М.ЦЭЦЭГ
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.
Л.Энх-Амгалан болон намын нэр бүхий 11 гишүүн уг хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьсан юм. Байнгын хороо өнгөрсөн сарын 28-ны өдөр төслийн анхны хэлэлцүүлэг хийх үеэр гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Дашдорж, Л.Болд нар түймрийн аюултай үед иргэн, хуулийн этгээдээс хориглох үйлдлийг тусгасан хэдий ч хүлээлгэх хариуцлагыг орхигдуулсан, захиргааны ямар хэлбэрийн хариуцлага оногдуулахыг тодорхой болгох, түүнчлэн ойн тооллого, ойн зохион байгуулалттай холбоотой нэр томъёог жигдлэх, гишүүн А.Бакей, Г.Баярсайхан нар өөрийн хөрөнгөөр ойн түймэр, хөнөөлт шавьжтай тэмцсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшууллын асуудлыг бие даасан шинэ хэсэг болгон найруулах санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ. Мөн гишүүн Л.Энх-Амгалан түлшний модны эрхийн бичгийг сумын эрх бүхий албан тушаалтан олгодог хүнд суртлыг арилгах үүднээс байгаль хамгаалагчид энэ эрхийг олгох нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт хаврын чуулган завсарлахаас өмнө батлахаар төлөвлөжээ.