургаж ирэв?
-Багаас нь ажил хийж сурахад нь, биеэ эрүүл авч явж, хатуужилтай байхад нь анхаарч ирсэн. Юу ч болж байсан нэг их үглээд байдаггүй. Биеийг нь даалгаж, өөрөөр нь ухааруулж, танин мэдүүлж, аливааг харьцуулж ойлгодог болоход нь чиглүүлсэн. Аминдаа бие даалгаж сургасан ухаантай. Ханиасаа хойш зургаан балчир үрээ хараад хоцроход ах дүүс, хамаатан садан, найз нөхөд маань сэтгэл харамгүй тусалж дэмжиж байсныг энд хэлэхгүй бол бас болохгүй.
-Та түрүүнд яаж ч зовж, ядарч явсан шантрах үе надад байгаагүй гэж ярьсан. Тийм үед юу бодож өөрийгөө тайвшруулж, хатуужуулдаг байсан юм бэ?
-Нэгэнт л дайрсан зовлонг давж гарах ёстой гэсэн ойлголттой байсан. Бас эгч нар маань надад их тус болсон. Хүүхдүүдийг минь өсгөхөд эхийн сэтгэлээр хандаж байсан улс бол тэд. Намайг ажилтай байхад бага хүүхдүүд маань галаа ч түлж мэдэхгүй амьтад гэртээ хоёулхнаа үлддэг байлаа. Тэр үед эгч нар минь эргэж тойрч байсан. Надад “Амьдралд хал үзэж, халуун чулуу долоохыг алийг тэр гэх вэ. Үр хүүхдээ сайхан өсгөж хүмүүжүүл. Ажил, амьдралын замыг нь зөв сайхан эхлүүлэхэд анхаар” гэж захидаг байлаа. Амьдралд тэгтлээ нугарч сөхрөөгүй ч халуун дулаан сэтгэлийн үг дутах үе хэнд ч тохиолддог. Тийм үед тэд маань л намайг түшдэг байсан. Тэгээд ч дэгж дэрвэн өсч байгаа үрсээ хараад сайн явах юм шүү, эднийгээ сайхан өсгөх юм шүү, аливаа зүйлээр дутааж зовоохгүй юм шүү гэсэн бодол төрдөг юм билээ.
-Танайх одоо зургаан хүүхэд, ач, зээ, ачинцар, зээнцэр гээд өнөр болсон уу?
-Ач зээ, ачинцар, зээнцэр нийлээд 17 болсон.
-Танай хүүхдүүд болон ач зээ нар өвөөгийнхөө наян насны найрыг хийнэ гээд хөл болж байгаа гэж ярьж байна. Танд юу бодогдож байна?
-Наадам дөхөж байна, хүүхдүүд маань найр хийнэ гээд хөл болж байгаа дуулдана. Би юу хэлэх вэ, хүүхдүүддээ баярлаж сууна. Өчүүхэн жаахан байхаасаа өнөө хүртэл миний хүүхдүүд намайг баярлуулсан нь олон болохоос нэг ч зовоож яваагүй. Сэтгэл амар жаргаж л явна, өвөө нь.
-Залуучууд, хойч үеийнхэндээ хандаж та юу хэлэх бол?
-Багаасаа сурч мэдэх хэрэгтэй. Залуу насандаа сурч мэдэж, ажлын дадлага олж авах, хамт олны дотор төлөвшихөд анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал бүх зүйл аяндаа бий болно. Энэ үгийг өвөө нь үр хүүхэддээ захисаар ирсэн, одоо ч ач зээдээ хэлдэг юм. “Зууны мэдээ” сонины уншигчид, хойч үеийнхэн та нар ч гэсэн ажил амьдралдаа хэрэгжүүлж яваарай гэж захья. Өөр нэг зүйл бол хатаагдсан болд шиг болсон үг сургаал нь шижир алтаар хэмжигдэх ахмад үеийнхнээ төр, нийгэм нь ч гэсэн сонсч, санал зөвлөгөөг нь авдаг байх учиртай. Эцэст нь тэмдэглэхэд, сониныхоо хүндтэй хойморт урьж ярилцсан танай хамт олонд ажлын амжилт хүсье. Та бүхэн сайхан наадаарай.